Нэг баримт нэг сугалааны эрх гэсэн зарчмаар сугалааг зохион байгуулна. НӨАТ-ын хууль жигдрээд ирэхээр сард бүр нэг удаа хонжворт сугалааг зохион байгуулна. Энэ жилийн анхны тохирлыг нэгдүгээр сарын 17-нд МҮОНРТ-ийн шууд эфирээр цацна” гэв. Харин МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав “НӨАТ-ын хуулиар нэг жилд 430 сая гүйлгээ хийнэ гэж тооцож байгаа. www.ebarimt.mn сайтыг өргөтгөх шаардлагатай байгаа учир өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хоёр тэрбум төгрөг нөөц сангаас гаргахаар шийдсэн. Үүний эхний 300 сая төгрөгөөр ачааллыг даах хэмжээний техникийн нөхцөл бий болгоно. Мөн албан байгууллагын нягтлан бодогчид НӨАТ-ын хуулийг бүтнээр нь уншиж судлаад, зөв ойлголттой болохыг хүсэж байна” гэсэн бол “НӨАТ-ын урамшууллын систем” төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга “Иргэдийн гар дээр өнөөдрийн байдлаар 1.5 сая код бүхий баримт очоод байна. Тус баримтыг энэ сарын 17-нд болох сугалааны тохирлын үеэр тааруулаарай гэж иргэдэд зөвлөмөөр байна. Нэг зүйлийг сануулж хэлэхэд иргэд өөрсдийн гар байгаа баримтаа заавал өнөөдөр ч гэдэг юм уу маргааш ч гэдэг юм уу www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх шаардлагагүй. Сугалааны тохирол явснаас хойш гурван сарын хугацаанд баримтаа нөхөж оруулж болно. Харин хоёр хувийн буцаалт авахын тулд зайлшгүй www.ebarimt.mn сайтад нэг жилийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай” гэсэн юм.
Тэгвэл сугалааг тааруулахдаа найман оронтой тооны сүүлчийн дугаараас эхлэн тааруулах бөгөөд найман тоо бүгдээрээ таарсан нэг хүн супер азтанаар шалгарах юм байна. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр 100 сая төгрөгийн азтан тодрох гэнэ. Хэрэв супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өсөх зарчмаар явах юм байна. Энэ мэтчилэн жилийн хугацаанд 18 удаа сугалаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Ямар нэгэн супер азтан тодроогүй бол 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодрох боломжтой гэсэн үг.
Тиймээс эхний сугалаа дээр хожоогүй байна гээд баримтаа хаяж болохгүйг албаныхан сануулав. Харин www.ebarimt.mn албан ёсны сайтад өдөрт 100 мянган хүн хандаж байгаа аж. Энэ нь Монгол Улсын ачаалал ихтэй сайтуудын тоонд орж байгаа бөгөөд системийн ачаалал нь кассын машингүй газрууд www.ebarimt.mn сайтаар дамжуулж баримт хэвлэх зорилгоор идэвхтэй ороод байгаа учраас тооцоологдоогүй ачаалал ирээд байгаа юм байна. Кассын машин нийлүүлж байгаа компаниуд нийлүүлэлтийн ачааллаа дийлэхгүй байгаа учраас сайт ачаалалтай байгаа гэж тайлбарлалаа. Одоогоор системийн өргөтгөл хийж байгаа болохоор энэхүү ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, сугалааны тохирлоос өмнө бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.
4 Comments