Хэн түрүүлж донгодсон нь хамаагүй, үүр цайж байх нь чухал…
Ардчилсан нам нэг сая төгрөгийн хувьцаа амлачихсан. Сонгогчид түүнийх нь төлөө хэнийг ч хамаагүй дугуйлахад бэлэн тийм сэтгэл зүйтэй болчихсон мөч. МАХН ер нь л хүнд цохилтонд орчихсон. Бүх хүчээ шавхаад сарвалзаж байгаад нэг мөсөн нам цохиулж гудамжинд гарах уу эсвэл өрсөлдөгчөөсөө илүү үнэмшилтэй, илүү ихийг амлах уу гэсэн сонголт МАХН-д тулгарав. Зарим нэр дэвшигчид нь алиагаа алдаж, амиа хорлохоос наагуур болсон цаг.
Чухамхүү энэ л үед тухайн жилийн шилдэг продюсер болох санаагаа МАХН-ын дарга С.Баяр бодож олов. Сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн тэр өдрүүдэд С.Баяр 1,5 сая төгрөг тараах тухай яриаг гэнэт гаргалаа. Ингэхдээ нэг сая төгрөгийн хувьцаа тараах боломжгүй гэсэн өмнөх үгүйсгэлээ өөрчлөөд “Хэн донгодсон нь хамаагүй, үүр цайж байх нь чухал” гэдэг афоризмыг өөрийн болгон дэвшүүлэв. Төлөвлөсөн ёсоор энэ афоримз хуурай өвсөнд хаясан тамхины цог шиг дүрэлзэв. Асар богинохон хугацаанд С.Баярын үг сонгогчдод “батламж” нэртэй ил захидал болон тараагдсан. Ингээд “хит” болов оо. Гэхдээ тэрхүү амлалт бас л асуудал дагуулав. Үүнийг өөрсдөөс нь илүү гарсанд уурссан Ардчилсан намынхан илүүтэй дэлгэсэн юм. Тухайн үеийн СЕХ-ны дарга Б.Баттулга ч “МАХН-ын СЕХ-д өгсөн мөрийн хөтөлбөрт 1,5 сая төгрөгийн тухай байгаагүй” гэж тайлбарлав.
Аргаа барсан Б.Баттулга сонгууль болохоос гуравхан хоногийн өмнө,
-Эх орны хишиг нэртэй 1,5 сая төгрөгийн хууль бус сурталчилгаа, хүч хэрэглэсэн балмад явдал гээд ч тусыг олоогүй билээ. Харин С.Баяр энэхүү амлалтаа арван жилийн өмнө Kувейтэд явж байхдаа бодож олон боловсруулсан зүйл мэтээр тайлбарласан. Тэр ч бүү хэл,
-Өнөөдөр ерөнхийдөө боломж бололцоо нь бүрдчихсэн байгаа юм хэмээн тайлбарлаж ядуу иргэдийнхээ баяжих мөрөөдлийг улам бүр сэдрээв. Энд сонгууль будилаантсан тухай ярихгүй. Ямартай ч МАХН /өнөөгийн МАН/ олонх болсон. Тиймээс бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд 1,5 сая төгрөгөө гүйцэт өгч амлалтаа биелүүлэх үү. Эсвэл хууран мэхлэлтээ зарлах уу гэдгээ шийдэх ёстой.
Боломжгүй зүйлээ бодит бололцоо гэж харж байсан С.Баяр намын даргаа өгсөн. Гэхдээ өөрийнх нь хэлснээр хэн донгодсон нь хамаагүй, үүр цайх нь чухал. Намын дарга хэн байхаас үл хамаараад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь тэдний үүрэг төдийгүй хариуцлага. Тиймээс өгөх л ёстой. Эс бөгөөс ирэх сонгуулиар иргэд тэднийг туг бариулахгүй тугал хариулуулахаа мэднэ.
Гэхдээ С.Баярын хувьд эртнээс амласан амлалтаа үгүйсгэсээр ирсэн нь нэгэнтээ ил явдал. Сонгууль болсон жилийнхээ арваннэгдүгээр сарын 6-нд “1,5 сая төгрөгийг бэлнээр олгохгүй, олговол эдийн засаг элгээрээ хэвтэнэ” гээд гэгээрснийг нь санаж буй биз. Ганцхан тодорхой зүйл гэвэл С.Баяр эх орны хишгээс иргэддээ мөнгө олгоно гэснээс бус хувьцаа олгоно гээгүй билээ.
Харин өнөөгийн Ерөнхий сайд С.Батболд нэг сая төгрөгийн хувьцаа эсвэл мөнгө хоёрын алийг нь авах нь иргэдийн өөрсдийнх нь сонголт ч гэх шиг утгагүй юм яриад байгаа. Иргэд аль алийг нь авна гээд МАХН-д 44 суудал өгч, Ардчилсан намд 28 суудал өгсөнийг сануулчихад гэмгүй байх. Үүнээс жилийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж, нөхөн сонгуульд Д.Зоригт ялалт байгуулснаар МАХН 45 суудалтай болсон. Одоо харин МАН-ын амлалт биелэх боломжгүй боллоо. Үүнийг 2012 оны төсвийг хэлэлцэх үеэр хангалттай ярьсан. Хэрэвзээ 1,5 саяын үлдэгдэл болох нэг сая төгрөгийг төсвөөс өгвөл эдийн засгийн хувьд боломжгүй төдийгүй инфляци дээд цэгтээ хүрнэ гэсэн болгоомжлол бий. Амласнаа бодоод энэ мөнгийг тараавал энэ улс сүйрнэ гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Өөрсдөө ч хэлж байгаа. Тиймээс МАН-ын 1,5 сая төгрөгийн амлалтыг нь нэг удаа олгосон 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөгийг зургадугаар сар хүртэл олгохоор нь тооцвол 500 мянган төгрөг буюу ердөө амласан мөнгөнийхөө 1/3-ийг л өгнө гэсэн үг. Тэгэхээр зөвхөн энэ амлалт нь л гэхэд 30 хувьтай биелнэ гэж ойлгож болох нь.
Тэгвэл тэдний өрсөлдөгчид хэзээний амлалтаа биелүүлчихэж. Хийх ёстойгоо хийчихсэн. Засгийн газраас гарлаа гэж даналзаж байна. Үнэхээр тэдний амлаад байсан хувьцаа нь иргэдийн дандсанд орсон гэдгийг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн баталж буй. Шалгаад үзээрэй. “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж байна” гээд гараад ирнэ.
Гэхдээ хувьцааг чинь зальдах гээд байгааг санаарай. Хувьцаагаа ав эсвэл хувьцааныхаа оронд сая төгрөг ав гээд толгой эргүүлээд байгаа биз. Ямартай ч Ардчилсан намынхан хувьцаагаа өгөхөөр болсон байна. Харин МАН-д хувьцаа огт падлийгүй шүү. Анхнаасаа бэлэн мөнгө өгнө гэсэн. Түүнийгээ л өг. Түүнээс Ардчилсан намын хувьцааг чинь сая төгрөгөөр худалдаж аваад нийтдээ 1,5 сая төгрөг өгнө гэж хэлээгүйгээ бодоорой. Хүний юмаар хүүдэгнээд хэрэггүй.
Хувьцаа нь албан ёсоор хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхээр бид хувьцаагаа албан ёсоор эзэмшинэ. Одоо харин МАН-чуудад “Мөнгө хэрэгтэй байна аа. Амласан мөнгөө өгөхгүй бол горьгүй нь” гэмээр санагдчихлаа.
2008 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаярын хэлж байсанчлан “МАХН/өнөөгийн МАН/ 1,5 сая төгрөгийн батламжаа”, бүхэл бүтэн намынхаа нэрээр баталгаа болгож өгсөн”. Одоо батламжаа бариад баталгаатай намын нөхдүүдийг шамдуулдаг цаг. Манайд л гэхэд таван батламж бий. Тухайн үед түүнийг 7,5 сая төгрөгийн баталгаа болгож өгсөн юмдаг. Эмээ, өвөө нарын авдрын мухарт ч бий л байх. Хэд хэдэн саяын батлахаа хоёр гуравхан хулганы хоол болгочихоогүй бол шүү дээ. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болно оо гэж энэ. Амлалтаа биелүүлэхэд нь нэг улирал л үлдлээ дээ. С.Баярт эргэн сануулахад таатай байна. Өөрийн чинь хэлсэн юутай үнэн үг вэ?
Хэн донгодсон нь хамаагүй, үүр цайж байх нь чухлаа гэж…
Л.Нарантөгс
Холбоотой мэдээ
Comments are closed.