Монголчууд эрт дээр үеэс эхлэн долоон бурхан одонд сүслэн залбирч сүү8 цайныхаа дээжийг өргөсөөр ирсэн. Өдгөө ч гэсэн Долоон бурхан одыг “Шанага долоон од” хэмээн нэрлэж залбирдаг. Харин Долоон бурхан одонд хүслээ буруу илэрхийлж болдоггүй ажээ. Үүнтэй холбогдох нэгэн домгийг та бүхэнд хүргэе.
Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд дуудагдан аян дайнд явснаас хойш он цаг улиран их уджээ. Эмгэн нас нь өндөр болох тусам хүүгээ маш их санагалзан гансрах болжээ. Ханан гэрээс явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг ганц удаа харах юм сан гэж бодох болж энэ хүслээ орой болгон Долоон бурханд даатган залбирчээ. Удалгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсныг дуулаад эмгэн хөл газар хүрэхгүй баярлан өдөр бүр шинэ цайгаа чанан хүлээж суудаг болжээ. Хэд хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг харсан боловч хүүгийнх нь дайнд амиа алдсан цогцос нь хүргэгдэн ирж гэнэ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг биелүүлж, эмгэнийг амьдад нь хүүг нь харуулжээ. Эмгэн хүсэхдээ “Намайг л үхэхээс өмнө хүүг минь харуулаач” гэсэн болохоос бус “Хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй” гэж хүсээгүй буюу өөрөөр хэлбэл, хүслээ буруу илэрхийлсэн байжээ. Долоон бурханд хэзээ ч зөвхөн өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ. Учир нь Долоон бурханы буулт нь нэг хүнд хүндэддэг учраас бусдын сайн сайхны төлөө л залбирч байх ёстой ажээ.
Долоон бурхан одноос аливаа зүйлийг хүсэхдээ “Өөрийн болон өрөөл бусдын өвчин зовлон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн айлдаж долоон удаа мэхийж хүндэлдэг заншилтай аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.