Өнөөдөр инфляци буурсан. Тиймээс жилийн найман хувийн хүүтэй олгогдож ирсэн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн” хэмээж байсан. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүү буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй. Учир нь ам.метр нь 1.350 сая төгрөгийн үнэтэй 60 ам.метр байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого нэг сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангаж буй аж.
Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа юм. Мөн УИХ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч нар урьдчилгаа төлбөрийг бууруулах нь төдийлөн зөв сонголт биш. Харин зээлийн хүүг бууруулах нь иргэдэд үзүүлж буй бодит дэмжлэг гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэтэл яагаад Монгол Улсын сайд М.Энхсайхан ийнхүү хэлэх болов гэдэг нь хачирхалтай. Яг үнэндээ 2012 оноос хойш бага, дунд орлоготой иргэдийг байртай болгохоор найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Монгол Улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд 47 мянган өрх найман хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орж, сарын 471 мянган төгрөгийг дунджаар зээлэнд төлсөн гэх албан ёсны судалгаа байдаг. Үндсэндээ бол зах зээлийнхээ зарчмаар явж байсан найман хувийн зээлийг эрх баригчид албаар зогсоочихоод сонгууль дөхөөд ирэхээр орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгон гэж ард иргэдээ хошгирууллаа гэж хэлэх хүн захаасаа олон байна. Иргэдийн ингэж хэлэх нь ч аргагүй. Учир нь МАН-ыг засаг барьж байх үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох сургаар олон хүн орох орон, оочих аягагүй болж хохирч үлдэж байсан түүхтэй. Энэ бүх үйл явдал нь 2012 оны УИХ-ын сонгуулийг угтсан башир аргын нэг сурталчилгааны хэлбэр байсан юм. Тиймээс л Монгол Улсын сайд нь Засгийн газарт ямар ч мөнгө байхгүй, Монгол банк дахин мөнгө хэвлэх боломжгүй гэж хэлсэн нь бараг л үнэний ортой байж мэдэхээр байгаа юм. Иргэд өнгөрсөн хугацаанд найман хувийн зээлд хамрагдах гэж хэрдээ чардайж олон ч удаа банкны хаалган дээрээс буцаж байсан. Учир нь банк эрсдэл хүлээхгүйн тулд иргэдээс элдэв янзын бичиг баримт шаардаж арын хаалгатай нь ав, авч чадахгүй нь хохино хэмээн загнаж байсан нь бодит үнэн. Түүнчлэн Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар зээлийн хүүг дөрвөн хувь болгохоос нааш барилгын салбарт ахиц гарахгүй хэмээн нэгэн хэвлэлд тодорхой хэлсэн байна билээ. Тэрбээр “Зүгээр л зах зээлийн нөхцөл байдлаас урган гарч ирсэн шаардлага шүү дээ. Өнгөрсөн жил ч гэсэн энэ боломжийг ашиглаж болох л байсан. Одоо байгаа нөөц бололцоогоор дөрвөн хувьд хүргэх ч боломжтой. Гэтэл улстөржилт гээч нэг зүйл байна. Одоо 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцанд орохоор хүлээж байгаа олон мянган иргэн байна. Гэтэл үүнийг улстөржүүлж, хувь улстөрч автор нь болох гэсэн хийрхэл давамгайлж байгааг бид мэднэ.
Энэ бүхний цаана иргэд, барилгын салбар хоёрын дунд тодорхойгүй хүлээлт үүссэн нь бодит байдал шүү дээ. Бүр нарийн яривал Засгийн газар 20 хувийг нь батлан даах биш иргэдийнхээ өмнөөс гаргах хувилбар ч байж болно” хэмээсэн юм.
Тэгэхээр эрх барьж буй АН-ынхан зээлийн хүүг бууруулж урьдчилгааг 10 хувь болговол ард түмэн байранд орж хотын утаа ч багасах сайн талтай. Харин эсрэгээрээ ярьсан хэлсэн зүйлээ УИХ-ын сонгуулийг угтаж шоу хийж байгаа ядаж банкуудын зээл олгохдоо авч буй нэг хувийн шимтгэл болон элдэв янзын хураамжийг таслан зогсоовол энэ нь бодит ажил болно шүү АН-ынхаан.
Р.Саруул
20 Comments