antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2016 3 comments

Л.Ганхуяг: “Алтайн магтаал”-д цогцолбор хөшөө босгоно

нийтлэсэн Admin

1-4-2a1_700x700

Д.ЦЭРЭННАДМИД, Х.МОНГОЛХАТАН

Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуягийг сураглав. Урлан нь Сонсголонгийн гүүрний наахна юм гэнэ. Яахаараа тийм хотын төвөөс зайдуу, тэнгэрийн хаяанд гэмээр хол байдаг юм бэ гэсэн бодол төрж байсныг нуух юун. Уг нь тэднийх ердөө XIII хороололд гэж сонссон юм л даа.

Нэгэнт уулзах цаг товлосон ёсоор бид оны сүүлийн өдрүүдийн нэг болох жавар тачигнасан хүйтэн өдөр яваад очлоо.  Шинэ  анагаах ухааны дээд сургууль гэсэн хаягтай намхавтар байшингуудын дундуур явсаар “Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягийн урлан” гэсэн хаягтай хаалгыг татаж оров.

Тэрээр биднийг угтаж “За орцгоо. Би иймэрхүү л ажиллаж, амьдардаг хүн дээ” гэсээр угтсан юм. Түүний урлан нэг том музейд ороод ирэх шиг сэтгэгдэл төрүүлэв. Уужим заалны эргэн тойронд уран баримал ярайна.

Урлан гэмээнэ үнэндээ музей байлаа. Цааш нь орвол Янжинлхам бурхны том хөрөг байрлуулсан нэг өрөө байх. Бүтээл анх цаасан дээр энд л амилдаг аж. Зэрэгцээ нь барималчийн хоёр дахь гэр буюу албан ажлын тасалгаа байна. Нэг талдаа дүүрэн ном, хананд уран зургууд бас морин хуурын эцэг “Икел” хуураас эхлээд товшуур хөгжим хүртэл өлгөөтэй. Нээрээ л уран бүтээлч хүний ухаанаар бүтсэн бүхэн тэнд байв.

Урлагийн заалны хамгийн оройд төрийн тугаа залжээ. Цаана нь монгол гэрийн хорол тооно харагдана. Тэр нь зүгээр нэг чимэг биш юм аа. Аав нь Ганхуягт анх барьж өгсөн гэрийн тооно учир ийн нандигнан урлангийн оройдоо залжээ.

Эндээс эхлээд л сонин содон зүйлүүд нүд хужирлана. Дотроо гал бадамлах “Камен” зуухны дэргэд хуучны хийцийн галын хайч, шилээвэр зориулалтын өлгүүрт өлгөөтэй. Гэтэл тэнд бас нэг хүүхдийн сандаал харагдах. “Энэ сандаал бол миний хүүхдэдээ хийж өгсөн анхны гутал” гэж байна. Асуугаад л байвал урлангийн юм бүхэн түүх өгүүлнэ. Дээш өгсөх мушгирсан шатны наадах хэцэнд цогийн индүү, “Норвеги” хэмээх тэшүүр, хоккейн цохиур, анд зүүдэг хавхнууд байна. Тэд ямар учиртай зүйлс болохыг асуувал “Миний бага насны хөдөлмөрийн багажууд” гэж хариулав. Түүний нүүрэнд хүүхэд ахуйн дурсамж нь тодорч байх шиг санагдсан. Бүр аавыгаа дагаад анд явж байсан нь, Буянт голын мөсөн дээр ханатлаа гулгаж тоглодог нь санагдаа байлгүй.

Ингэж нүдэнд харагдаж, гарт баригдсан бүхнээ сонирхож асуугаад байвал энэ урланд хоноход ч багадахаар арвин баялаг үзмэртэй юм. Тэр бүхнийг сонирхох сэтгэл хоргодовч, бид үндсэн ажилдаа орохоор тухалж аваад төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягтай ажил амьдрал, уран бүтээлийнх нь тухай халуун яриа өрнүүлсэн юм.

 

АНЧ ААВЫНХАА ЗУРГИЙГ ДУУРАЙСААР ЗУРААЧ БОЛСОН ХҮҮ

1-4-2a2_700x700

Л.Ганхуяг: Уран бүтээлч хүнд эцсийн зорилго гэж байдаггүй юм.

Л.Ганхуяг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул. Ээж Т.Лхамжав нь эмнэлэгт ажилладаг эгэл даруу нэгэн байж. Аав Б.Лхамсүрэн нь нутагтаа алдартай анчин. Төмрөөр юм хийдэг гарын дүйтэй, нарийн мэргэжлийн гагнуурчин хүн байжээ. Аав нь мэргэжлийн зураач биш хэр нь нэг зураасаар зурдаг авьяастай нэгэн. Ан гөрөөнд явахдаа тааралдсан, агнасан амьтдаа ажлын дэвтэртээ зурна. Түүнийг нь хараад Л.Ганхуяг хүү зурагт дурлаж, дуурайн зурах гэж оролддог байснаар зурагт сонирхолтой болжээ.

Тэрээр 1977 онд наймдугаар ангид байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгч тэнцээд Ховдоос хотод ирж Доржсүрэн багшийн ангид арьсны чимэглэх зураачийн ангид элсчээ. 1981 онд сургуулиа төгсөөд Урчуудын эвлэлд ажилласан байна. Уран бүтээлч болохоор очсон үеэ дурсахдаа “Тухайн үед ах дүү социалист орнууд болох Польш, Герман, Унгар, ОХУ-д сургууль төгссөн манай дээд үеийн алдартай, авьяастай, гайхалтай зураачид Урчуудын эвлэлд ажиллаж байлаа. Тэдний дэргэд ажилласан багахан цаг хугацаанд би их зүйл сурч, цаашид уран бүтээлч болох замд минь маш том хувь нэмэр оруулсан” гэсэн юм.

Ажилчин болсон анхны жилээ ахындаа амьдарч байж. Тэгээд тусдаа гарахаар шийдэн таван ханатай гэр авч, эвхдэг цагаан ор, хөнжил гудас, хэдэн аяга таваг, халбага сэрээгээр гэрээ тохижуулаад авав.  Уран бүтээлч найз нөхөд нь нэгнийдээ цуглаад хөгжим их сонсоно. Энэ нь ч тэдний уран бүтээлд сайнаар нөлөөлсөн гэдгийг тэрээр онцолж байв. Тэр үед Л.Ганхуяг “Акордс” гэдэг хоёр депузертэй стерео тоглуулагчтай байв. Тухайн үеийн дэлхийд нэр алдар нь түгж байсан хамтлаг, дуучдын пянзыг хойноос захиж авчруулан сонсоно. Гэтэл Японоос Sharp, Sony маркийн хөгжмүүд орж ирснээр хөгжмийн дуугаралтын гайхамшгийг мэдэрсэн гэдэг. Гэвч япон хөгжмүүд 3200-4500 төгрөгийн үнэтэй. Тухайн үед “Иж планета” мотоцикль 6200 төгрөг байхад тэрээр 3200 төгрөгөөр Sharp хөгжим авч байжээ.

Өндөр үнэтэй хөгжим авч байхыг бодоход тухайн үеийн уран бүтээлчид хөдөлмөрөө сайн үнэлүүлдэг байжээ гэсэн асуултад тэрээр “Бид  чинь зах зээлийн нийгмийн мэргэжилтнүүд байхгүй юу. Социализмын үед аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг цөөхөн байгууллагын нэг нь Монголын Урчуудын эвлэл байсан юм. Гэхдээ мэдээж төрийн бодлоготой уялдаж үйл ажиллагаа нь явдаг. Хөрөнгөөр бол баян чинээлэг, эрдэм оюуны хүчин чадлаар бол Монголын толгой цохидог байгууллагуудын нэг байсан. Одоо ч тэр зангаргаараа явж байна. Бид социалист нийгмийн үед ч өглөө 08:00 цагт ирээд, орой 17:00 цагт тарж байгаагүй. Гэхдээ долоо хоногийн баасан гаригт бөөнөөрөө улс төрийн сонсголд сууна. Бусад үед уран бүтээлээ чөлөөтэй хийнэ. Уран бүтээлийнхээ цар хүрээ, хэмжээ дамжаанаас болоод тухайн үеийн сайд дарга нараас илүү цалин авах үе ч байсан. Тэгээд нэг хэсэг социалист орнуудад уран бүтээлийг тарифт үнэлгээнд оруулж үзээд болохгүй юм байна гээд больсон. Одоо ч уран бүтээлчид хийсэн ажлаараа үнэлүүлж явдаг юм” гэж хариулав.

 

10 ГАРУЙ ОЮУТНААС ГАНЦААРАА СУРГУУЛИА ТӨГСЧЭЭ

 

Тэрээр Урчуудын эвлэлд нэг жил ажиллаад цэргийн албанд татагдаж гурван жил болоод иржээ. Ирээд дахин нэг жил ажиллаж байтал ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Урлагийн академид шалгалт өгөх боломж гарчээ. Тэр үед чадалтай, мэдлэгтэй, авьяастай хүүхдүүд л сургуульд шалгалт өгч тэнцсэн нь явдаг байж. Ер нь суралцагсдын 80-90 хувь нь авьяасаараа орж бусад нь шагнал урамшуулал, сургуулиа онц төгссөн гэх мэт шалтгаанаар элсдэг байсан гэнэ. Ийнхүү 1987 онд ОХУ руу оюутан болж явсан хүн 1995 онд мэргэжлийн барималч болоод иржээ.

Л.Ганхуягийг хойно сурч байхад Монголоос 10 гарай оюутан байжээ. Гэвч жилийн жилд цөөрсөөр тэрээр сургуулиа ганцаараа төгссөн байна. Түүнээс хойш И.Е.Репиний нэрэмжит Урлагийн академид Монголоос оюутан суралцаагүй гэх. Учир нь энэ сургууль дэлхийн хэмжээний урлагийн түвшний академик сургалттай учир төлбөр нь өндөр учраас одоо хөрөнгөтэй, хэтэвч зузаантай улсын оюутнууд сурах болж.

Тантай хамт хаанахын хүмүүс суралцаж байв гэсэн асуултад “Ер нь дэлхийн бүх улсаас ялангуяа Америк, Англи, Франц, Япон, Хятад гэх мэт орны оюутнууд байсан. Ихэвчлэн мастер, багш нарын солилцоогоор дэлхийн томоохон улсуудын зургийн сургуулийн профессор багш нар ирнэ. Уран зураг үүсч хөгжөөд хэдэн зуун жилийн нүүр үзэж буй энэ улс орнуудад нэн орчин үеийн урлаг хөгжөөд ирэхээр академик боловсрол буюу зөв зурж сурах үндсэн арга барил доголдож эхэлсэн. Тиймээс тэр улсуудын багш нар суралцаж байсан юм билээ” гэсэн юм.

Түүнийг төгсөх дөхөж байтал Монголд нийгэм солигдож азаар төлбөрийг улс даасан хэвээр үлдсэн ч дөрөвдүгээр курсээс улсын тэтгэлгээс хасагджээ. Тэгээд нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр тэтгэлэггүй болсон оюутнууд Ленинградын гайхамшигтай байгалиуд, барилга байшин, архитектур, хүний хөрөг зургийг гудамжинд сууж зурах зэргээр авьяасаараа амьжиргаагаа залгуулдаг болсон байна. “Хүнд чинь асар их чадвар байдаг юм билээ. Амьжиргаа нь байхгүй болчихоор толгой ажиллана гэдэг жигтэйхэн” гэж тэрээр ярьж байв.

Гэвч социалист нийгэмд явсан хүн ардчилсан нийгэмд эх орондоо ирсэн нь амьдралынх нь том давалгаа байсан юм. Тэрээр хоёр нийгмийн завсрын үеийг Орост ч, Монголд ч үзсэн хүн. Ардчилсан нийгмийг анхандаа ойлгохгүй гайхаж байсан ч сүүлдээ ямар гайхамшигтай, хүний эрх, эрх чөлөө, үзэл бодол ялангуяа бүтээлчдийн уран бүтээлээ туурвих, боломж нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг нь мэдэрч, ач тусыг нь хүртэж эхэлсэн байна. Тэр тусмаа авьяас, чадалтай бол дэлхийн хаана ч уран бүтээлээ хийх том хаалгыг нээж өгсөн нийгэм гэдгийг ойлгосон гэж байв.

1-4-2a6_700x700

Түүний анхны томоохон бүтээлийн нэг “Галдан бошгот” хааны баримал.

 

УРАН БАРИМЛАА БАРЬЦААЛЖ 10 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН ТҮҮХ

 

Будаг нь ханхалсан шинэхэн мэргэжлийн уран барималчийг эх орондоо ирэхэд уран бүтээлийн тухай яриад ч хэрэггүй үе байв. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ёстой бүгд шахуу ганзагын наймаанд явж, бужигнаж байв. Нэгэнт хөрөнгө мөнгө гэх юмгүй хүн амьдрал ахуйгаа босгохын тулд банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгөгүй. Гэвч амьдрал түүнд нэгэн боломж атгуулжээ. Одоо ч энэ урланд нь байгаа Галданбошгот хааны морьтой баримлыг “ХОТШ” банкинд зээлийн барьцаанд тавьж 10 сая төгрөг зээлсэн түүх их хөгтэй.

Тэр тухайгаа дурсахдаа “Төрийн соёрхолт зохиолч Б.Догмид ах бид ойр дотно нөхөрлөдөг байлаа. Тэр үед би 100 айлын нэгдсэн урланд нэг өрөөтэй. Б.Догмид ах бараг өдөр болгон урланд ирнэ. Тэгсэн нэг өдөр “Чи банкнаас зээл авах уу?” гэж байна. Уг нь зээл өгдөг бол авмаар, авчихаад бас юу ч хийх билээ гэж ярьж байтал “ХОТШ” банкны ерөнхий захирал н.Чулуунбаатартай уулзуулахаар боллоо. Уг нь манай нутгийн хүн юм билээ. Гэвч бид хоёр биенээ мэддэггүй байсан. Банк гурвалжингийн гүүрний хажууд байв. Хоёулаа автобусанд суугаад яваад очлоо, эхний удаад байсангүй. Дахиад нэг очтол н.Чулуунбаатар байж таарсан. Бид хоёр ороод учир байдлаа ярьтал “Барьцаанд тавих юм байгаа юу?” гэж байна. Байгаа нь энэ гээд хэдэн баримлынхаа зургийг үзүүллээ. Б.Догмид ах 20 сая төгрөг зээлчих гээд байдаг. Би эргүүлж яаж төлнөө гэсэн айдастай. Тэгээд зээл өгөх болж намайг баримлаа суурьтай нь өрөөнд авчирч тавь гэв. Тэгээд хэдэн төгрөг авах вэ гэхээр нь 10 сая л гэлээ. Ингэж уран баримлаа барьцаалж гурван сарын хугацаатай 10 сая төгрөг зээлсэн түүх бичигдсэн хэрэг. н.Чулуунбаатар захирал Монголынхоо түүх соёлыг дээдэлдэг, сонирхдог хүн байсан болохоор энэ барималд ач холбогдол өгч, надад итгээд зээл өгсөн юм. Энэ зээл дүрслэх урлагт, уран баримлын урлагт ажиллахад надад том түлхэц болсон” гэж ярьсан юм.

1-4-2a7_700x700

“Тэнгэр газар” баримал.

Эхнэр нь хойно сургууль төгссөн хэр нь тухайн үед ажилд ороогүй байж. Хоёулаа гурав хоногийн зайтай банкинд очиж савхин зүүдэлтэй хоёр тороор зээлсэн мөнгөө авчихаад гэртээ долоо хоног дарж байгаад наймаанд явжээ. Хангамжийн хажууд, 100 айлд хоёр лангуу түрээсэлж аваад 10 сая төгрөгөө юань болгоод урагшаа явсан байна. Тухайн үед барилгын материалын наймаа ашигтай ч байсныг хэлэх үү, эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаад сар хагасын дараа зээлсэн 10 сая төгрөгөө хүүтэй нь гаргаж аваад цаана нь бас зөндөө бараатай, гар дээрээ нэг сая орчим төгрөгтэй үлдсэн гэдэг.

Мөнгөө бариад очиход нь банкныхан хугацаа чинь арай болоогүй юм чинь ахиад жаахан эргэлдүүлэхгүй юм уу гэсэн ч “Олзны бага нь амттай” гэсэн анчдынхаа үгийг санаж татгалзжээ. “Би багаасаа аавыгаа анд дагаж явсан, ахмад анчдын үгийг сонсч байсны хувьд “Эр хүн олзонд нүд аньж сурах хэрэгтэй” гэсэн зарчмыг амьдрал дээрээ ч дагадаг юм. Тиймээс илүү ашигт шунаж даварч яваад шатчихвал өрөнд орно гэж айсан хэрэг. Ямартай ч уран бүтээлээ хийх эхний мөнгөтэй болж, амьдрал ахуйгаа ч төвхнүүлэх боломжтой болсон” гэсэн юм.

 

ЗАЛУУ ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭНГИЙН ХӨШӨӨГӨӨР УРАН БҮТЭЭЛЭЭ ЭХЛЭВ

 

Барилгын материалын наймаа нь амжилттай байсан ч түүнийг уран бүтээл хийх хүсэл сэдэл нь зүгээр суулгасангүй. Залуу жанжин хэмээн олноо хүндлэгдсэн Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөний тендерийг авч 1999 онд бүтээжээ. Эхний уран бүтээлээрээ өөрийгөө таниулах зорилготой ажилласан бол энэ баримлаа хийж байх явцдаа Ю.Цэдэнбал даргын хөшөөний тендерт ялснаар уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон байна. Харин өөрийнх нь эхлүүлсэн барилгын материалын наймааг дүү нар нь үргэлжлүүлж байсан ч “Насаараа наймаа хийж амьдарч болохгүй. Боловсролтой хүнд боломж ихтэй энэ сайхан нийгэмд сурах хэрэгтэй” гээд дүү нараа гадагшаа, дотогшоо сургуульд явуулж, эхнэрээ ч мэргэжлийн ажилд нь оруулжээ. Эхнэр Н.Эрдэнэцэцэг хуульч мэргэжлээрээ ажилладаг бөгөөд эднийх гурван хүүхэдтэй.

Уран баримал гэдэг захиалга, төлөвлөгөөнөөс илүү сэтгэлийн дуудлагаар хийгддэг ажил гэх. Өөрийнхөө бодол доторх зүйлсээ баримлаар гаргаж түүнийгээ нийтийн хүртээл болгох нь чухал. Уран баримал гэдэг түүхтэй холбогдолтой. Түүхэн сэдэвтэй бүтээлүүдээс гадна чөлөөт сэтгэлгээгээр хийх нь ч бий. Энэ хоёр сэдэв огтолцох цагтаа огтолцоно. Тэрээр толгойдоо бодож боловсруулсан бүтээлээ шууд барьж аваад дуусгачих дуртай. Харин илүү их нухаж, цаг зав авсан бүтээлийг орхиод ахин шинээр хийхийг илүү үздэг нь түүний зан чанартай холбоотой гэж байв.

Уран бүтээлчийн тогоонд буцалж байгаа хүний хувьд бодож шаналж явдаг зүйлсээ ч бидэнтэй хуваалцлаа.

1-4-2a5_700x700

Л.Ганхуягийн бүтээлд үлгэр, домог, түүхийн сэдэв зонхилдог.

“Цэвэр уран бүтээлээрээ явж байгаа уран бүтээлчдийн хувьд амьдрал хүнд байна. Төр засгаас ямар нэг дэмжлэг, цалин хөлс байхгүй, пүүс компанийн оролцоогүй, ерөөсөө чоно шиг л амьдардаг хүмүүс. Харин нэг үеэ бодоход Монголын бизнесмэнүүд түүх соёлоо мэддэг, хайрладаг болж, гадаад улс орнуудаар явж урлагийн түүх, соёлтой танилцаад хөшөө дурсгал гэдэг аль ч улс оронд чухал байдгийг мэддэг болж. Тиймээс улс орондоо ч уран баримал босгох хүсэлтэй ирдэг. Тэдний хүсэлтийг сонсоод ярилцаад ойлголцож чадвал мэргэжлийн түвшний баримал төрдөг. Хэзээд урлагийн бүтээл гэдэг үнэд ордог учраас тэр хэрэгцээ шаардлагыг хангасан баримал хийж өгөхийг боддог. Баримал захиалж хийлгэж байгаа бизнесмэнүүдийн ачаар уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ хийх, аж амьдралаа залгуулах мөнгөтэй болж, уран бүтээлч сэтгэлгээ нь тархины ядаргаанд орохгүй яваад байгаа юм.

Аливаа улс орон түүх, соёлоор дамжуулан дархлаа нь тогтож байдаг учраас одоо төр, засаг анхаарах цаг болсон. Бусад улс оронд тухайлбал, хөрш БНХАУ-д гэхэд соёл урлагаа тэр дундаа мэргэжлийн урлагтаа маш их анхаарал тавьж байна. Саяхан болсон Хятад, Монголын зураачдын үзэсгэлэнд оролцоод ирлээ. Бид уран бүтээлийнхээ чиглэл, урлагийнхаа түвшнээр эн тэнцүү зарим үед тэднээс илүү байгаа юм. Монголын дүрслэх урлагийн хөгжил 1990-ээд он хүртэл Азидаа тэргүүлэх түвшинд хөгжиж байсан. Учир нь боловсон хүчнээ дэлхийн зиндааны сургуулиудад бэлдэж байсантай холбоотой. Харин одоо Хятадын зураачид арай өөр түвшинд очжээ. Гэхдээ ур чадвар гэхээс илүү хэрэглэж буй материал техник технологи, зураачдын ахуй хангамж өндөр болсон байна лээ. Манай төр, засгаас энэ тал дээр анхаарахгүй бол алийн болгон хэдхэн бизнесмэн, зураг цуглуулагчдын нуруун дээр Монголын уран бүтээлчид явах билээ дээ” гэж байлаа.

 

Л.Ганхуяг: ГУРВАН УДАА БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАСАН

1-4-2a3_700x700

Урлангийнхаа төв хэсэгт уран барималч маань зогсч шинэ хийж буй бүтээлээ харна.

Та баримлаа ямар чиглэлээр голдуу хийдэг вэ?

-Баримлын урлаг өөрөө ямар ч төрлөөр хийж болох маш хувирамтгай чөлөөтэй хөрвөх урлаг байдаг. Классизм, реализм, сурреализм, контенпирарий гээд бүх урсгалаас гадна бүр эсрэгээр нь этгээд ч хийж болдог гайхамшигтай урлаг. Би мондменталь маягийн хөшөө дурсгал, модерн маягийн нэн орчин үеийн урлагийн чиглэлээр хийдэг. Мэдрэмж авьяас нь байвал яаж ч хийж болох гоё урлаг бол баримал юм. Ер нь архитектур, уран зураг, уран баримал бол хүн төрөлхтөний эцэг урлаг шүү дээ.

Би сүүлийн үед туульсийн чиглэлийг сонирхож байна. Яг тийм ийм гэсэн баримжаа алга. Уран бүтээлч хүн нэг сэдэвт баригдаад ирвэл цаашаа явж чадахгүй болдог. Ямар сэдвийг ямар түвшинд ямар материалаар, хэлбэр дүрсээр хийх вэ гэдэг уран бүтээлч хүний мэргэжлийн ур чадвартай холбоотой. Сэдэв чухал биш.

Монголын баримлын урлаг өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Манайх дэлхийд гайгүй түвшинд яваа, урд нь ч тийм байсан. Манай оргил уран бүтээлч, барималч гэвэл анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар. Эхлэл нь ийм зөв цагт, зөв он тооллын үед хүчтэй хөгжиж ирсэн болохоор үр хойч бид доошоо орж болохгүй. Ер нь олон жилийн хөдөлмөрийн дараа баримал иймэрхүү урлаг юм байна, ингэж хийвэл болох юм гэсэн чиглэл рүү орж ирдэг. Тиймээс сургууль төгсөөд шууд уран бүтээлч болно гэж байхгүй.

Одоо эргээд харж байхад надад түүхэн хувь заяа тохиосон байдаг. XX зууны уран баримлын хөшөө дурсгалын хаалгыг Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөгөөр 1999 онд хааж, XXI зууны хаалгыг 2001 онд “Эрэл” сургуулийн урд байрлах Ю.Цэдэнбал даргын залуугийн хөшөөгөөр нээж байсан юм билээ. Энэ хоёр хөшөө болон Эрдэнэт хотод босгосон Ш.Отгонбилэг агсны хөшөөгөөрөө төрийн соёрхол хүртсэн дээ. Хөшөөнд нь бус Монголын анхны професионалны шийдэл, шинэлэг техник технологи ашиглаж хийсэн гэдгээрээ энэ том шагналыг авсан.

Та дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн шүү дээ. Уран зураг хэр их зурж байв?

-Зургийн уран бүтээл хийх зав ч олдоогүй, мундаг томчуудын дэргэд би зураг зурна гэдэг ичмээр санагдаад баримлаа л хийж байна даа. Сургуулийг нь төгссөн юм болохоор зурвал зурах л байх. Гэхдээ уран зураг гэдэг тусдаа бие даасан урлаг. Хүссэн хүн бүр зураад байж, зураач болж болохгүй. Чадахгүй хүмүүс хүний эрх гээд мэргэжлийн эрх рүү халдаад байхыг тэвчихгүй. Энэ утгаараа уран зургийг зурах тухай бодож байсангүй.

Ресунк буюу хар зураг гэдэг хаан урлаг. Маш сайн хар зурагтай байж сайн зураач, барималч болдог юм.

Та өөрийн бүтээлүүдээр хэдэн удаа үзэсгэлэн гаргасан бэ?

-Гурван удаа үзэсгэлэнгээ гаргасан. Дөнгөж сургуулиа төгсч ирээд 1996 онд “XX зуун” нэртэй анхны бие даасан баримлын үзэсгэлэн гаргаж байсан. Энэ үзэсгэлэнгээ гаргасны дараа Урчуудын эвлэлийн нэгдсэн урланд өрөө авах эрхтэй болсон юм. 2001 онд “Сэтгэлээс алсад”, 2011 онд урлаг судлаач, зураач Ч.Болдбаатартай хамтран “Бичвэр үгүй бичвэр” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан.

Та гарын шавиа бэлдэж байна уу?

-Шавь гэж нэрлэх хүн байхгүй. Тусалж дэмждэг, хамтран ажилладаг найз нөхөд бол бий. Сургуульд багшилдаг ч юм уу, оюутнуудад зааж сургаад гарын шавиа гаргах, сурч мэдсэнээ өвлүүлэн үлдээх үүрэг надад бий. Товчхондоо багшлах зав байсангүй. /Инээв.сур/

Таны урлан үнэхээр тохилог гоё яг л музей шиг юм. Хэдэн жилийн хөдөлмөр вэ?

-Баримал хийхийн тулд өөртөө эрх чөлөө олгох ёстой байсан. Тиймээс бодож явсаар энэ газрыг харсан юм. Намайг энэ газрыг худалдаж авах үед барилгын дөрвөн хана, хогийн цэг л байсан. Тэгээд хувь хүнээс энэ газрыг худалдаж аваад жил гаруйн хугацаанд засч янзлаад битүүлээд босгосон. Жилээс жилд янзалж нэмж явсаар одоо л урлангийн дүртэй болоод байна. Төвийн дулаантай, цэвэр бохир устай. Урлангаа өөрийн хийсэн бүтээснээрээ тохижуулсан.

Таныг “Алтайн магтаал”-аар хөшөө босгох гэж байгаа гэж сонссон. Туульс, магтаалд зориулж хөшөө босгоно гэдэг амаргүй байх?

-Монголчууд бид биет бус соёлын агуу өвтэй ард түмэн. Баруун монголчууд тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг юм байна. Туулиуд бол хангай дэлхийг аргадсан том засал учраас онгод савдгуудыг нь “Алтайн магтаал”тайвшруулж, аргаддаг учиртай.

Тэгээд 2014 оны арванхоёрдугаар сард түүх соёл, туульстай холбогдолтой зүйлсийг сонирхдог н.Үнэнбат гэдэг залуутай уулзсан. Тэрээр Ховд аймгийн төвд Галдан хааны 370 жилийн ойн хүрээнд “Агсал” бүжгийн хөшөө бүтээлгэсэн юм билээ. Тэрээр “Алтайн магтаал”-ыг хөшөө болгох саналыг тавьсан. Анх сонсоход танил хүн шиг, амархан бүтчих юм шиг санагдаж байлаа. Үгийг нь хэд, хэдэн хувилбараар авч уншиж үзээд үнэндээ айсан.

1-4-2a4_700x700

Энд “Алтайн магтаал” цогцолборыг бүтээж байна.

“Алтайн магтаал” гээд нэр нь энгийн хэрнээ үгийн сонголт, утга санаа гайхалтай. Хөгжмөөр бол орчин үеийн рок, эсвэл классик юм шиг санагдсан. Хэдэн мянган жилийн туршид амнаас ам дамжаад онцын өөрчлөлтгүйгээр тээж ирсэн ард түмний өмнө зүгээр нэг амьтны хөшөө босгож болохгүй. Тэгээд бодож байгаад нэг санаа гаргаад хийж эхэлсэн. Энэ хөшөөнд ямар нэг захиалагч, өмчлөгч байхгүй. Харин санаачлагчтай, ард түмэнд зориулсан соёлын өвийг баримлаар яаж хийж болохыг харуулна.

Хаан угалз аргалийг хөшөөнийхөө оройд залж, нарны аймгийг билгэдсэн. Янгираар сарны аймгийг, ганц эвэртэй ирвэсээр эр зориг авхаалж самбааг төлөөлж, гэрийн тонн, ургамал ан амьтан, Алтайн уулсын салбар хязгаараар амьдардаг долоон угсаатан ястныг хувцас, хөгжмийн зэмсэг угсаатны зүйн соёл, зан үйлийг урлаг соёлтой нь оруулсан. Одоо хэд салгаад угсраад янзалж байна.

Бидэнд энэ баримлыг хийх цаг үе ирсэн юм. Энэ хөшөө маань дараагийн томоохон уран бүтээлүүдийн эхлэл байх болов уу гэж бодож байна.

Хөшөөний ажил одоо ямар шатандаа явна вэ. Хаана байрлуулах юм бол?

-“Алтайн магтаал”-ын баримлын эцсийн засвар дээр ажиллаж байна. Шавраар хийж дуусаад хэв аваад хүрэл цутгуурт өгнө. “Алтайн магтаал”-д зориулсан хөшөө маань том талбайтай, 15 метр гаруй өндөртэй цогцолбор байх юм. Хүмүүс өөрсдөө зорьж очдог байх ёстой гэдэг үүднэс Ховдын онгоцны буудлын орчимд хөөрч буух зурвасаас зайтай, цаашид гэр хороолол үүсэхгүй “Баатар” хайрханд ойрхон задгай талбай дээр жижигхэн музейтэй, кофе шоптой, 20-30 хүний ардын язгуур урлагийн  тоглолт хийчих мэргэжлийн тайзтай цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.

1-4-2a8_700x700

“Эрх чөлөө” баримал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 05, 2016 9:49:22 am )

    Энд тэндгүй тэнэг хөшөө барихаа болио

  • Otgoo (January 05, 2016 9:14:43 pm )

    Tand Uran buteeliin ih amjilt husei,Aguu ih avyas bileg teni ues ued olnii melmiig baysgaj baih boltugai..Mongolchuud avyastai Delhiid unelegdeh tsag oirhon bn…

  • U don't have to know my name (January 05, 2016 11:58:36 pm )

    Anonymous tan shig urlag meddegui humuusees bolj urlag uran saihan hugjduggui Tiim l lag mundag yum bol ehleed ene huni zeregt hurchih harin ch bahrahmaar mundag awyastai hun bn. Estoil muruudliihu araas tuushtai temtsej

antalya rent a car