2012 оны яг өдийд Монголын дансанд их хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлд 1.5 тэрбум долларын бонд амжилттайгаар арилжсан нь олон жилийн турш ярьсан мөрөөдлүүдээ бодит ажил болгох том зорилготой байв.
Урьд өмнө нь, төсвийн жаахан мөнгөндөө эргэлдээд, түүнийгээ хэдэн хэсэг хувааж, халамж болгоод хөгжил ч үгүй, хөрөнгө оруулалт ч үгүй л хоцордог байлаа.
Тэгвэл гаднаас зээлсэн мөнгөөрөө дотоодын үйлдвэрээ дэмжсэний хүчинд гурван жилийн өмнө Монгол Улс дотоодын хэрэгцээнийхээ 80 хувийг импортоор хангадаг байсан энэ хэрэглээ буурсныг гэрчлэх үзүүлэлт гадаад худалдааны тэнцэл сүүлийн нэг жилийн турш ашигтай гарсан явдал харуулсан.
ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТ
“Хөөрхий муу Дэмбэрэл юм үзээгүй болохоор” гэгчээр анх удаа их мөнгөтэй болж үзсэн монголчуудын хардахын “зовлон” одоо ч үргэлжилсээр байгаа юм. Хийтэй мэдэгдэл, хэн нэгний популизм болгон өөрийн гэсэн төлөөстэй. Тиймээс л “Чингис” бондын мөнгө Монголын дансанд орж ирсэн эхний өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бид олон улсын түвшинд хариуцлагатай улс боллоо. Монголын тухай муу мэдээ сонсогдох тусам бидний нэр хүнд улам доошоо унана. Энэ мөнгийг Монголын 22 жилийн нэр хүндээр дэнчин тавьж авсан шүү” гэдгийг албан ёсоор анхааруулсан юм.
Хөгжлийн банкны дансанд орсон бондын мөнгө чухам юу болсон бэ гэдэгт зээл авсан биднээс илүү зээл өгсөн гадаадынхан хяналт тавиад сууж байгаа. Монголын Засгийн газарт итгэж, бондыг нь худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө бид хариуцлагатай байх ёстой. Тиймээс юуны өмнө “бондын мөнгө хаачив” гэсэн дотоодын улстөрчдийн асуултад бодит хариулт өгөх нь зөв болов уу.
Хөгжлийн банкнаас авсан мэдээллээр бол инженерийн дэд бүтцийн 71 төсөлд нийт 311.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Төслүүдийг дотоодын 98 компани дангаар болон түншлэл хэлбэрээр гүйцэтгэж байгаа гэнэ.
Эдгээр төслүүдийг мөнгөн дүнд хуваавал,
- Эрчим хүчний инженерийн дэд бүтцийн 21 төсөл нийтдээ 183.2 тэрбум төгрөгийг,
- Барилгын инженерийн дэд бүтцийн 22 төсөлд 75.2 тэрбум төгрөгийг,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 28 төсөлд 52.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Эндээс бондын мөнгө хөгжлийн санхүүжилт болсныг харж болно. Өөрөөр хэлбэл, “Шинэ гэр бүлийн мөнгө”, “Эх орны хишиг”, оюутны цалин хэлбэрээр тараагдаагүй гэсэн үг.
ДЭД БҮТЭЦ ҮҮ, ҮЙЛДВЭР ҮҮ?
Монгол Улсад том, том мөрөөдөл бий. Хорин жил мөрөөдөөд ч хөрөнгө мөнгөгүйгээс бүтээгүй, босоогүй төсөл ч бий.Эдгээр том төслүүдээ хэрэгжүүлэхэд бидэнд “эх оронч”-доос илүү их мөнгө хэрэгтэй.
Бондын мөнгийг үйлдвэр барихад зарцуулах ёстой гэж зарим эдийн засагчид хэлдэг. Зам, дэд бүтэц болгох нь үр ашиггүй төсөл гэж тэд шүүмжилдэг. Тэгж болно, гэхдээ суурийг нь цутгахгүйгээр байшин барьж болох уу. Дэд бүтцийн асуудлыг, инженерийн шугам сүлжээг нь шийдэхгүйгээр үйлдвэртэй болж чадахгүй. Тиймээс байшингаа барихын тулд сууриа цутгадаг шиг үйлдвэртэй болохын тулд дэд бүтцээ сайн хөгжүүлэх ёстой юм.
Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн 7 байршлын 1210.4 га талбайд
- 78304 айлын орон сууцны хотхон, хороолол,
- 70920 хүүхдийн багтаамж бүхий сургууль,
- 18225 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг,
- 10480 хүний үзлэг хийх чадамжтай эмнэлэг,
- 16450 ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдэх аж.
Түүнчлэн гэр хорооллын бүсийн дахин төлөвлөлт хийсэн 8 байршлын 459.02 га талбайд
- 5142 айлын орон сууц,
- 2880 хүүхдийн сургууль,
- 4400 хүүхдийн цэцэрлэг зэрэг баригдах суурь нөхцөл бүрдэх юм байна.
Дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсний зорилго нь Улаанбаатар хот, орон нутагт болон гэр хороололд баригдах орон сууцын хотхон, хорооллын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа юм. Тэгвэл эдийн засгийн үр өгөөж гэвэл иргэдийн тав тухтай амьдрахад гол нөлөөлөх хүчин зүйлүүд болох цахилгаан, дулаан болон цэвэр бохир усан хангамжийг найдвартай эх үүсвэрээс холбох нөхцөл бүрдэх бөгөөд шинээр баригдаж байгаа орон сууцны хотхон хорооллуудыг төвийн шугам болон цахилгаанд холбогдох бололцоотой болно. Дэд бүтэц бол хөгжлийн суурь. Тэгээд ч дэд бүтцээ шийдэхгүйгээр үйлдвэр барина гэдэг хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл.
Болгоё гэсэн хүнд боломж хэзээд гардаг, болгохгүй гэсэн хүнд шалтгаан бэлэн байдаг гэгчээр бонд тойрон улстөржихийн хэрээр бидний ирээдүйд төлөх популизмын төлөөс нь томорсоор л байх болно. Тиймээс 22 жилийнхээ нэр хүндээр дэнчин тавьсны хувьд улстөржсөн ч ар өвөр, ирээдүй хойч, эдийн засгаа бодоод ядаж л бодлоготой улстөржмөөр байна.
Эх сурвалж: News.mn
1 Comment