antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 13, 2017 2 comments

Иргэдийн дунд автомашины үнэ өснө гэсэн хүлээлт давамгайлж байна

нийтлэсэн Admin

        “Да хүрээ” захад хөл хөдөлгөөн сийрэгхэн. Магадгүй ажлын өдөр гэдэг утгаар өчигдрийн хувьд ийм дүр төрхтэй угтсан ч байж болох. Уг нь урин цагт одоо байгаагаас арай л илүү хөдөлгөөнтэй байдагсан. Энэ “сиймхийг” ч ченжүүд овжноор ашиглаж, хэд хэдээрээ нийлэн хөзөр тоглож цагийг их л хөгжилтэй өнгөрүүлж байх юм. Ажиглавал мөрий тавьж, покер тоглож байгаа бололтой. Харин тус худалдааны төвийг бараадан гудамжинд жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэдийн тоо өмнөхөөс нэмэгдсэн мэт санагдлаа. Энэ хэрээр орчны бохирдол, эвгүй үнэр ихэссэн юм шиг мэдрэмж хамгийн эхэнд төрөв. Хэдий тус худалдааны төв эл хульхан ч замын урд хэсгийн төлбөртэй зогсоолуудад суудлын тэрэг байрлуулах зай бараг үгүй. Жолоочдын олонх нь дугуй, тос тосол, сэлбэгийн худалдааг зорьжээ.

Тэгвэл худалдахаар зэхэж буй тус захын нийт автомашины 50-иас багагүй хувийг зөвхөн приус автомашин эзэлдэг байна. Ченжүүдийн хэлж буйгаар хамгийн эхэнд иргэдийн хүсэл сонирхолд тааруулж тээврийн хэрэгслийг оруулж ирдэг байна. Мөн үүн дээр “Хайбрид” болон хийн түлш ашигладаг тээврийн хэрэгсэлийг Япон улсаас онцгой албан татваргүй импортлодог байсан нь приус маркийн автомашин олшироход чухал нөлөөлжээ. Иргэдийн хамгийн их сонирхдог гэх приус маркийн автомашины ханшийн хувьд мэдээж үйлдвэрлэсэн он, Монгол Улсад буусан, нэмэлт тоноглолтой зэргээс шалтгаалаад ялгаатай. Тэр ч бүү хэл өнгөний сонголтоос шалтгаалж, сая хүртэл төгрөгөөр хэлбэлздэг байна. Тодруулбал цагаан, саарал, шаргал өнгөтэй автомашин хамгийн хямд. Хар улаан, цэнхэр зэргийг ченжүүд “Өнгийн приус” гэж тодорхойлж, зөвхөн энэ шалтгаанаар бусад өнгөтэй машинаас өндөр үнийг тогтоодог байна. Ажиглавал тус захад “Приус 10”, “Приус 11” маркийн автомашин тун цөөн байв. Харин “Приус 20”, “Приус 30” маркийн автомашин талбайн дийлэнх хувийг эзэлжээ. Үнийг тоймловол бэлэн мөнгөөр “Приус 10” автомашиныг 6.2 сая төгрөгөөр худалдаж авч болох нь. Харин 2004 оны “Приус 20” 9-9.5 сая, 2007 онд үйлдвэрлэсэн нь 11-11.5 сая, 2008 онынх нь тоноглол, нэмэлт төхөөрөмж зэргээс шалтгаалан 11-12 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны энэ үеэс дунджаар 1.5 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг автомашин сонирхож явсан н.Амгалан гэх 30 гаруй насны, туранхай бор залуу ярив. “Приус 30”-ын хувьд 2012- 2013 онд үйлдвэрлэсэн нь 17.5 сая төгрөгийн ханштай байгаа бол хамгийн хямдыг нь 13.5 саяар авч болохоор ажээ.

“Том тэрэг” худалдаж авах иргэн олширсон байна

        Тус худалдааны төвийн автомашины худалдагч н.Батжаргалын хэлж буйгаар өмнөх үетэй харьцуулахад тус захаас моторын хүчин чадал ихтэй “Том тэрэг” худалдаж авах иргэн олширчээ. Иргэдийн хувьд үнэ өсч магадгүй гэсэн айдастай байгаа учраас “Үнэ өсөхөөс нь өмнө” гэдэг шалтгаанаар автомашинаа томруулах нь ихэссэн гэнэ. Өчигдрийн байдлаар “Harier” маркийн автомашин 24- 27 сая төгрөг байсан бол “Alphert” машины хамгийн доод үнэ 14 сая төгрөг, 2005 оны “Kluger” 19 саяын ханштай байгаа юм. Харин үнэ өссөн шалтгааныг н.Батжаргал “Автомашины үнэ зах зээлийн жамаараа л өсч байна. Голлох валютуудын ханш өссөн үеэсээ буухгүй байна. Үүнийг дагаж автомашины үнэ өсч байгаа. Сүүлийн үед машин авахаар сонирхож буй иргэд биднийг сургаар үнээ өсгөлөө гэж загнах болсон. Гэтэл өнгөрсөн хавар иен 18 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 23 төгрөгт тулж ирээд байна” гэв. Мөн тэрбээр автомашин худалдаж авахаар өөрт нь хандаж буй иргэдийн 80 гаруй хувь нь лизенгийн үйлчилгээ сонирхдог тухай хуучлав. Тэрбээр ийн ярихдаа “Иргэдийн худалдан авах чадвар муудсан”, “Орлого тааруу байгаа” зэрэг таагүй мэдээлэлдээ итгүүлэхийг хичээж буй мэт санагдав. Цаашлаад уулзсан худалдаачин бүр “Орлого муу”, “Автомашин авдаг хүн алга” гэх мэт бэлэггүй үгийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх нь сонин. Энэ мэт “зовлонт” үгийг сонсоод ямар ч ашиггүй, орлого олохгүй байж яагаад энд зогсоод байдаг юм бол гэсэн энгийн асуулт ч бодол үймүүлж байв.

Ченжүүд ханш өсгөхөөр шийджээ

        Автомашин худалдан авахаар сонирхож байгаа иргэд, худалдаачдын аль аль нь “Үнэ өснө” гэсэн хүлээлттэй болчихсон нь таагүй. Ийм хүлээлт эдийн засагт, тэр дундаа иргэдийн амьдралд хүнд тусдаг жишгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрсэн билээ. Харин яагаад үнэ өснө гэдэгт бат итгэлтэй байгаа шалтгаан нь УИХ-аар одоо хэлэлцэж буй татварын шинэчлэлтэй холбоотой аж. Тодруулбал суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татварыг нэмэгдүүлэх, мөн хос цахилгаан тэжээлт, хийн хөдөлгүүртэй суудлын автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар авахаар болж байгаад хамаг учир байгаа аж. н.Батжаргалын тооцож буйгаар тус захад 6.2 сая төгрөгөөр худалдаж байгаа “Приус 10” л гэхэд 50 хувийн татвар авдаг болсноор 10 сая гаруй төгрөгийн үнэтэй болохоор байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл “Хайбрид” машин тус бүрт татвар ногдуулснаар дунджаар 4000 ам.доллар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тэрбээр үзэж байна. Харин С.Баттулга “Татвар нэмэхээс өмнө хэдэн автомашин оруулж ирэх санаатай байгаа. Хүмүүс даанч автомашин худалдаж авахгүй байна. Цаашид онцгой албан татварын хэмжээг нэмбэл ханш улам л өснө. Он гарснаас хойш багаар бодоход автомашины үнэ хагас сая төгрөгөөр өссөн шүү дээ” хэмээн ярив. Түүний ярьж буйгаар тус захын ченжүүд төгрөгийг ам.доллар болгоод иенд шилжүүлж, Японоос автомашин оруулж ирдэг байна. Тэдний ярианаас үзвэл өнгөрсөн хугацаанд “Хайбрид” хөдөлгүүртэй автомашинаас онцгой албан татвар авдаггүй байсан учир ханшид нөлөөлөх ямар ч боломжгүй нь харагдаж байна. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд хэлбэлзсэн валютын ханшийн өсөлт “Приус 20” автомашиныг л гэхэд хоёр сая орчим төгрөгөөр нэмэгдэхэд хүргэсэн болж таарч байна. Зарим ченжид нийт автомашины дундаж үнэ жилийн хугацаанд “Таван сая орчим төгрөгөөр нэмэгдсэн” гэсэн тооцоолол гаргажээ. Тэгвэл 2015 оны тавдугаар сард нэгийн тоотой “ногоон” мөнгө 1990 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдрийн байдлаар Монголбанкны зарласан ханшаар 2419 төгрөгтэй тэнцэж байна. Үүнийг хамгийн энгийнээр бодож үзэхэд нэг ам.доллараас үүсч байгаа 419 төгрөгийн зөрүү автомашинд 30 орчим хувийн нэмэгдэл болж шингэдэг байх нь.

Засгийн газар хэрхэн тооцов

        Хос тэжээлт, цахилгаан, хийн хөдөлгүүртэй автомашины онцгой албан татварыг 50 хувиар бодож авах тухай яриа хууль батлах төвшинд ид үргэлжилж байна. Өмнө нь энэ төрлийн тээврийн хэрэгслийг татвараас 100 хувиар хөнгөлдөг байсан тухай дээр дурдсан. Харин энэ өөрчлөлтийг хийснээр 32.3 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт төвлөрүүлэхээр тооцсон аж.

Д.Ганбаатар

Монголын үнэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (April 13, 2017 2:58:17 pm )

    Худлаа ярьж хэлж бичиж үнэ хөөрөгдөхөө боль хаана том машин авах иргэд олшроод эхлэв хоолоо яая гэж байна ченжүүдтэй хуйвалдаж үнэ хөөргөхөө зогсоо сэтгүүлчийн ёс зүйгүй новш авто захуудыг хотоос гаргаач хотын дарга сохор дүлий биш бол ажлаа хий

  • монгол (April 14, 2017 7:05:03 pm )

    хаха зөв мэдээлэл бичих хэрэгтэй

antalya rent a car