antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2015 5 comments

Д.Цогтбаатар: ТӨХ-г тараах, Цогтбаатар гэдэг хүнийг зайлуулах далдын хүч үйлчилж эхэлсэн, би түүнийг эртнээс мэдэрсэн

нийтлэсэн Admin

Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатартай ярилцлаа

-Та Төрийн өмчийн хорооны даргын ажлаас яагаад гэнэт чөлөөгдсөн юм бэ?

-Төрийн ажлыг Монгол Улсын аль ч салбарт хоёргүй сэтгэлээр хийж явлаа. Төрийн өмчийн хороо гэдэг энэ том байгууллагыг авч явна гэдэг бол нийгмийн өмнө хүлээсэн том хариуцлага юм.  Би энд ажиллаж байхдаа өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн талаар нэг ч дуугарч байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тухайн хүн өөрийн цаг үедээ л юмаа хийнэ. Ер нь өнөөдрөөс цааш яах вэ гэдэг асуудал чухал шүү дээ. Тиймээс би тодорхой, бодитой судалгаа анализ, дүн шинжилгээтэй ажиллахыг хичээсэн.  Ер нь “Төрийн өмчийн хороо” гэдэг ийм ижил төстэй байгууллага  дэлхийн аль ч улс оронд байдаг, зах зээл хөгжсөн улс орнуудад бүгдэд нь бий. Төр байсан цагт өмчтэй байна. Харин Төрийн өмчийн хороог татан буулгана гэж шийдлийн Засгийн газар байгуулагдаад зарлаж эхэлсэнийг ойлгоогүй. Би шинэчлэгч, аль засгийн үед шинэчлэлийг дэмжиж ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” төрийн үйл ажиллагааг шинэчлэх үйл явц, Төрийн өмчийн хороог өндөр хөгжилтэй улс орны туршлага, тухайлбал, Норвеги Улсын “Норвегийн сан”, Сингапур Улсын “Темасек” –ийн загвараар ажиллахыг дэмжиж ажиллаж байв. ТӨХ өөрийн концепци гаргасан. Харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газар, Шийдлийн Засгийн газар аль аль нь дэмжээгүй. Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэгээр удирдуулсан ажлын хэсэг томилогдсон боловч, нэг ч хуралдаагүй. Хуралдуулах талаар Засгийн газарт хандаж байсан, үл ойшоосон. Одоо болохоор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргад би дэмжээд байхад энэ нөхөр дэмждэггүй гэж худлаа хэлдэг юм шиг байгаам.  Зөвхөн ТӨХ-г тараах, Цогтбаатар гэдэг хүнийг зайлуулах далдын хүч үйлчилж эхэлсэн, би түүнийг эртнээс мэдэрсэн. Компаниудыг алдагдалгүй ажиллуулах тогтолцоотой болгох нь хэн нэгэн бизнесийн бүлэглэлд таалагдаагүй, алдагдалтай ажиллаж байж, хэн нэгэн мөнгө хүүлдэг нь ойлгомжтой болсон. АН, МАН-ын зарим нөхдүүд хоорондоо ямар нэг байдлаар “нэг ангийнхан” гэдэг үгний малгайгаар юугаар холбоотойг мэдэхгүй хэн нэгэн захирлыг солих болохоор Ерөнхий сайд, сайд дарга нар хамгаалаад эхэлдэг. Энэ нь УИХ, ЗГ-ын гишүүд нам хамаарахгүй цус ойртсоны бодит жишээ. Ажлаас чөлөөлсөн нь харин гэнэтийн явдал байлаа.

-Төрийн өмчийн хороог татан буулгах тухай ч яригдаж байсан. Харин та төр өмчтэй байх ёстой гэсэн байр сууриа хадгалж үлдэхийг хичээсэн  бололтой. Энэ зөрчлөөс болоод таныг ажлаас халсан юм уу? 

-Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тус газрын дэргүүн дэд дарга Солонго гэдэг  эмэгтэй /төрийн ажлын тасралтгүй үйл ажиллагааг мэдээлэгч нарын мэдээллээр ТӨХ-ны үйл ажиллагааг ЗГ-ын шинээр байгуулагдтал түр зогсоосон албан бичиг явуулж байсан. / нарын зэрэг хүмүүс юу бодож байсныг би мэдэхгүй. Гэхдээ ард түмэн маань хоёр талын байр суурийг сонсох ёстой. Д.Цогтбаатар гэдэг хүнийг яагаад өөрчлөх болсон юм гэсэн асуудал л байхгүй юу. Хуулийн талаас аваад үзэхээр намайг ажлаас гэнэт чөлөөлсөн явдал нь зөрчилтэй харагдаад байгаа юм.

-Ямар зөрчил?

-Хөдөлмөрийн тухай хуулиар бол  ажлаас чөлөөлөх болсноо надад сарын өмнө мэдэгдэх ёстой. Засгийн газар ажил олгогчийнхоо хувьд  миний эрхэлсэн ажлын талаар тодорхой зүйлийг хэлж, энэ чинь болохгүй байна, энэ чинь болж байна  гэх мэтийг хэлж, мэдэгдэх учиртай байлаа.

-Ажлаас чөлөөлөх тухай  таньд огт мэдэгдээгүй юм уу?

-Огт мэдэгдээгүй. Би энэ оны нэгдүгээр сарын 25-аас ээлжийн амралтаа эдлэхээр болсон байсан юм. Тушаал шийд нь ч гарчихсан байлаа. Үүнээс гадна би цөсний хагалгаанд ороод эмчилгээ дуусаагүй  ч, ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан юм.  Энэ байдлаас болоод биеийн дархлаа суларч, ханиад хүрч, сүүлдээ уушигны хатгаа тусах шинжтэй болсон.  Тэгээд тэр өглөө би эмчид үзүүлээд явж байтал туслах маань утасдаж, “Таныг ажлаас чөлөөсөн байна. Засгийн газрын тогтоол гарчээ. Ажлаа 10 цагт хүлээлц гэж байна” гэсэн. Уг нь би эмнэлэгт хэвтэх гэж байсан юм. Гээд яах билээ, төрийн ажлыг тасралтгүй явуулах ёстой. Нэгэнт тийм шийдвэр гарсан бол бие өвчтэй энээ тэрээ гээд гонгиноод байхыг би хүсээгүй. Тэгээд Ерөнхий сайд руу мессежээр, “Энэ ямар учиртай юм болоод байгаа юм бэ. Та надтай уулзах уу. Уулзах бол цаг өгөх үү” гэсэн утгатай юм бичиж илгээсэн. Ерөнхий сайд харин над руу “Уулзъя” гэсэн хариуг туслахаараа дамжуулж хэлсэн. Бид хоёр маш товчхон уулзаж ярилцсан.

-Гол нь юу ярив?

-Би Ерөнхий сайдад нэг л асуудал тавьсан. Тэр нь юу вэ гэвэл “Та яагаад урьдчилж  хэлж болоогүй юм бэ” гэсэн асуулт байлаа. Мөн түүнд “Би сэтгэлийн тэнхээтэй хүн. Төрийн албыг олон жил  хашиж явсан. Нэгэнт шийдвэр гарсан бол би ямар нэг байдлаар төрийн ажлыг удаашруулах, сунжруулахыг хүсэхгүй” гэж  хэлсэн.  Ерөнхий сайд надад “Урьдчилж хэлээгүйдээ уучлалт хүсч байна шүү” гэж байна лээ.

-Төрийн өмчийн хороог хоёр жил гаруй толгойлохдоо та ямар томоохон асуудлуудыг шийдэж чадсан бэ?

-Микро түвшинд Төрийн өмчийн хорооны аппаратыг шинэчилж өөрчлөхөд нэлээд зүйл хийсэн. Юуны өмнө бичиг хэргийн стандарт, гүйцэтгэлийн хяналтыг сайжрууллаа. Мөн төрийн өмчит компаниуд хуулиа хэр зэрэг мөрдөж ажиллаж байгаа дээр хяналт тавьж, зөрчлийг арилгуулах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.  Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа шалтгаан нөхцөлийг зөв тогтоож, засч сайжруулахад гол  анхаарлаа хандуулсан. Үр дүн нь ч гарч эхэлсэн.  Төрийн өмчийн хорооны даргын 280 дугаар тушаал гаргасан нь үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Тушаалын хэрэгжилтийг шалгасан эхний шалгалтаар компаниудад  11 төрлийн зөрчил илэрч байлаа. Гэхдээ эдгээр зөрчлийн  талаар бид сүр дуулиан болгож зарлаагүй л дээ. Гол нь зөрчлөө арилгахыг даалгаж, хяналтаа тавьж байсан. Төрийн өмчийн хорооны ажилтнуудын эрхэм ёс суртахуун, түүний шалгуур дээр ихээхэн анхаарсан. Энэ байгууллагын ажилтан бол мэргэжсэн төрийн албан хаагчид. Ийм хамт олонтой ажилласандаа би их баярлаж яваа. Би ёс зүйн жижиг гэлтгүй асуудал бүр дээр шийдвэртэй ажилласан. Наад зах нь ажлын байранд тамхи татдаг, архи уудаг явдалтай эвлэрч суугаагүй. Гадаад явж ирээд өрөөндөө архи уух явдал тогтсон үзэгдэл байсан. Иймэрхүү замбараагүй байдал ажлын үр дүнд  нөлөөлөөд байдаг юм. Хэн нь ажил дээрээ архи уугаад байгааг  бусдын мэдээллээр биш,  би өөрөө  тогтоож, тушаал шийдвэрээ гаргаж байсан.

-Архичин олон байсан уу?

-Хамт олонд нэг хэсэг л хүмүүс байдаг. Нэг удаа ажлын өрөө тасалгаануудын  үүдээр явж байтал нэг өрөөнөөс архи, тамхи үнэртэж байсан. Явж ортол тэнд арваад хүн архи ууж, тамхи татаж байсан. Би тэдэнд  олон юм яриагүй, шууд л  “За, та нарт хуулийн дагуу арга хэмжээ авна” гээд гарсан.  Маргааш нь 10 хүнд хөдөлмөрийн хуулийн 131-ийн 2-оор, нэг сар үндсэн цалингийн 20 хувийг хасч арга хэмжээ авсан. Үүнээс болоод манайхны дунд “10-ийн А-гийнхан” гэсэн шог яриа гарсан байлаа. Ухаандаа энэ нь арвуулаа архинаас болж шийтгүүлсэн гэсэн үг юм билээ. Хэдийгээр энэ нь шог үг яриа мэт боловч хүмүүсийн сэтгэл зүйд ихээхэн нөлөө үзүүлсэн байлаа.  Архи уух нь тухайн хүний хувийн асуудал юм л даа. Тиймээс  би тэднийг огт архи уухгүй байх талаас шаардаагүй. Ажлын байран дээр архи уух ёсгүй. Архи уух бол баар ресторанд нь очоод уудаг юм байгаа биз. Гэхдээ зохистой хэрэглээ чухал гэдгийг хэлдэг байсан. Түүнээс хойш хамт олон ажлын байранд архи уухыг таслан зогсоосон. Энэ жижиг зүйл мэт харагдавч, ажилтнуудын сэтгэлгээнд өөрчлөлт орсон ба компаниудын удирдлага, хамт олонд нөлөөлсөн.

-Таныг анх энэ ажлыг авахад төрийн өмчит компаниуд нийтдээ хэдэн төгрөгийн өртэй байсан юм бэ?

-2012 оны үр дүнгээр нийтдээ 63 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Үүнийг хараад би ерөөсөө тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй юм байна гэж л бодсон. Тэгээд шуурхай мониторингийн группүүдыг ажиллуулсан.  Компаниуд дээр өөрийн биеэр очихоос өмнө тэдгээр группүүдийг  явуулаад бүх зүйлийг тандаж судлуулдаг  байлаа. Мониторингийн группүүд муу болгоныг нь тоочихдоо гол биш,  компанийг урагшлуулах ямар арга зам юу байна гэдгийг олж тогтоох явдал чухал байсан юм. Худалдан авалт, хуулийн хэрэгжилт, үр ашигтай ажиллах менежментийн арга барил гээд олон зүйл дээр дүгнэлт хийж байлаа. Тэгээд  компанийн нөхдүүдтэй сууж ярилцаад тодорхой шийдэл дээр санал нэгддэг байсан. Төрийн өмчийн хороо тушаах, дарамтлах гэхээсээ илүү харин тэдэнд зөвлөгөө өгөх, туслах, дэмжих үүрэг хүлээж ажилласан. Энэ мэтээр би тэр жилдээ 18 газраар биечлэн очсон. Шөнийн цагаар тухайн компани ямархуу байдалтай ажиллаж байгааг ч би өөрийн биеэр очиж үзэж байлаа. Иймэрхүү шаргуу ажиллагаа үр дүнгээ өгсөн. Товчхон хэлэхэд, алдагдалтай ажиллаж байсан тогтолцоог алдагдалгүй ажиллах тогтолцоогоор сольж чадсан. Компаниудын өр 2013 онд 15 хувиар, 2014 онд 34 хувиар тус тус буурсан. Энэ тухай би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт маш товч байдлаар танилцуулсан, амжилт хүссэн.  Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт /өмнө нь энэ хүнтэй хамтарч ажиллаж байсан, харамсалтай нь уулзъя гэхээр уулзана гэж уриалхан хүлээж аваад одоо хүртэл цагаа өгөхгүй, төрийн сайдын ёс зүйгүй хандаж байна л даа/ нар манай байгууллагын 1-2 газрын даргын мэдээллээр ажилласан. Энэ бол коммунист сэтгэлгээ. Т.Гэндэн гуайн “гурван мянган хүний амь” номонд …Хуучин нийгэмд 50000 мэдээлэгч ажиллаж байсан, оюутан байх үед нь, ажиллаж байсан байгууллага дээрээ нь найз, хамт ажиллаж байсан нөхдөөр нь тагнуулж байсан систем ажилладаг байсныг тодорхой бичсэн байна лээ. Одоо ямар мэдээлэгч нар ажиллаж байгааг мэдэхгүй. Ер нь өмнөх нийгмийн мэдээлэгч нарыг ХБНГУ-д зарлаж байсан, тэгвэл өнөөгийн монголын нийгэмд зарлах ёстой. Дахин ийм үзэгдэл гаргахгүй болгох хэрэгтэй. Одоо соёолж байна. Өвөөг нас барахад тухайн үеийн төрийн дээд удирдлага, аавыг нутагтаа очиж, Дорнод аймгийн Булган суманд аавтайгаа уулзах чөлөө олгоогүй. Нас барсан хойно чөлөө өгсөн байдаг. Тэгэхдээ оршуулганы үер найзаар нь тагнуулж байсан. Аймгийн ҮЭХорооны дарга Содов гуай өвөөгийн оршуулганы дараа аавтай уулзаад “Чамд зориулсан 300 төгрөгийг чамд өгье” гээд тагнуулсан талаар  тайлбарлаж хэлсэн байдаг. ТӨХ-ны эдгээр газрын дарга нар дараа нь надад хэлэх цаг нь ирэх байх.

-Урьд нь Төрийн өмчийн хорооны ажлын арга барил тааруу байжээ дээ?

-Үнэнийг хэлэхэд урьд нь төрийн өмчөөр тоглож болдог, төрийн өмчийг эзэнгүйдүүлдэг, идэж шамшигдуулдаг л тогтолцоо ноёлж байлаа шүү дээ. Ийм тогтолцоог өөрчилсөн. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр бараа материал авахдаа заавал урьдчилгаа  төлбөр төлдөг байсан. Урьдчилгаа өгнө гэдэг нь ерөнхийдөө хахууль  өгч байна гэсэн үг. Үүнийг зогсоосон. Ингэснээр чанаргүй бараа бүтээгдэхүүн шахдаг асуудал зогссон. Нөгөө ган бөмбөлөг байна. Ган бөмбөлөг  Эрдэнэтэд жилдээ 20 мянган тонн хэрэглэгддэг. Үүнийхээ 10 мянга орчим тонныг нь урд хөршөөс, 10 мянгыг нь хойд хөршөөс авдаг байлаа.  Би Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр очоод “Та нар энэ ган бөмбөлөгийг хийж чадахгүй юм уу” гэхэд тэд “чадна” гэсэн. Ингээд Дарханы үйлдвэр ган бөмбөлөг нийлүүлж эхэлсэн. Дарханы үйлдвэр өвөл зунгүй ажилладаг болж, Эрдэнэт үйлдвэр зөвхөн ган бөмбөлөгийн энэхүү зохицуулалтаар жилдээ 4 сая ам.долларын  ашигтай ажиллах болсон.  Зах зээлд шилжээд 20 гаруй жил гэж үзэхэд 100 гаруй сая ам. долларын ашгаа гадаад зах зээлд буюу хэдхэн гэр бүлд алдсан гэсэн үг. Энэ мөнгөөр одоогийн яриад байгаа олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хатуу хучилттай зам, төмөр зам барьчихсан байх ёстой.

-Таньд Засгийн газраас ямар нэг ажил санал болгосон уу?

-Одоогоор санал болгосон юмгүй  байна. Би хэн нэгэн хүн надад ажил бэлэглэнэ гэж ойлгохгүй байгаа. Ажлаа өгөөд, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад гарсан. Ажлаас чөлөөлсөн тухай тогтоолоо одоо болтол өгөөгүй байна. Хуулиар бол тогтоол шийдвэрийг нь албан ёсоор авах ёстой юм билээ. Тиймээс, ажил олгогч Монгол Улсын Засгийн газар учраас албан ёсоор түүнээс эрх зүйн акт, Засгийн газрын тогтоолыг авахаар өргөдөл өгсөн одоо хүртэл хариу аваагүй байна. Хууль хэрэгжүүлэхгүй завхруулж байна. 2015 оны 01 дүгээр сарын 20-нд ажлаас гэнэт чөлөөлж, ямарч ажил санал болгоогүй, зүгээр хаячихаад юу ч болоогүй юм шиг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар ажлаа хийгээд гадаад дотоодод маш их ажилтай завгүй явна даа. Би хэн нэгэнд садаа болохгүй юмсан гэсэн зарчимтай хүн.

 

-Энэ чинь хөдөлмөрийн харилцааны наад захын хэм хэмжээ зөрчигдөөд байгаа юм биш үү?

-Тийм ээ, зөрчигдөж байна. Засгийн газар өөрөө зөрчөөд байна шүү дээ. Ийм Засгийн газрыг би юу гэж ойлгохов. Намайг ажлаа хүлээлцэх гээд эмнэлэг дээрээс яваад очиход нэг муухай юм нь миний өрөөг лацадсан байсан…

-Яагаад өрөөг чинь лацадсан юм бол?

-Би их гайхсан. Гэмт хэрэгтэн болсон юм уу, оргоод явчих гэсэн ч юм уу, ойлгомжгүй байлаа. Хэн үүрэг өгсөн нь цаг хугацаа харуулах байх. Ийм ажлыг аль ч нийгэмд долигонуур, бялдуугч нар санаачилж хийдэг түүхтэй. Төрийн ажлыг тасралтгүй явуулахын тулд л би ажлаа хүлээлгэн өгсөн.

-Таны аав улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан билүү?

-Миний аав Дорнод аймгийн Булган сумын харьяат А.Дашнамжил  1964 оны “Намын эсрэг бүлэг” гэгч ул төрийн зохиомол хэрэгт  холбогдож хэлмэгдсэн юм. Тэгээд 1965 оны  нэгдүгээр сард цөлөгдсөн. Манайх хотод хоёрдугаар 40 мянгатад амьдарч байлаа. Өвлийн хүйтэнд  гудамжинд эд хогшлыг маань гаргаж хаяад,  Хятад жолоочтой ЗИС маркын машинаар, НАХЯ-ны харгалзагчтайгаар Өмнөговь аймагт цөллөгийн газартаа хүргэгдэж байсан юм. Би тэгэхэд бага байсан. Яг иймэрхүү  үйл ажиллагаа давтагдаж байна. Одоо чинь 1937 он биш, 1964 он ч биш.  Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж Үндсэн хуульдаа тодорхойлсон. Гэтэл тэртээх 50 жилийн өмнө надад, манай гэр бүлд тохиолдож байсан тийм хар үйл явдал дахиад тохиож байх шиг санагдах юм. Өвлийн хүйтэнд ажилгүй болгоно гэдэг захиалга байх. Ардчиллын төлөө тэмцэж явсан журмын нөхдийн хувьд ч гэсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар надад хүн чанар гаргаж болох л байсан. Ээж маань бага байхад хүний дор орж болохгүй гэдгийг байнга сануулдаг байлаа. Тэр үг чихэнд хоногшиж, луужин мэт болжээ. Хүнд гүтгүүлж, доромжлуулах тутам би өнгө ордог.

-Та аавыгаа  дагаад цөллөгт явж байхдаа хэдэн настай байсан бэ?

-Өмнөговийн цөллөгт давс ухах ажилд цөллөгдөөд байх үед би 7 настай байсан.  Өмнөговийн Гурвантэс суманд давсны артель гэж байсан, тэнд аавыг дагаад ажиллаж байлаа. Хамгийн сүүлийн цөллөгийн газар нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум юм. Аав бид хэд Гурвантэс суманд 5 жил ажилласан. Тэгээд аав маань нутаг орноо бараадах  хүсэлтээ МАХН-ын Төв Хороонд удаа дараа өгч байсан юм билээ.  Миний ээж Н.Тогтох, хүүхдүүд бид, тэр үед аавын төрсөн нутаг Дорнод аймагт очоод жил гаран болсон. Ээж номын худалдагч байлаа. Би өглөө эрт шинэ номыг нь  авч өгчихөөд сургуульдаа очдог байв. Амьдрахын тулд шинэ номоо хүүхдүүдэд ярьж өгч, одоогийнхоор багахан маркетинг хийж, номоо борлуулдаг байв. Аав дараа нь Түмэнцогтод  цөллөгдөж ажиллахад  би тэнд зургаа, долдугаар ангид сурч байсан юм.  Аав бид хоёр амьдралын шаардлагаар өвөл айлуудын хөлдүү жорлон ухаж мөнгө олдог байлаа.  Жорлон ухах нь овоо цалин өндөртэй ажил байсан. Бусад хүүхдүүдийг бодвол амьдралын зовлон бэрхшээлийг хар багаасаа  үзчихсэн, нэлээд хэрсүү, хэгжүүн  хүүхэд болсон байлаа. Нэг удаа түүх газар зүйн багш маань хичээл асуусан хүүхэд болгондоо  муу дүн тавиад байхаар нь би босч “Та хичээлээ олигтой заагаагүй байж, олон хүүхдэд дараалан муу дүн тавьж доромжилж байна” гэж хэлсний төлөө  бөөн юм болж байв. Сургуулийн захирал дуудлаа. Захирал “Чи юу зохион байгуулаад яваа нөхөр вэ” гээд загнасан. Би ч хэлсэн, “Наад багш чинь ардын хүүхдэд заах ёстой юмаа гүйцэд заахгүй байж муу дүн тавьж доромжилж байна” гэж. Энүүнээс болоод аавыг дуудуулсан. Харин аав минь ирээд юу ч дуугараагүй. Тэр мөчид аавын толгойд маш их юм эргэлдэж байх шиг санагдсан. Ингээд би захирлынхаа өрөөнд хоёр цаг сандал өргөж зогссон доо. Иймэрхүү зүйл их тохиолддог байсан. Ер нь бидний хүүхдүүд, аавын хаана амьдарч, цөллөгдөж байсан газар бүрт төрсөн байдаг. Дорнод, Улаанбаатар, Өмнөговь,Сүхбаатарт гээд л..монголынхоо өнцөг булан бүрт төрцгөөсөндөө.

-Одоо та  юу эрхэлж байна?

Би 2009 оноос Монголын Улс төрийн Хэлмэгдэгсэдийн холбооны тэргүүнээр ажиллаж, олон мянган хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Монголын нийгэмд буриад, барга, үзэмчин нар хамгийн их хэлмэгдсэн ард түмэн. Барга, үзэмчин цэргүүдийн асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй байсаар байна. Холбогдох байгуулага, удирдах хүмүүст олон жил хандсан боловч үр дүнд хүрэхгүй байна. УИХ-д энэ талаар сайн ойлголттой, тэмцдэг УИХ-ын дарга З.Энхболд, Г.Уянга, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ нарыг дэмжиж, энэ талаар ойлголттой  олон хүмүүсийг УИХ-д оруулах, олуулаа болж байж, энэ асуудлыг шийдүүлэх юм байна гэдгийг мах, цусандаа шингэтэл ойлголоо. Саяхан цагаатгалын хуулийн талаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцэж шийдвэр гаргасан байна лээ. Хуучинсаг, сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй хүмүүс хэзээ ч энэ тал дээр эргэлт гаргахгүй гэдэг нь энэхүү шийвэрээс харахад  тодорхой боллоо. “Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ” гэдэг болж байна. Хэлмэгдсэн хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүдийг хараад зүрх, сэтгэл шимшрэх юм. Ор сураггүй алга болсон хүмүүс болон 6000 гаруй хүний материал судлаагүй байна. Гэтэл Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өнөөдөр судалгааны албаа татан буулгаад сууж байна. Тэд сэтгэл гаргаж хийж чадахгүй бол төрийн өмнөөс ажил үйлчилгээ хэрэгжүүлэх үүргийн дагуу Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо хийхэд бэлэн байна.  Орчин үеийн эдийн засаг, нийгэм соёлын хэлмэгдүүлэлтийн эсрэг Хүний эрхийг хамгаалах үндэсний холбоог 2010 онд байгуулан  ажиллаж байна. Эдгээр ажлууд миний насан туршийн ажил… Удирдах дарга нь өөрчлөгдөхөөс, ажил үйлс нь мөнх үргэлжлэх болно.

-Та Дорнод аймгийн АН-д харъяалалтай юм уу?

-Ардчилсан намын дунд шатны намын ажил, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн даргын ажлаа амжуулаад явж байна. Би чинь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намд харъяалалтай. Гэр бүлийн намын эсрэг түүштай тэмцэж явна. Зарим хүмүүс ойлгодоггүй. Тухайлбал, Дорнод аймгийн хөгжил, хүний хөгжлийн төлөө нутгийн зөвлөл гэдэг энэ байгууллагыг яаж өөрчлөхөв,  үр бүтээлтэй юу хийхэв гээд зүтгэж байна. Монголын нийгэмд “Нутгийн зөвлөл” гэдэг ТББ нэг л хэв загварт орчихсон царцанги ийм олон нийтийн байгууллага байгаад байх уу. Үгүй, арай өөрөөр ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд хамт олны сэтгэлгээнд өөрлөлт хийхээс эхлэх нь зүйтэй юм. Аавын төрсөн нутаг Дорнод аймгийн Булган сумын “Нутгийн зөвлөл”ийн даргаар ажиллаж, орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хамтарч “Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт” сэтгэлгээг бий болгосноор орон нутгийн удирдлага, ард иргэд бид хийх ёстой сэтгэлгээгээр хандаж, Дорнод аймгаас зохион байгуулж байгаа бүхий л ажлуудад Булганчууд тэргүүлэх эгнээнд явж байна. Ийнхүү хүн бүхэн нутаг орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулдаг тийм сэтгэлгээг төлөвшүүлэхээр ажиллаж байна даа. Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа. Хөгжил хамтдаа байхыг хэлдэг.

Ярилцсан Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • p0ki8j9i (March 30, 2015 4:08:20 pm )

    darhan tumurlugiig hubichilhad hubi nemer ih oruulsan hvn de obooheden tugrug abaa bailgvi

  • Зочин (March 30, 2015 5:16:55 pm )

    Та үүнийг мэдэж байсан бол эрт асуудлыг шийдэхгүй яасан юм. Тэртэ тэргүй хуйдалдаанд оролцсоноос хойш цаад нөхөд чинь халж л таараа.

  • Өмнөговь (March 30, 2015 7:24:02 pm )

    Сайхан зүйл их харагдаад байна даа. Энэ хүн ямартай ч бүтээлч, хөдөлмөрч, бас юм үзсэн хүн юм. Хүмүүс, нэн ялангуяа атаархагчид, хардагчид, унтраагчид үүнийг ойлгохгүй л байх даа. Хувьчлах асуудал бол дан ганцхан луйвар биш, унасан салбар босох ч удаа бий шүү. Таны өгсөн ярилцлагыг хүн болгон уншдагсан бол зарим хүмүүсийн нүдийг нээхээр олон гоё үгс байна шүү. Хүн өөрийн цаг үедээ л юмаа хийх болохлоор урдах хүмүүсийнхээ тухай ямар нэг үг дуугараагүй ээ гэдэг маш том утга, агуулга, хүн чанар, хүний мөс ханхалж байх юм. Та сайхан амьдарна аа, сайн зүйл, эрч хүч танд учирна аа, санаа зөв бол заяа зөв гэдэг өвгөдийн үг танд заавал тусна аа, аз жаргал, эрүүлэнхийг хүсье!

  • jonon (March 30, 2015 11:00:54 pm )

    chi yxeegyi uu? uuruu xelmegdej yavsan yum bj tegvel chi uuruu xelmegdyylegch za! bi bol amid jishee ni… chi TETs-2iin neg xyniig ajilaa avsan xoino ni yaaj bgaad yavuullaa. minii l gesen byxen chamaig xaraaj amidarna. zail daa ter tam ruugaa! saixan yarisan, uur yum xiisen xynii adag shaar mini

  • 00000 (March 31, 2015 7:25:10 pm )

    юу ч хийгууэгүй нөхөр биз дээ, төрийн алба нь муу муухай зүйлтэй холбогдоод сүйрээд байхад, зайлсан нь дээр эээээ

antalya rent a car