antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2011 1 comment

Н.Алтанхуяг: Засгийн газар огцорвол иргэдэд л муу

нийтлэсэн Admin

altanhuygТэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай ярилцлаа.

-Сонгууль дөхөж намуудын үйл ажиллагаа идэвхжиж байна. АН ямар бодлого баримталж байна вэ?

-Бид хоёр жилийн өмнө ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэсэн. Аливаа баярыг тэмдэглэхдээ хийсэн зүйлээрээ бахархахаас гадна энэ нийгэмд юу хэрэгтэй байна гэдгийг харж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй гэдэг дээр манай намынхан санал нэгдсэн. Бид 20 жилийн дотор улс төрийн том өөрчлөлтийг хийж чаджээ. Үүнийг ч монголчууд дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа. Ардчилалтай улс болоход том ололтуудыг авчирсан байна. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэр байтугай Сингапур гэдэг асар их хөгжсөн орноос ч илүүтэйгээр ардчиллыг бий болгосон байгаа юм. Гэхдээ бидэнд дутуу хийсэн зүйл бас байна. 1989 онд тэмцэж, жагссан хүмүүсийн ганц хүсэл нь эрх чөлөөтэй боломжийн амьдрах байсан. Тэгэхээр бид боломжийн амьдралыг хангаж чадаж байгаа юм уу”, үгүй юу гэдгээр асуудлыг харсан. Тиймээс л “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг орон даяар явуулахаар болсон юм. Бид өнөөдөр эдийн засаг ярьж, тоо хөөцөлдөөд байгаа болохоор монгол хүн хаягдаад байгаа юм. Үүнд эдийн засгийн хувьсгал ч чухал нөлөөтэй юм байна.

Олон зүйлээр хувьсгал хийхийг шаардаж байгаа. Нэгдүгээрт уул уурхай дээр түшиглэж амьдарч байгаа хэв маягаа өөрчлөх шаардлагатай. Хоёрт манайх экспорт, импорт нэг орноос хамаарсан хэвээрээ байна. Гуравт баян, ядуу орлогын түвшний ялгаа улам бүр нэмэгдэж байна. Дөрөвдүгээрт бэлэнчлэх сэтгэлгээ өсч хүмүүсийн ажил хийх сонирхол буурч байна. Тавдугаарт хүний хөгжлийн асуудал орхигдож байна. Ийм таван шалтгаанаар эдийн засгийн хувьсгал хийх ёстой гэж үзэж байгаа.

-Намынхаа дүрмийг өөрчилсөн гэж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Дүрмийн өөрчлөлтөө сонгуулиас өмнө хийх үү?

-Өөрчлөлт оруулах болов уу, үгүй болов уу гэдэг эргэлзээтэй байгаа. Учир нь Сонгуулийн хууль нь өөрчлөгдөхгүй байна. Тиймээс дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг одоохондоо хойш тавьж байгаа.

-Сонгууль дөхөж Сонгуулийн хууль өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна. Уг асуудалд намын даргын хувьд ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Яахав УИХ-ын гишүүд хэлэлцэж ярилцаад өөрчилнө биз. Гэхдээ сонгуульд зориулж орон нутгийн засаг захиргааны нэгжийг жижигрүүлэхгүй шүү. Тойргийг бүр жижиг болгож болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Манай бүлэг ярилцаад хамгийн жижиг тойрог бол аймаг байх юм байна гэж тогтсон. Үүнээс өөр хувилбар байж болохгүй.

5-Нийслэлийн тойргийг ч өөрчилж болохгүй гэсэн үг үү?

-Улаанбаатар зургаан том тойрогтой. Хуучнаараа л явах нь зөв. Харин хэдэн мандаттай байх вэ гэдгийг ярьж байгаа. Хүн ам ихтэй учраас илүү олон төлөөлөлтэй байх тухай ч яригдаж эхэлсэн. 1990 оны эхээр сонгуулийн хууль гарч тойрог хуваасан байдаг. Тэрнээс хойш Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүн олон сонгогчтой, орон нутагт нэр дэвшиж буй гишүүд цөөн сонгогчтой болж хувирсан. Үүний уялдаа холбоог хангах хэрэгтэй гэдгийг л өнөөдөр ярьж байна. Тэгэх ч ёстой.

-Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Шийдэх арга нь их хялбар. Хэн хэнийгээ муу ажил хийчихлээ гэж хардахгүйн тулд хүн амын сүүлчийн тоог харж байгаад л хуваачихна. Харин үүнийг ярьж эхэлснээр АН нийслэлд их дэмжлэг авдаг учраас мандатын тоог нь олон болгох гэж байна гэцгээж эхэлсэн. Энэ бол тийм биш. Угаасаа Улаанбаатарт хүн ам нь төвлөрчээ.

-Саяхан нэг яриа гарсан. Тойргийн хуваарилалтыг дахин хийх гэж байгаа гээд л?

-Манай бүлэг хуралдаад энэ асуудлыг хаасан. Тухайлбал Булган аймгийг яаж хуваах гээд байгаа юм гэдэг асуудал босно шүү дээ. Тэгэхээр 26 тойрог хэвээрээ байх ёстой. Үүнээс илүү жижигсгэж олон болгож болохгүй.

-Гэхдээ Сонгуулийн хуулийг баталж чадах болов уу. Хоёр нам тоон дээр тохиролцохгүй байгаа?

-Манай нам тоо ярихаасаа өмнө яах гээд байгаагаа хэлэлцье гэсэн. Тоо ярих дээрээ тулбал анх 26:50 гэсэн хувилбарыг манайхаас дэвшүүлж байсан. Тэгээд буулт хийж 38:38 болгосон байдаг. Гэтэл өөдөөс 48:28 гэж гүрийгээд хэн ч ойлгохгүй юм болгочихож байгаа юм. Сүүлдээ тоогоор тоглож байгаа байхгүй юу. Тиймээс манай намынхан энэ байдлаас гарахын тулд тоог нь хойш тавьж бусад асуудлыг нь эхлээд хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Тооноос илүүтэйгээр гэдэс дотрыг нь цэвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тоогоор тоглосоор байгаад юу ч хийж чадалгүй үлдэх нь байна шүү дээ.

-Эцсийн дүнд тоон дээрээ тохирч чадахгүй бол яах вэ?

-Тоогор тохирчихоод гэдэс дотроо ярьж хэрэлдэхээс хавьгүй дээр. Учир нь тоон дээрээ тохирчихоод хуваарилалт хийх болоход хүмүүс өөрийнхөө эрх ашгийг харах гээд байдаг юм.

-Та Таван толгойн ордыг ашиглах ажлын хэсгийн ахлагч. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд буцаалаа?

-Таван толгойн ажил явагддагаараа явж байгаа. “Эрдэнэс Монгол” гэсэн компани байгуулаад хөрс хуулалт хийж нүүрсийг нь олборлож байна. Мөн эндээс арван хувийг нь ард иргэддээ тараагаад өгчихсөн. Дахиад арван хувийг нь ард иргэддээ өгөх үү гэдэг асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. 51 хувь нь Монголын төрд үлдэнэ. 29 хүртэлх хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж худалдаална. Ийм л байгаа юм. Үүний зэрэгцээ гадныхныг оруулах шаардлагатай байна. Энэ бол манай талын цэвэр байр суурь. Учир нь гадны нөлөө бүхий компаниудаас энд оруулчихвал Хятадын нутгаар нүүрсээ хөнгөлөлттэй үнээр тээвэрлэх боломж олдох магадлалтай. Оростой ч гэсэн энэ талаар тохирох хэрэгтэй байна. Энэ мэт олон ажлыг хий гэж УИХ-аас даалгасан. Түүнчлэн олон орны ашиг сонирхол орсон учраас гэнэтхэн шийдээд, гэрээ хэлэлцээр хийж болохгүй байна.

-Яагаад Таван толгойг хоёр хувааж байгаа юм бэ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ингэж хэлээгүй. Гэхдээ тийм ойлголттой хүн маш их байгаа. УИХ-аас ийм үүрэг өгөөгүй гэтэл та нар Таван толгойг хоёр хуваачихаж гэж яриад байгаа юм. Ингэж тусгаарлахаас өөр аргагүй. Нэг хэсэгт нь бид өөрсдөө үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Харин үлдсэн хэсэг газрыг нь шалгарсан Компанид өгөх ёстой биз дээ.

-Таван толгойн хувьцааг сурагласан хүмүүс маш их байна. Хэзээ уг хувьцааг ашиглах боломж бүрдэх вэ?

-Засгийн газраас хүн бүхэнд данс нээгээд өгчихсөн байгаа. Гэхдээ яагаад гарт нь өгөхгүй байна гэхээр үнэгүйдэхээс сэргийлж байгаа юм. Олон улсад худалдаалах хувьцааг гаргаж зарж эхлэхэд таны гарт байгаа хувьцаа чинь үнэд орно. Ямар хэмжээний хөрөнгө болох нь мэдэгдэнэ. Тэгэхээр ирэх оны тав, зургадугаар сар хүртэл хүлээх хэрэг гарах байх.

-Хувьцааны данс нээхэд таван мянган төгрөг авч байна гэсэн. Энэ зөв үнэлэмж үү?

-Буруутгахгүй. Ер нь манайхан мөнгөгүй нийгэмд байгаа гэсэн ойлголтоо авч хаях хэрэгтэй. Сая УИХ-ын чуулган эхлээд олон асуудлыг ярьж байсан. Тэр 21 мянган төгрөгөөс 350 төгрөг авдаг нь буруу, хувьцааны данс нээгээд таван мянган төгрөг авдаг нь буруу гэх мэт. Гэхдээ аливаа зүйлийг хийж байгаа л бол үнэлүүлэх хэрэгтэй биз дээ. Үүнийг том асуудал болгож, босгосон зүйлээ нураамааргүй байна. Иргэд түүнээс их мөнгийг төр засгаасаа авч байгаа. Гэхдээ хэмжээг нь сайтар нягталж, тохирсон үнэлгээг нь өгөх хэрэгтэй. Огт үнэгүй болгоно гэдэг буруу.

-Таван толгойгоос гадна Оюу толгойн асуудал хурцдаж байна. Энэ асуудлыг яаж харж байгаа вэ?

-Засгийн газар хууль зөрчөөгүй. Оюу толгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж баталсан байдаг. Тодорхой хугацааны дараа 34 хувиа 50 хувь болгоно гээд гэрээндээ заачихсан. Миний бодол ч гэсэн тийм. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр ярих шаардлагагүй. Бид жижигхэн зүсэм талх булаацалдаад байдаг болчихож. Тэгээд тэр талхаа эргүүлж тойруулж, энд тэндээс нь мэрсээр байгаад бүх ажлыг нураах юм. Тэгэлгүйгээр Оюу толгой, Таван толгойг явуулах хэрэгтэй. Хөгжих гэж байгаа л юм бол эдгээр ажлыг хийх хэрэгтэй. Мэдээж том ажлыг эхлүүлэхэд алдаа гарна. Үүнийг нь шүүмжлээд байх биш, хэлж засаад л явуулчих хэрэгтэй юм. Цаашдаа ч гэсэн биднээс илүү ухаантай хүүхэд төрнө. Тэд нар нь өөрсдийнхөө орчин нөхцөлд тохируулан засч янзлаад явчих байлгүй дээ. Энэ боломжийг нь гэрээндээ тусгачих гээд оруулчихсан байгаа шүү дээ.

-Хамтарсан Засгийн газрыг тарах ёстой гэсэн асуудлыг гишүүд сөхөж байна. Үүнд тайлбар хийхгүй юу?

-Үнэхээр буруу зөрүү юм хийж байгаа бол тарж бутрах нь зөв. Засгийн газрыг байгуулсны маргааш л энэ асуудал хөндөгдөж эхэлсэн. Харин монголчуудын аз түшээд гурван жил оршин тогтнолоо. Яагаад аз түшээд гэж байна вэ гэвэл би улс төрд ороод 22 жил болоход Засгийн газрыг унахад ардчиллын зарчим л гэдэг байсан. Харин газар дээрээ шал өөр юм байна. Засгийн газар огцроод байвал ард иргэдэд л муу. Улс орны хөгжилд чөдөр тушаа болдог юм билээ. Гэхдээ муу муухай зүйлийг халхлаад бай гэсэн үг бас биш.

-Засгийн газрыг огцруулах нь, муу Засгийн газартай удаан байснаас хавьгүй дээр гэсэн яриа байгаа?

-Тэгвэл муу гэдгийг нь нотлох хэрэгтэй. Би гурван ч удаа Засгийн газарт орж ажиллаж байна. Ажиглаж байхад жижиг оронд тогтвортой улс төр л хэрэгтэй юм байна гэдэг байр суурьт хүрсэн.

-Танай намын гишүүд л Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөхөж байгаа шүү дээ?

-Энэ бол манай бүлгийн байр суурь биш. Харин УИХ-ын гишүүд эрхээ эдлэх, хэрэгжүүлэхэд нь би намын даргын хувиар хаалт тавьдаггүй. Гэхдээ нэг л намын гишүүд юм чинь уг асуудлыг бүлгээр хэлэлцэж шийдэх ёстой байсан.

-АН-ын Алтан гадас фракцынхан Хамтарсан засгаас гарахгүй гүрийж байна гэсэн яриа гараад байгаа?

-Манай нам дотроо фракцалж хэрэлддэгээ болиод гурван жил болж байна. Үүнийг ч намынхан сайн ойлгож байгаа. Тэгээд бусдын явуулгаар тэр фракц чинь тэгж байна гэхэд нь чулуу барьж очоод цохидгоо больсон. Манай нам хэрэлдээд хөгжихгүй гэдгийг асар өндөр үнээр ойлгосон. Бид 22 жил эрх чөлөөний төлөө тэмцэж байж, тэрнийхээ 17 жилд нь хоорондоо жийлцэж байж бусдын зууш болсон. Засаг барьсан дөрвөн жилдээ ч жийлцсээр л байсан даа.  Тиймээс бусдын шидсэн чулуугаар явахаа больё гэж АН-ынхан үзэж байгаа. Ард иргэд ч үүнийг дэмжиж байна. Эд нар чинь нялхсын өвчнөөр өвчилж олон долоон юм солиороод байхаа больчихож гээд бидэнд их сайн байна, иргэд.

-Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал хувь гишүүдийн улс төр хийж байгаа байдал гэж ойлгож болох уу?

-Фракц гэсэн асуудал байхгүй. Хуучин тэр чамайг тэгж байна лээ гэхэд чулуу аваад л толгойг нь хага цохидог байсан. Тэгээд толгойгоо хагалуулсан нөхөр нь ч гэсэн хүн л юм хойно эргэж хараад толгойг нь хагалах гэж оролдоно биз дээ. Нэг хэсэг ийм байсан. Гэхдээ өнөөдөр энэ хачин асуудал ор мөргүй алга болсон гэж хэлж болно. Одоо манай нам хатуужиж байна.

-Хамтарсан засаг унавал яах вэ?

-Би өнөөдрөөрөө амьдардаг. Бодит ажил хийгээгүй л бол илүү юм ярьж шүлсээ үсэргэх шаардлагагүй гэж боддог. Энэ асуудлын оронд ард иргэдээ яримаар байна. Монгол шүлс үсэргэснээр хөгжихгүй. Бодит ажил хийснээр хөгжинө. Одоо сонгууль дөхөж байна. АН-ыг задлах хүсэл олон газар бий. Болж өгвөл Алтанхуягийг огцруулах жагсаалыг нь дахиад өрнүүлэх юмсан гэсэн эрмэлзэл, хүсэл, явж байгаа.

Л.МӨНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 25, 2011 6:35:05 pm )

    Altanhug mini ard tumnii nuruu harin ch teniine, harin chamd l idej uuh bolomj chini humigdaj muu bolno doo, uls toriin ….. mini

antalya rent a car