antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2011 Comments are off

Дэлхийн аваргын түүхийг баяжуулсан чөлөөтийн бүсгүйчүүд

нийтлэсэн Admin
Манай сайт болон Шууд телевизийн ажилтнууд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдаа Чингис хаан олон улсын нисэх буудалд буухад нь Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай хамт тосч сэтгэгдлийг нь сонссон юм.

ОУХМ дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг:
Шүүгч миний оноог оросын бөхийн талд заасан

-Анхныхаа медалийг Стамбулын дэвжээнээс хүртсэнд баяр хүргэе. Бөхчүүдийнхээ барилдааны салхийг амжилттай хагалж, араасаа олон медаль дагууллаа?
-ДАШТ-д анх удаа ороод мөнгөн медаль хүртсэндээ баярлаж байна, гэхдээ алтан медаль ч байсан. Хойшдоо их сургамж болох нь дамжиггүй. Дараа дараагийн дэлхийн аварга, олимпийн наадмуудад Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа улам эрч хүчтэй, улам сайн хийнэ гэж бодож байна.
-Чиний барилдааныг Монголчууд үзэж дэмжиж байсан. Бараг л алтан медаль хүртчихлээ гэж ярьж байлаа.  Шүүлт ямар болсон гэж үзэж байна?
-Би бол өөрийгөө аварга болсон гэж бодож байгаа. Шүүгч нар илт оросын бөхийн талд байсан. Сүүлд нь сонсохнээ оросууд эмэгтэй жингүүдэд аваргагүй үлдэх магадлал өндөр байсан, тиймээс миний жинд барилдсан хамгийн түлхүү бөхөө аварга болгохын тулд миний оноог орост заасан гэсэн.
-Манайхан шүүлтийн тал дээр сэтгэл дундуур байгаа. Будилаан орсон гэж илт мэдрэгдэж байв уу?
-Тиймээ би угаасаа оноогоо авчихлаа гээд баярласан. Гэтэл шүүгч миний оноог оросын бөхөд заачихсан. Шүүгч тэгж шүүсэнд харамсалтай л байна, гэхдээ одоо яая гэхэв хойшид том сургамж болох байх.
-Хамгийн хэцүү барилдаан ямар барилдаан байв?
-Оросын бөхтэй алтан медалийн төлөө барилдсан гуравдугаар үеийн барилдаан л хамгийн хэцүү байсан даа. Эхлээд маш их баярласан, дараа нь бас их харамссан. Тэр барилдааныг л нэрлэх байна. Өмнөх барилдаануудад сэтгэлзүйгээ их бэлдэж гарсан. Ер нь өөрийнхөө өмнөх барилдааныг бичлэг хийгээд, багш нартайгаа тэрэн дээрээ анализ хийж улмаар тэрэнтэй ингэж тэгж барилдах юм байна гэж ярилцаад дэвжээнд гарч байсан болохоор гайгүй байсан.

О.Насанбурмаа: Медалиа ихэрлүүлчих юмсан гэж их хүссэн

-Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. Үнэхээр баяртай байна.
-Өрсөлдөгч нарын хувьд хэр байв? Хамгийн хэцүү барилдааныг нэрлэвэл?
-Өрсөлдөгчид бүгд л хүчтэй байлаа. Манай жинд 45 тамирчин барилдсан, зургаан тойрог барилдсанаас эхний тойрогт хийлээд Румын, ОХУ, Венесуэл, Унгарын бөхтэй барилдаж улмаар хүрэл медалийн төлөө Ардчилсан Солонгосын бөхтэй барилдаж улмаар хүрэл медалийн болзол хангалаа.
-Чиний барилдааныг харахад өрсөлдөгчөө нилээн харж, отож барилдаж байсан. Ямар тактик хэрэглэв, өрсөлдөгч нраа хэр судлав?
-Ер нь өрсөлдөгч нараа их судалсан. Бүх өрсөлдөгчидтэйгөө Лондоны олимпод дахин таарах нь тодорхой. Сүүлийн хэдэн жилд нэг цаг үед ид барилдаж байгаа бөхчүүд болохоор янз бүрийн тэмцээнд олон удаа хамт оролцож бүгдийнх нь барилдааныг мэддэг болсон байсан. Тиймээс дэвжээнд гарахдаа багштайгаа ярилцаад энэ тамирчинтай ингэж барилдвал зүгээр, тэгвэл зүгээр гээд тухай тухайн үедээ багшаасаа зөвлөгөө авч гарч байсан.
-Хамгийн гол барилдаан буюу сэтгэл ханамжтай байсан ямар барилдаан байв?
-ОХУ-ын бөх Любовь Волосоваг хожиход л их баярласан даа. Улаан-Үдэд хамт бэлтгэл хийж байлаа. Бас урьд нь олон улсын тэмцээнүүдэд 2007, 2008 онд таарч ялагдаж байсан. Гэтэл тэр бөхтэйгөө дэлхийн аваргад хариуцлагатай барилдаанд дахин учраа таарсан. Гурван үе барилдаад клинчээр хожсон. Тэр барилдаанд гарахын өмнө багш маань “Ер нь хоорондоо зэрэглэл ойр тамирчид, бүгд эн тэнцүү шахуу, тиймээс хэн илүү сийрэг ухаантай нь хожно шүү миний охин, сайхан бодох юмгүй сайхан үзээдэх” гэж их зоригжуулж, халааж, ингэ тэг гэж зөвлөөд гаргасан. Тэгээд яг барилдая гэснээрээ л барилдсан, ялсан. Ялаад их баярласан.
Энэ барилдаанаас гадна олимпийн эрх авах барилдаанд бас эмээж байсан. Хүрлийн төлөө барилдах үед зүгээр л монголдоо тэмцээн уралдаанд оролцдог шигээ тайван, биеээ суллаж барилдаж болохгүй байсан. Асар их хариуцлагатай барилдаан, медалиа ихэрлүүлчих юмсан гэж бодохоор, итгэл найдвар хүлээлгэсэн хүмүүсээ баярлуулах юмсан гэж бодохоор өөрийнэрхгүй биеэ барьж сандрах байдал гарч байсан.

Б.Оюунсүрэн: Хятадын бөхийг ялах байсан, ялагдсандаа их харамссан.

-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа. Барилдаан болгон хүнд өрсөлдөгчтэй таарлаа. Дөрвөн тойрог барилдсан, аваргын төлөө хятадын бөхөд ялагдчихлаа. Хэсгийн аваргын төлөө японы бөхийг ялсан. Канадын дэлхийн гурван удаагийн аварга гэх мэт нилээн хүнд өрсөлдөгч нар орсон.
-Анх удаа оролцож байгаа ДАШТ-аас анхныхаа медалийг авлаа шүү дээ?
-Тиймээ. Анх удаа дэлхийн аваргад орж байгаа учраас биеэ барьж тэдэх үе гарч байсан. Гэхдээ багш нарынхаа зөвлөснөөр шулуухан л барилдсан. Анх удаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэндээ их баяртай байна.
-Медалийн тавцанд юу бодогдов?
-Өө тэгээд л юм юм л бодогддог юм билээ. Хятадын бөхийг ялчих бодолтой, алтан медаль авчих санаатай байсан болоод ч тэрүү медалийн тавцанд их л харамсаж зогссон. Гэхдээ төрийнхөө далбааг хараад их сайхан санагдаж тайвширсан.
-Отгонцэцэг урьд өдрүүдэд нь бас алтын төлөө барилдаад ялагдсан. Энэ барилдаанаас сэтгэл зүйд нөлөөлж байв уу?
-Отгонцэцэг маань бас ялах боломжтой байсан. Клинчээр гуравдугаар үед ялагдсан, бас их харамсалтай барилдаан хийсэн учраас имй юм битгий болоосой л гэж бодож байлаа. Янз янзын юм бодогдож байсан, гэхдээ барилдаан бүрт л шүүгч нь эсрэг бөхийн талд байсан ч хамаагүй ялна л гэж гарсан.

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны менежер Э.Сайнсанаа:
Лондоны олимп хүртэл тамирчдаа дэмжинэ

-Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас чөлөөт бөхийг дэмждэг. Дэлхийн аваргад оролцоход иж бүрэн биеийн тамирын хувцас хэрэглэлээр хангасан. Энэ бол тамирчдын хувьд том хөрөнгө оруулалт сэтгэл санааны ихээхэн урам дэм болсон байх?
– Стамбулын дэвжээ манай монголын бөхчүүдэд ээлтэй байлаа. Манай эмэгтэй баг тамирчид түүхэн амжилтыг үзүүллээ. ҮХОБанкны хувьд Чөлөөт бөхийн холбоотой Лондоны олимпийг хүртэл гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 150 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүрээнд assecs брэндийн хувцас хэрэглэл 2010 оноос чөлөөтийн тамирчид маань хэрэглэж байгаа.
Ер нь манай банкны удрдлага болон ажилтнууд бөхийн спортод их элэгтэй анхнаас нь дэмжиж ирсэн. Энэ ажлын маань үр дүн энэ удаагийн дэлхийн аваргаар ингэж гарч байгаад баяртай байна. Гэрээний дагуу үргэлжлүүлэн хийнэ. Цаашдаа бэлтгэл сургуулилтад хэрэглэгдэх бүх төрлийн техник хэрэгсэл эм бэлдмэл өгөх болно.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар:
Дэлхийн аваргад багаараа 3-т орсон түүх байхгүй

-Баяр хүргэе багаараа гуравдугаар байранд орж түүхэн амжилт үзүүллээ.
-Энэ дэлхийн аваргын хувьд манай охидууд гайхамшигтай амжилт үзүүллээ гэж үзэж байна. Ер нь баярлаад барахгүй байна даа. Монголын спорт 90 жил хөгжсөн түүхтэй, энэ хугацаанд олимпийн төрлөөс ингэж дэлхийн аваргад багаараа гуравдугаарт орсон түүх байхгүй. Энэ түүхийг бичилцэж сэтгэл зүрх хүч хөдөлмөрөө гаргасан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэльте
-Гурван  медаль, нэг шагналт байрын амжилт үзүүллээ. Үүнээс илүү амжилт гаргах боломж байсан уу?
-За үүнээс илүү амжилт бол ерөнхийдөө харагдаж байлаа. Медаль авсан хүмүүс, медалийн төлөө барилдсан бхөчүүд бүгд нэг нэг шат ахих боломж байлаа. Бас дахин нэг шагналт байр авчих ч боломж байсан. Энэ боломжийг алдсандаа жаахан харамсаж байна, гэхдээ өшөө боломж цаг хугацаа, тэмцээн уралдаан бидэнд байгаа.
Бурхан тэнгэр харж үзэж, монголын ард түмний маань сүлд хийморь ивээж, ДАШТ-д ингэж багаараа гуравт орсон сайхан амжилт үзүүлээ. Юуны өмнө ард түмэндээ баярлалаа гэж хэлэх байна. Хүний сэтгэл ханашгүй шүү дээ тийм ээ. Бүр их амжилтын оргил өөд авирах гэж бодож байна. Бид авирна, амжилтаа ч бататгана, ахиулна.
Энэ амжилтдаа ташуурахгүй бид бүр их бэлтгэл сургуулилтаа улам сайн хийнэ.Мөн энэ дашрамд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ач Бүрд компани, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын хороо, Олимпийн хороо гээд бидэнд тусалдаг, хамтран ажилладаг  бүх байгууллага хамт олон энэ амжилтыг гаргахад их нөлөөлсөн шүү. Тэдэндээ баярлалаа гэж хэлье. Энэ дэлхийн аваргад биднийг дэмжсэн олон байгууллага хүмүүс байгаа. Хүүхдүүдийн маань сэтгэл санаа ч их өндөр байсан.

Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батбаяр:
Манай эмэгтэй бөхчүүд түүхэн амжилт гаргалаа

-Та ДАШТ-д ямар үүрэгтэй оролцов?

-Юуны өмнө залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч намайг насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцуулж тодорхой үүрэг хүлээлгэсэн МЧБХ-ны удирдлагадаа талархлаа илэрхийлье. Би энэ ДАШТ-ний үеэр эрэгтэй, эмэгтэй төрлөөр олимпийн эрх авч байгаа, авах боломжтой бөхчүүдийн барилдааны бичлэг, судалгааг хийлээ. Энэ бүхэн нь манай бөхчүүд олимпийн эрх олгох цуврал тэмцээнд оролцоход хэрэгтэй болох юм. Тэрчлэн би эмэгтэй бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтийг зохион байгуулахад бусад дасгалжуулагч нарынхаа хамт оролцсон.
-Та урьд нь ДАШТ-д 3 удаа тамирчнаар, энэ удаа 5 дахь удаагаа дасгалжуулагчаар оролцлоо, санал бодлоо ярина уу?
-Энэ удаагийн ДАШТ нь олимпийн өмнөх жилийн, олимпийн эрх олгох тэмцээн гэдгээрээ их өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд 3 медаль хүртэж хамгийн гол нь багаараа 3 дугаар байр эзлэн хүрэл медаль, цом хүртлээ. Энэ бол их спортын түүхэнд манай эмэгтэй чөлөөт бөхийн баг түүхэн хуудас нээлээ гэж хэлж болно. Урьд нь ийм өндөр амжилтыг аль ч спортын төрлөөр гаргаж байгаагүй юм. Энэ бүхэн бол бөхчүүд, дасгалжуулагч гэсэн хэдхэн хүний хөдөлмөр биш ээ. Энэ бол МЧБХ-ны удирдлага, хамтарч ажилладаг БТСХ, МҮОХ, спортын клубүүд, манай чөлөөт бөхийн спортыг ивээн дэмждэг аж ахуйн нэгж, дасгалжуулагчид, бөхчүүдийн цогц хамтын ажиллагааны үр дүн, хамтын хөдөлмөр, сүүлийн хэдэн жилийн зүтгэлийн үр дүн юм шүү. Тийм учраас дээр дурдсан байгууллага, нэр нь дурдагдахгүй байгаа хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

-Медаль авсан бөхчүүдийнхээ тухай?
-Д.Отгонцэцэг 51 кг-ийнхаа шилдэг бөх, сүүлийн гурван жил бүх өрсөлдөгчөө дийлж байна. Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш биечлэн ирж түүнийг дэмжлээ.
О.Насанбурмаа “Хүч” нийгэмлэг, “Алтай констракшин” компанийн бөх, энэ компани энэ оны нэгдүгээр сараас түүний бүх эм, витаминжуулалтыг дааж байлаа. О.Насанбурмаа маань бүх хүмүүсийн итгэлийг дааж эмэгтэйчүүдээсээ хамгийн түрүүнд олимпийн эрх авч ДАШТ-ний хошой хүрэл медальтан боллоо. Манай бүсгүйчүүд олимпийн наадамд бүтэн бүрэлдэхүүнээрээ оролцох зорилготой байгаа юм.
55 кг-ийн жинд барилдсан Б.Номин-Эрдэнэ, Б.Оюунсүрэн хоёр ДАШТ-нд анх удаа оролцсоноос Б.Оюунсүрэн маань мөнгөн медаль хүртсэнд баяртай байна. Б.Оюунсүрэн маань энэ жил 21 настай идэр залуу байна, “Хангарьд” клубын бөх. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь манай чөлөөт бөхийн спортод дэмжлэг үзүүлдэг болсоор олон жил болж байна. 2007 он хүртэл манай бөхчүүдийн оролцсон том тэмцээн, бэлтгэл сургуулилтийн зардлыг бүрэн даадаг байсан. Үүнд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, тус үйлдвэрийн дэд дарга байсан Д.Болдбаатар гуайн зүтгэл хөдөлмөр их үүрэгтэй байсныг онцлон дурдмаар байна.
Энэ он гараад Б.Оюунсүрэн бэлтгэл сургуулилтаа олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаатай хамт хийж байсан, тэр бүх зардлыг “Хангарьд” клуб хариуцаж байсан. Энэ бүх ажлыг тус клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар чадварлаг зохион байгуулж байсан юм.
Энэ ДАШТ-нд бид эмэгтэй төрөлд 4 нөөц бөхтэй ирж бусад бөхчүүдийнхээ бэлтгэлийг хангахад туслалцууллаа. Урьд нь барилдах бөхчүүдээ л авч ирдэг байсан юм. Манай эмэгтэй багийн бүх тамирчид өөртөө итгэлтэй, урам зоригтой барилдлаа. Хэнээс ч дутахгүй, хэнтэй ч эн тэнцүү барилдах чадвартай гэдэг итгэлийг олж авсан байх гэж бодож байна. Чин үнэнийг хэлэхэд илүү өндөр амжилт гаргах бүх боломж байлаа. Канадын багаас 1 оноогоор л дутаж багаараа 3 дугаар байрт орлоо шүү дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car