antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2011 Comments are off

Ө.Хэрлэнчимэг болон хадгаламж зээлийн хоршоолын захирлууд оёдлын цехэд ажиллаж байна

нийтлэсэн Admin

-ХОРИГДЛУУД БОСЛОГО ГАРГАЛАА ГЭХ ЯРИА УУЛЗАЛТЫН ӨРӨӨНД ХААЛТ ХИЙНЭ ГЭСНЭЭС ҮҮДСЭН БОЛОЛТОЙ-

Сүүлийн үед хэвлэл мэдээлпийн хэрэгслээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа хоригдлууд бослого гаргалаа. Албан хаагчид нь бослого гаргасан хоригдлуудыг хэвтэрт ортол нь зодож сахилгад хийжээ гэх мэдээлэл цацагдаад байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас уг мэдээллийг худал ташаа гэдгийг хэлж буй. Гэлээ ч газар дээрээ ямар асуудал үүссэнийг сурвалжлахаар эмэгтэйчүүдийн хорих ангид очлоо. Хорих ангийн үүдэнд энгийн хувцастай арав гаруй хүмүүс зогсож байлаа. Тэд тус хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн ар гэрийнхэн нь бололтой юм.

Харин энэ хорих ангийн даргыг А.Намсаманд гэдэг юм байна. Тэрээр биднийг өрөөндөө хүлээж авав. Түүнтэй мэнд мэдэлцэн хаанаас ямар хэргээр яваагаа дуулгахад “Хоригдлууд бослого гаргасан гэдэг асуудлыг тодруулах гээ юу. Чих худал нүд үнэн гэдэг. Ороод бослого болж байна уу, үгүй юу харчихгүй юу. Дараа нь тайлбар өгнө” хэмээн нэлээд бардам байрын тайлбар хийж суув. Тэрээр хорих ангийн байр байдлыг танилцуулахаар биднийг дагуулан өрөөнөөсөө гарлаа. Бид ч түүний араас урт нарийхан хонгилоор дагасаар хорих ангийн зоонд орж явчихав.

Уулзалтын өрөөнд нь арав гаруй хүмүүс эгнээд суучихаж. Эргэлт уулзалт ирээд уулзаж учирч байгаа нь энэ гэнэ. Тэд бүгд л нүдэндээ нулимстай харагдав. Ер нь хүмүүжигч бүхэн л ингэдэг бололтой юм. Мөн ар гэрийнхэн нь ч уйлж харагдсан. Тэдний дотор нэн сонирхолтой нь арав гаруй насны болов уу гэмээр нэг хүү ээжийгээ тэврэн хэзээ ирэх юм бэ гээд уйлж суув. Харин хорих ангийн хашаан дотор таван хоригдол талбай шүүрдэж байлаа. Тэд нэг ижил загварын хөх цэнхэр өнгийн өвлийн хүрэм өмсчээ.

Манай улсад эмэгтэйчүүдийн нэг л хорих анги байдаг юм байна. Тиймээс чанга болон жирийн дэглэмтэй хоригдлуудын хоригдож байгаа зоон нь тусдаа байдаг гэнэ. Тухайлбал, хорихын хаалга дөнгөж ороод л хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн хорих. Тэнд нь жирэмсэн байхдаа шүүхээр таслагдаад хоригдож байхдаа төрсөн зургаан эмэгтэй байна. Эдгээр эхчүүдийн хүүхдэд улсаас бүх хэрэгцээтэй зүйлсийг нь авч өгдөг юм гэнэ. Ноолуурын үйлдвэрлэл явуулдаг “Говь” компанийн нэг салбар энэ хорих ангид үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 30 гаруй хүмүүжигчид ноолууран хувцас оёх бөгөөд хоёр ээлжээр ажилладаг бололтой. Түүнчлэн сарын 140 мянган төгрөгийн цалинтай бөгөөд олсон мөнгөө ар гэрийнхээ хүмүүст өгдөг байна. Янз бүрийн хувцас оёдог юм билээ. Ихэвчлэн туслах оёдолчин хийдэг бөгөөд цамцны зах, ханцуй зэргийг залгадаг аж. Мөн ноолууран утсыг нэхэж даашинз, цамц, өмд хийхэд бэлэн болгодог байна. “Говь” компани хоригдол эмэгтэйчүүдээс гарын ур дүйтэйг нь шалгаруулж авдаг гэсэн.

Тус хориход хоёр ч оёдлын цех ажиллаж байна лээ. Хоёр ээлжээр нийт 60 гаруй эмэгтэйчүүд энд ажилладаг юм байна. Удахгүй бусад хорих ангиудад өвлийн хувцас нэгдсэн журмаар тараах ажил хийгдэх гэж байгаа болохоор хөвөнтэй куртик оёж байгаатай нь таарав. Нэг хэсэг нь куртикний материалыг эсгэж байхад нөгөө хэд нь хөвөн тавих ажил хийх юм. Харин 60 гаруй эмэгтэй оёдолчин нь тачигнуулан чөлөө завгүй оёно.

Энд 2005 оны эхээр дуулиан тарьж байсан хадгаламж зээлийн хоршоодын арав гаруй эмэгтэй захирал ажиллаж байв. Танихаас олон ч хүмүүсийн мөнгө хөрөнгийг шамшигдуулж дампуурсан С.Самбалхүндэвийн эхнэр Р.Баярмаа сууж харагдана лээ. Мөн “Жигүүр инвест” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Бумгэрэл ч байгаа харагдсан. “Орлёнок” сургуулийн захирал эмэгтэй байгаа гэдгийг тус хорихын ажилчид ч дуулгаад авав. Мөн хоёрдугаар цехэд “Зөөлөн эх”-ийн гэж олноо танигдсан Б.Цэрэндэжид, 13 настай охиныг найз залуутайгаа хардаад даашинзныхаа бүсээр боож амь насыг нь хөнөөж хогийн цэг дээр аваачиж хаясан Ө.Хэрлэнчимэг, “БНСУ-д гэрээгээр ажилд зуучилна” хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Ч.Оюунгэрэл, Д.Пүрэвсүрэн нар ажиллаж байгаа харагдсан.  Маск зүүн цэнхэр хормогчтой Ө.Хэрлэнчимэг оёдлын машины ард суун юм оёж байлаа. Түүнтэй ярилцах гэсэн боловч яриа өгөхөөс татгалзсан юм. Эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигч нар бусад хорих газруудын цагаан хэрэглэл, малгай, цамц, өмд, гадуур хувцас гээд л бүх хэрэгцээний зүйлсийг оёж байгаа гэсэн. Мөн ачаалал багатай үед гэрийн цагаан бүрээс цаваг хүртэл компаниудтай гэрээлж оёдог байна. Оёдлын цехээс гадна хоол хүнсний гар урлалын гээд л олон сургалт явуулдаг юм байна.

Хорих ангийн дүр төрх нэг иймэрхүү. Ямар нэгэн бослого үймээн гарсан шинжгүй. Хагархай хугархай, эмтэрхий зүйл дайралдах болов уу, хэн нэгэн хөх нүдтэй нүүр ам нь хавдсан байна уу хэмээн гярхайлан ажиж явсан ч тийм зүйл таарсангүй. Түүнчлэн бослого гарсан гэдэг үнэн үү хэмээн зарим хоригдолтой ойр өнгөрөхдөө сэм асууж байсан ч тэд юу ч хариулсангүй. Гэхдээ бослого гарсан байж болох. Учир нь бид тус хорихын чангын зоон болон сахилгын өрөөнүүдээр нь ороогүй юм. Ер нь гадны хүмүүсийг тийш нь шагайлгадаггүй бололтой.

АР ГЭРИЙНХЭН ХҮМҮҮЖИГЧ НАРТ ХУТТА НУУЦААР ӨГӨХ ТОХИОЛДОЛ ОЛОН ГАРДАГ ГЭНЭ

407 дугаар хорих ангийн ажилчдын хэлж буйгаар эмэгтэйчүүдийн хорих анги сүүлийн жилүүдэд хүүхдийн цэцэрлэг шиг л болсон гэж байв. Тэд энэ тал дээр жинхэнэ үнэнийг хэлэв бололтой. Энд тэндээс хүний эрх зөрчигдөж байна гээд л төслийн байгууллагууд хүүхдийн болоод эмэгтэйчүүдийн хорих ангид тусламж үзүүлдэг байна. Мөн уулзалтын 12 өрөөтэй болжээ. Энэ нь эмэгтэй хоригдлуудыг даврааж, хянагчдын үгэнд орохгүй байх ганц нээнтэг нь болдог байх юм. Учир нь тэнд хүний эрх зөрчигдөж байна гэх нэрийн дор сайн үйлсийн байгууллагууд хүмүүжигчдийн талд орон хорихын ажилчдыг гоочлох нь олонтаа тохиолддог ажээ.

Түүнээс гадна хоригдлууд хоорондоо зодолдож, үсдэлцэх, маажилцах тохиолдол цөөнгүй гардаг гэсэн. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн эмэгтэй хүмүүс болохоор их амархан сэтгэл санаагаар унаж, ар гэрийнхэндээ санаа зовж шаналсан гомдлоо ойр хавийнхандаа гаргадаг байна. Тиймээс эргэлтээр ирэгсэд нь хоригдож байгаа нэгэндээ хутга мэс, гар утас зэргийг нууж өгөх асуудал ихээхэн гардаг юм байна.

horih

ХОРИГДЛУУД БОСЛОГО ГАРГААГҮЙ

Ямар учраас хоригдлууд бослого гаргалаа гэх яриа гарсан шалаар хорих ангийн дарга А.Намсамандтай ярилцлаа.

-Юунаас болж хоригдлууд бослого гаргаж байна гэх мэдээлэл тарсан юм бол оо?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хоригдлуудын ар гэрийнхнээс гаргасан яриа байх. Ар гэрийнхэн нь бидэнд хандаж элдэв янзаар доромжлох тохиолдол олон гардаг. Бүр хорихын зоон руу оруулж болохгүй зүйлс нууцаар өгдөг. Тухайлбал, хутга, гар утас гэх мэт. Мөн хоригдож байгаа эмэгтэйчүүдийг дарамталдаг эр нөхрүүд ч ирдэг. Энэ болгоноос үүдэнд уулзалтын өрөөг гадаадын стандартад нийцсэн хаалттай болгохгүй бол энэ мэт зөрчил арилахгүй юм байна гэж үзээд уулзалтын өрөөний ширээнд хаалт хийх талаар ярьж байсан юм. Тэрийг л ар гэрийнхэн нь эсэргүүцээд ийм мэдээлэл тараасан бололтой.

-Өмнө нь хоригдлууд бослого гаргаж байсан уу?

-Би үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч өнгөрсөн долдугаар сард нэг цуурхал яриа хүчтэй тархсан юм. Нэг нөхөр наадмын өмнө хэд хэдэн зүйл ангиар шийтгүүлж байсан хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулахгүй гэсэн яриа гаргаад нэлээн хэл ам болж байлаа.

-Бослого гаргасан хоригдлуудыг нуучихсан юм биш биз дээ?

-Огт болоогүй зүйлийг болсон гээд байгаад гайхаж байна. Хаанаас тийм мэдээлэл гаргасныг мэдэхгүй. 407 дугаар хорих ангид ямар ч хууль бус зүйл болоогүй. Хоригдол нар огт бослого гаргаагүй гэдгийг хэлмээр байна. Хорих ангийнхан амрах ч завгүй ажилладаг. Хорих ангийнханд өвлийн хувцас тараах ажил хийгдэхээс өмнө оёж дуусгах ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлаа дуусгах, хавар гарьсан хүнсний ногоогоо хурааж авах гээд л бөөн ажилтай байна.

Эмэгтэйчүүдийн хорих ангид 400 гаруй хоригдол хүмүүжиж байна. Тэдний 80 гаруй хувь нь залилан хийгээд ял авчээ. Мөн 20 гаруй жил хоригдож байгаа хоригдол ч байдаг гэсэн. Өнгөрсөн жил Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон ирж бүх хоригдлуудыг үзээд 75 хувь нь таргалалт өвчтэй болохыг тогтоожээ. Ажил хийхгүй хөдөлгөөн багатай хоол идээд байхаар хэт таргалж байгаа нь энэ гэнэ.

Э.ХҮРЭЛБААТАР

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car