antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2011 Comments are off

Сураггүй болсон охидын “хохь” гэж үү

нийтлэсэн Admin

Одоогоос хэдэн жилийн өмнө хүний наймаа гэдэг үг монголчуудад сонин, содон байсан.

Гэтэл өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг манай улсад газар авч бүр байх л ёстой зүйл мэт болжээ. Хүний наймааны золиос болсон охидыг Монголоос Сингапур, Турк, Гонконг, Малайз, Япон, БНСУ, Хятад, Израйль, Серби, Макао, Герман зэрэг орнуудад гаргадаг аж.

Ихэнх тохиолдолд гадаадад суралцуулна, өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн хил давуулдаг байна. Харин очсон хойно нь эдийн засгийн болон бусад байдлаар хараат болгож, хүнд хүчир ажлыг албадан хийлгүүлж, биеийг нь үнэлүүлдэг болохыг эх сурвалжууд хэлдэг. Насанд хүрээгүй охидыг гадаад руу өндөр цалинтай ажилд зуучлах нэрийдлээр бусдад худалдах явдал буурахгүй байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн олон иргэд байдгийн нэг нь Б.Ганчулуун охин юм. Тэрбээр 13 настай байхдаа уран нугараач болох хүсэлд автан Герман улсыг зорьсон. Гэхдээ тэр өөрөө дур мэдэн яваагүй. Түүний хамаатан болох уран нугараач Л.Тунгалаг гэх эмэгтэй авч явсан байдаг. Эл бүсгүй охиныг хүний нутагт аваачсан даруйдаа харгис зан гаргаж, зодож нүдэн дарамталдаг байсан нь тогтоогдсон.

Харгис хэрцгий дарамт шахалтаас зугтсан охин өдгөө сураг алдраад таван жил болж байна. Охины гэр бүлийнхэн арга ядахдаа цагдаагийн байгууллагад бүртгүүлж шалгуулж эхэлсэн ч үр дүнгүй байсаар өдийг хүрчээ. Харьд одсон охины араас хайхрах нэгэн ч алга. Энэ хэргийн хойноос Гадаад хэргийн яамнаас албан тушаалтан томилогдон ажиллаж байгаа ч ахиц гарсангүй.

Б.Ганчулуун охины гэрийнхэнтэй холбогдоход “Охинтойгоо холбоо тогтоож чадаагүй л байгаа. Өнгөрөгч хоёрдугаар сард Гадаад хэргийн яамаар дамжуулан “Охин чинь утсаар яримаар байна” гэхээр нь холбоо барьтал нэг эмэгтэй хүн ярьсан. Тэрбээр “Охины чинь бие сайн байгаа. Танай охин гэрийнхэнтэйгээ ярихыг зөвшөөрөхгүй байна” гэсэн. Ямар шалтгааны улмаас ярихыг хүсэхгүй байгаа юм бэ гэхэд юу ч хэлээгүй утсаа тасалсан. Үүнээс хойш дахиж холбогдоогүй. Удахгүй охин маань 18 нас хүрнэ. Тэгэхээр насанд хүрсэн гэдэг шалтгаанаар асуудал шийдэгдэх байлгүй. Ядаж охинтойгоо утсаар ч болов ярих юмсан гэж бодох юм. Охиныг минь авч явсан Л.Тунгалагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон. Бид дахин сэргээж шалгуулах хүсэлтэй байгаа” гэлээ.

Хүний нутагт охин үрээ алдсан эцэг, эх ийн ярьж байна. Тэд “Болдогсон бол дүү нарыг нь хөтлөөд ч болов охин руугаа алхах юмсан” хэмээж байв. Өнгөрсөн таван жилийн хугацаанд охиноос нь хагас дутуу бичсэн захидлаас өөр зүйл ирээгүйд эцэг, эх нь шаналан сууна. Охин захидалдаа “Сайн байна уу, миний хайртай ээж, аав минь. Миний гурван дүү одоо сургуульд ороод том болж байгаа байх даа. Би Монголдоо очиж байна гэж зүүдэлсээр явна. Та нарыгаа маш их санах юм аа. Би Германы нэгэн дунд сургуульд сурч байгаа. Нээрээ ээжээ би үсээ тайрчихсан. Гэрээ л санаад байх юм…..” хэмээжээ.

Хүний наймаа газар авсан энэ цаг үед насанд хүрээгүй охин харийн нутагт сураг алдарна гэдэг маш том асуудал. Монгол охидыг харах төр, хариуцах эзэнгүй хэрэг үү. Германы талын мэдэгдсэнээр Б.Ганчулуун охин “Монголд очихгүй, ээж, аавтайгаа уулзахгүй” гэж. Гэтэл үнэндээ гэрээ санаж, зүүдэлж явсан охин ингэж хэлнэ гэж байх уу. Үнэхээр л аав, ээжийгээ гэх сэтгэлгүй болсон бол утсаар ч болов үнэнээ хэлэх байсан биз. Өдий олон жил өнгөрсөн байхад хэл сураггүй байна гэдэг хэн нэгний дарамтад буйг нь илтгэх мэт.

Энэ мэтээр цэцэг, цэврүү шиг охид алга болсоор. Бас нэгэн жишээ дурьдахад, Турк улс руу циркчин болох гээд явсан дөрвөн охин өнөөдрийг болтол сураггүй байна. Тэдний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, өдгөө хэргийг шалгаж байгаа аж. Эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт муу тавьснаас болж, энэ төрлийн гэмт хэрэг өсч буйг албаныхан онцолдог ч насанд хүрсэн бүсгүйчүүд хүртэл хүний наймаа, хар тамхины золиос болсоор байгаа юм.

Тухайлбал, 22 настай М-ийг найз нь Хөх хотод урьсан байдаг. Монголын хилээр түүнийг цагдаа болон хилийнхэн гаргасан. Гаргахгүй хорих боломж байсан. Гэтэл манай улс хилээр гаргасан эмэгтэйн араас сураг ажиг тавиагүйн улмаас тэрээр амиа алдсан хэрэг гарсан юм. Улсынхаа хилийг давсан эмэгтэй тав хоногийн дараа бусдад хорлогдсон байдаг.

Харин хууль хяналтынхан өөрөө явсан аав нь зөвшөөрсөн гэх тайлбар өгснөөр хэргийг хаасан нь хачирхалтай. Он гарсаар сураггүй алга болсон 32 хүүхэд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн сүүлийн таван жилийн дотор иргэд сураггүй алга болсон 53 хэрэг гарсан нь аюулын харанга дэлдэж буй хэрэг юм.

А.Лхагважав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car