antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

Aкадемич Чадраа гуай та андуурав уу, эндүүрэв үү?

нийтлэсэн Admin

“Өдрийн сонины” энэ оны 4 сарын 18-нд мөн саяхны “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа Чадраа гуай та “атомын цахилгаан станцгүйгээр Монгол улс хөгжихгүй” хэмээн цэцэрхжээ. АЦС бол аливаа улс орны хөгжлийн хэмжүүр огт биш болсон гэдгийг тань шиг том эрдэмтэн мэргэд байтугай захын шалдан банди одоо мэдэх болсон

цаг үе шүү дээ. Өнгөрсөн хаврын Японд болсон газар хөдлөлийн улмаас Фукушимагийн станц дэлбэрч энэ сүйрлийн дараа Герман улс цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоохоо зарлаж, Япон, Франц болоод бусад орнууд цөмийн эрчим хүчнийхэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас яахаа мэдэхээ больчихоод байгаагаас харахад АЦС нь харин ч бүр хөгжил дэвшлийн чөдөр тушаа болох нь тодорхой болж байна. Энэ үед та “Хүн төрөлхтөн үйлдвэрийн, интернетийн хувьсгал хийчихээд одоо атомын эрин үед орж байна…атомын цахилгаан станц аюулгүй орчинг дээд зэргээр хангасан.. Фукушимагийн дэлбэрэлт АЦС-ын хөгжилд онцгой шинэ үеийг авчирсан…,  дэлхийн улс орнууд атомын  хөтөлбөрөө огтхон ч зогсоогоогүй, дэлхий дахин экологи, эрүүл мэндэд халгүйгээр нь атомын цахилгаан станцыг сонгож байгаа.. манайхаас бусад орнууд атомын цахилгаан станцтай болох гэж зорьж байна..манай улс хүссэн хүсээгүй энэ замаар явах болно…” гэх мэтчилэн эрдэмтэн бүү хэл эрүүл хүний амнаас унамааргүй сонин сонин юм ярьж явааг би хараад гайхаж байна.

 

Цөмийн физикч та Фукушимагийн атомын станцын ослыг “онцгой шинэ үе, туршилт” гэж үзэж байгаа бол дэлхийн олон нийт үүнийг дээд зэргийн гамшиг сүйрэл, цөмийн эрчим хүчний найдваргүйн баталгаа  гэж хүлээн авсан юм. Хамгийн сүүлийн үеийн технологиор Америкчуудын барьж байгуулсан Фукушимагийн энэ станцад 1973 онд байгуулагдсан өдрөөсөө эхлэн өнгөрсөн дөчөөд жилийн туршид 140 гаруй удаа том жижиг осол гарч, үүнийг нь тухай бүрт нь Японы засгийн газар нуун дарагдуулж байсан талаар Японы “Days Japan” сэтгүүлийн өнгөрсөн 8 сарын дугаарт бичжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Франц улсын цөмийн хаягдлыг хадгалах байгууламжид дэлбэрэлт болов. Засгийн газар нь ноцтой юм болоогүй хэмээн бас л хаацайлсаар.

 

Өнөөдөр цөмийн эрчим хүчний технологи нь нэгэнт өвгөрч хоцрогдсоныг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байна.  Атомын цахилгаан станцыг дэлхий нийт бүр жорлонгүй орон сууцтай адилтгах болсон. Одоо ажиллаж буй 430 гаруй атомын станцууд гаргасан “ялгадсаа” хаях газар олдохгүйгээс дэргэдэх усан сангууддаа түрүүч нь тавин жил хадгалж байна. 80-аад оны үед аргаа барахдаа тэд торхтой цөмийн хаягдлаа далай тэнгис рүү бөөн бөөнөөр нь хаяж байгаад “Green Peace” байгууллагынханд чихдүүлсэн бичлэг интернетэд тавиатай буй. Өнөөгийн байдлаар цөмийн ийм хаягдлын хэмжээ 100.000 тонн даваад байгаа ч тухай мэдээлэл ч интернетээр цацагдаж байна. Онцгой их аюул эрсдлийг дагуулдаг учир дэлхий нийтээрээ татгалзаж эхэлж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг “моод Монголоор дуусдаг” гэдэг шиг нааш нь даллаж яах гэсийм.

Миний мэдэхээс сүүлийн хорин жил та байнга сэргээгдэх эрчим хүчний тухай ярьдаг байснаа гэнэт зангаа хувиргаж юманд хатгуулсан мэт яагаад АЦС яриад эхлэв ээ? Бүр “..нар салхи, усан цахилгаан станц байгуулъя гэхэд бид хэрэгцээгээ хангаж чадахгүй…” гэж хүртэл ярьж хамгийн сайн мэддэг гэх энэ салбараа мурьсан байх юм.  АНУ-д одоо   ашиглаж байгаа салхин турбинууд нь 600 кваттаас дээш хүчин чадалтай, гаргаж буй цахилгааных нь үнэ нэг киловатт/цаг нь 3.5 цент байдаг юм билээ.  Хавар хаврын хавсаргатай өдрүүд, говийн их салхи хангалтгүй гэж байгаа бол   Калифорни мужид байдаг 300 гаруй мегаваттынх нь үнэтэй юм аа гэхэд  Испанийнх шиг 100 мегаваттын нарны  коллектор хэд хэдийг авчраад эрчим хүчний гачаалад ороод байгаа аймаг сумуудад суурилуулчихвал хэдэн зуун км цахилгааны шугам татаж мөнгө үрэх ч шаардлагагүй болно. Эдгээр нь таны олон жил ярьсан хямд төсөр энергийн эх үүсвэр үнэхээр биш гэж үү? Бүр байг гэхэд Тавантолгойн 10 тэрбум тонн нүүрсээ боловсруулж бүрэн шатдаг болгоод үйлдвэр, уурхай, хот тосгоноо хангая л даа. Хангалттай нөөц биш гэж үү?

2000 онд их хурлаас баталсан хуулиар Монгол улсын нутаг дэвсгэрээр цацраг идэвхт бодис агуулсан бодисыг тээвэрлэх, хадгалах  цөмийн хаягдлыг байршуулах булахыг хориглосон бөгөөд мөн онд НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн таван  гишүүн орон хамтарсан мэдэгдэл гаргаж,   Монгол улсад энэ талаар гарах аюулгүйн баталгаа өгсөн байдаг. Байдал ийм байхад төр засгаас бараг л бүх шагнал, нэр төрийг нь хуу хамж авчихаад өнөөдөр ард түмний язгуур эрх ашиг бүр цаашилбал өөрийнхөө гар өргөж батлалцсан хуулийнхаа эсрэг юм өнөөдөр хэвлэл мэдээллээр яриад иргэдийн тархийг угаагаад явах нь хир зохистой үйлдэл бол?

Дэд бүтэц муу, бэлтгэгдсэн боловсон хүчингүй, хангалттай хөрөнгө мөнгөгүй зэрэг Монголд АЦС барих үндэслэлгүй маш олон шалтгаан байдгийн дотор зөвхөн байгалаас хамааралтай усны нөөц, газар хөдлөлт гээд бодит хоёр хүчин зүйл буй. Одоо Японд ажиллаж буй зөвхөн ганцхан ийм төрлийн станцын хөргүүрийн усны хэрэглээ нь секунд тутамд долоон тонн хүрдэг, үүнийгээ тэд далай тэнгисээс соруулж авч хангадаг юм билээ. Манайд хоногт 600 гаруй мянган тонныг ашиглах ийм их усны нөөц бийсэн бил үү?  Оюутолгойн зэсийг баяжуулахад Өмнөговийн “Гүний хоолойн” усыг хорин жилд хангалттай гэж тооцсон боловч  тэр нь маш өндөр эрдэсжилттэй учир хүн мал уухын аргагүй эд. Удахгүй үйлдвэр ашиглалтанд ороход тэнд ажиллах 20-30 мянган хүний ундны усны асуудлыг одоо хүртэл шийдэж чадахгүй, Орхон, Хэрлэн голуудыг тийш нь татах ухааны юм яриад сууж байгаа улс шүү дээ бид.

Хоёрдугаарт, Монгол улс газар хөдлөлийн өндөр идэвхтэй бүсд оршдог. Хорьдугаар зууны судалгаанаас үзэхэд хүчтэй газар хөдлөлтийн давтамж 50 жил орчим байна. 1905 онд Рейхтерийн шаталбарын дээд түвшин буюу 12 баллын хүчтэй газар хөдөлж, Завханы Булнайн нуруунаас эхлээд Увсын Ханхөхийн нурууг дайрсан 300 гаруй км урт гүн ангал цууралт үүсэн маш олон хот айл хүнтэй малтайгаа сүүрсэн байдаг. Үүнээс тавь гаран жилийн дараа буюу 1957 онд Их Богдод мөн 12 баллын газар хөдлөлт болж,  Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутагт  дээрх хэмжээний урттай гүн ангал үүсчээ. Судлаачид үүнийг ХХ зууны хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж үздэг. Тэр үед одоогийнх шиг өндөр барилга байгууламж Монголд байсан бол хичнээн их сүйрэл амсах байсан бол гэж бодохоос аймаар. Газар хөдлөлийн чичирхийллийн давтамж өдрөөс өдөрт ихэссээр  байгаа өнөө үед атомын цахилгаан станцыг 2017 оноос барьж эхлэх тухай яриад сууж байх нь хир зохистой юм бол оо гэж танаас дахин асуумаар байна. Саяхан Өмнөговьд 5.7 баллаар газар жаахан доргиход л Улаанбаатарын өндөр барилгууд чичирлээ шүү дээ. Ийм газар оронд өндөр эрсдэлтэй цөмийн реактор барьсны дараа Японд одоо болж буй шиг аюул гэнэт нүүрлэбэл пянгий нь даах бодитой нөөц бидэнд бий бил үү?

“…Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хэрвээ манай улс Японы 50 гаруй атомын цахилгаан станцын тавин жилийн турш хуримтлагдсан их хогийг авчраад Монголын говьд булшлах юм бол тэр нь динозаврын яс шиг 250 сая жил аюулгүй хадгалагдах болно, үүний төлөөсөнд Япончууд зуун жил цахигаанаар хангах атомын цахилгаан станцыг үнэгүй бариад өгнө…” ч гэх шиг коммунизмын хий үзэгдэл шиг утгагүй утопи яриаг чинь хэдэн шунаг улстөрчид амьдрал дээр гүйцүүлдэх гэж болчимгүйтэж яваад хэвлэл мэдээллийнхэнд баригдаж, Монголдоо төдийгүй дэвэн дэлхийгээр нэг нүдний булай болов доо. 100 жилийн эрчим хүчний хэрэгцээний төлөө 100 мянган жил асах цөмийн халуун цурмыг бид Монголд бий болгох гэж үү? Мөнгө яах вэ, төрийн томчууд хэдэн тэрбумаар нь олж л байдаг, тоглоод үрж л байдаг эд болсон. Харин хойчийн ирээдүй үр ач нараа л мөрөөдөөд байгаа тэр хэдэн ногоон цаасны чинь золиос болгочихгүй юмсан.

Энэ ярилцлагын төгсгөлдөө та “…зарим улс орнууд хаалттай эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж их амжилт олж байгаа…” талаар дурьдсан байна лээ. Мэдээллийн шинэ зуунд ямар ч зүйлийг хааж нуух боломжгүй болсныг Монголын шинжлэх ухааныг насаараа удирдаж, төр түшилцсэн хүнийхээ хувьд та одоо хүртэл мэдэхгүй явж байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан шүү. Бүр бүх юм нь хаалттай хойд Солонгос ч цөмийн хөтөлбөрөө дэлхийн олон нийтээс нуух гээд барахгүй байгаа биш бил үү.

Ш.Пүрэвсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car