antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 Comments are off

Г.Анударь: Амжилтын гол түлхүүр тууштай хичээл зүтгэл юм

нийтлэсэн Admin

Дэлхийд алдартай Нарны циркээр овоглож яваа Монголын авьяаслаг залуу уран бүтээлч Г.Анударьтай онлайнаар ярилцлаа. Энэ ц аг үед тэрбээр кофены эх орон Бразил улсад уран бүтээлээ толилуулж яваа ажээ.

-Дэлхийн улс орнуудад Монголоо сурталчилж, уран бүтээлээрээ манлайлж яваа тантай онлайнаар ярилцах болсондоо баяртай байна. Таныг багаасаа л аливаа зүйлд хичээнгүйлэн суралцаж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг хардаг хүүхэд байсан гэж сонссон. Тэр хөдөлмөрийнхөө үр шимээр та Нарны циркийн жүжигчин болсон гэж ойлгож болох уу?

-Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би яг одоо Бразил улсын Сан- Паулу хотод уран бүтээлчдийнхээ хамт үдэш бүр тоглолтоо толилуулж байна.

-Бразил улсад уран бүтээлч хүний хувьд сурах зүйл их байна уу. Өмнө нь аялсан улс орнуудаас юугаараа ялгаатай байна вэ?

-Миний байрлаж байгаа Сан-Паулу хот улсдаа хөгжлөөрөө тэргүүлдэг. Үйлдвэр, аж ахуй, өвөрмөц архитектуртай барилга болон урлаг зэрэг бүхий л салбараараа улсдаа дээгүүрт эрэмбэлэгддэг хот юм. Хүн ам нь гэхэд 22 сая бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 11-т ордог. Дээр нь аялал жуулчлалаа сайн хөгжүүлсэн гэж хэлж болох байх. Долоо хоногт л 25000 гаруй хүн Сан-Паулу хотын сонин сайхантай танилцдаг юм байна. Уран бүтээлч бидний хувьд энэ нь таатай нөхцөл бүрдүүлдэг. Бидний тоглолт бүр заал дүүрэн үзэгчтэй байдаг нь сайхан мэдрэмж төрүүлж байна. Үүний өмнө бид Лондонд байхдаа “Royal Alber Hall” буюу дэлхийн хамгийн алдарт тайзан дээр гурван сар гаруй хугацаанд уран бүтээлээ хүргэсэн. Тэр үед ч гэсэн орой бүр 5000 хүний суудал дүүрдэг байсан нь санаанд тод үлджээ.

-Ер нь жилд хэчнээн улсад аялан тоглодог вэ?

-Бид 23 улсын 53 хотод аялан тоглолт хийсэн. Энэ онд гэхэд Канад, Англи, Герман, Австри, Итали, Голланд, Прагвай, Уругвай улсад циркийнхээ уран бүтээлчдийн хамт аялан тогложээ.

-Дэлхийд алдартай Нарны циркийн жүжигчин болсон түүхээсээ сонирхуулахгүй юу. Босго өндөр энэ хамт олны гишүүн болохын тулд хэрхэн бэлтгэсэн бол?

-Өнгөрсөн оны хоёрдугаар сард Италид байхдаа Нарны циркэд жүжигчин шалгаруулж авах гэж байгаа тухай сонссон. Өмнө нь ажиллаж байсан газрынхаа гэрээг дуусгаж Монголдоо ирэхээр шийдсэн юм. Тухайн үед би Италийн “MSC Poesia” буюу “Титаник” кинонд гардаг хөлөг онгоцноос тав дахин том усан онгоцон дээр циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан. Интерьер, архитектурын хувьд өвөрмөц шийдэлтэй уг хөлөг онгоц циркчдийн хувьд Холливуд л гэсэн үг. Гэхдээ тэр үед би Нарны циркийн шалгаруулалтад л оролцох ёстой гэж бодсон. Бүхий л зүйлээ бэлтгэлд зориулж сар гаруйн хугацаанд өөр юунд ч анхаарлаа хандуулаагүй. Учир нь, Нарны циркийн жүжигчин болох нь миний том зорилго байлаа. 11 настайгаасаа энэ циркийн талаар бодож наранд залбирахдаа “Нарны циркэд ажиллуулж өгөөч” гэж хүслээ шивнэдэг байсан юм. Эмээ минь нар, сар, одон гарагийг шүтдэг хүн. Тэрбээр хүсэл мөрөөдлийг минь тэнгэр бурхан, орчлон ертөнцөд миний өмнөөс уламжилсан юм болов уу гэж боддог. Тиймээс ч есөн настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл шантралгүй бэлтгэл сургуулилт хийсний үр дүн гарсанд их баяртай байна. Дан ганц циркчин бус хөгжимчин, дуучин, алиалагч, акробатчин гээд олон жүжигчин Нарны циркэд ажиллах хүсэлтэй байдаг. Шилдгүүдийг цуглуулдаг учраас тэдний шоу гайхалтай болж чаддаг. Манай циркийн хамт олон дунд олимпод амжилттай оролцсон гимнастикч хүртэл бий. Ийм л хөдөлмөрч бөгөөд хүчтэй хамт олонтой ажиллаж байгаагаараа би бахархдаг.

-Нарны циркэд танаас өөр монгол хүн бий юү. Одоо ямар үзүүлбэр дээр ажиллаж байна вэ?

-Нарны цирк нийт 20 цогц үзүүлбэртэй. Үүнийг нь уран бүтээлч бид дэлхийн өнцөг булан бүрт хүргэж байна. Монголын циркийн жүжигчдийн чадвар, техник дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Тиймээс ч одоо Монголын 10 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Би “Amaluna” шоунд аквариум дотор уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг. Шоу их сонирхолтой. Энэ үзүүлбэрт Төгөлдөрсайхан гэж монгол охин тоглож байна. Олон сар, жил хүний газар гэрээсээ хол байх амаргүй. Ийм сайн найзтайгаа хамт ажиллаж байгаа нь надад нөмөр нөөлөгтэй, сайхан санагддаг юм.

-Шинээр тавихаар бэлтгэл сургуулилт хийж буй үзүүлбэр бий юү?

-Би мөн агаарын цагаригтай шоунд ажилладаг. Үүнээс гадна тун удахгүй шинэ үзүүлбэр гаргахаар ажиллаж байна.

-Та Монгол Улсын Төрийн шагналт, циркийн жүжигчин, уран нугараач Д.Мажигсүрэн гуайн шавь. Багшийнхаа Монгол Улсад анхлан үзүүлсэн “Шүдэн дээрх нугаралт”-ын үзүүлбэрийг хийдэг байх. Мөн усан дотор нугардаг гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Би их азтай хүн. Багш минь гайхамшигтай уран бүтээлч төдийгүй төлөв даруу, ухаалаг хүн байсан. Миний хүүхэд нас багш болон уран нугараач эгч нар, найзуудын уран бүтээлтэй аз жаргалаар дүүрэн өнгөрсөн. Багшийн маань шавь Э.Цацрал Гиннесийн амжилтыг эвдсэн нь биднийг багшаараа бахархах сэтгэл төрүүлсэн. Усан доторх нугаралт буюу циркийн тэнцвэрт үзүүлбэртэй хослуулан гаргасан энэ үзүүлбэрийг анх Украины шилдэг жүжигчин Юлия Михайловна үзүүлсэн. Энэ үзүүлбэрээ би өөрийн хэв маягаар шинэчлэн боловсруулж, дэлхийгээр тойрон аялал хийж явна.

-Бас нэг амжилтын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Таныг нугарангаа ятга тоглодог гэсэн. Урлагийн энэ төрлийг хослуулах тийм ч амаргүй. Харин та чаджээ?

-13 настай уран нугараач охин би одоогийн Монгол Улсын Консерватори буюу хуучнаар Хөгжим, бүжгийн коллежид ятга хөгжмөөр суралцдаг байлаа. Балчир охиныг онцгойлон харж “Бөртэ” хамтлагийн уран нугараачаар сонгосон нь ятга хөгжмийн багш Ч.Мөнх-Эрдэнэ юм. Энэ үйл явдал миний амьдралд онцгой тохиол болсон. Би “Бөртэ” хамтлагийнхнаа дагаж олон ч үйл ажиллагаанд оролцсон. Монголын баруун аймгуудаар аялан тоглож, олны танил уран бүтээлчидтэй нэгэн тайзнаа гарах боломж бүрдэж байв. 14 настайдаа Ерөнхий сайдыг ажлын айлчлал хийхэд би “Бөртэ” хамтлагийнхантайгаа ятга, уран нугаралтыг хослуулсан содон үзүүлбэр гаргаж Канадын хотуудаар олон улсын үйл ажиллагаанд оролцон тоглосон нь хилийн дээс алхах эхлэлийг тавьсан.

-Та ятга хөгжимтэй багаасаа л нөхөрлөсөн гэсэн. Ер нь ийм идэвхтэй хүүхэд байсан уу. Эсвэл гэр бүлийнхэн тань ятгаар хичээллэхийг зөвлөсөн үү?

-Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, тууштай зан чанар маань өнөөдрийн намайг бүтээсэн гэж бодож байна. Би олон сайхан багштай. Багш нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, итгэлийг нь алддаггүй байсан нь намайг зорилгодоо хүрэхэд тусалсан.

-Магадгүй, та одоо ч гэсэн ямар нэгэн зүйлд суралцаж байгаа болов уу. Ирээдүйгээ хэрхэн төлөвлөсөн бэ?

-Багын мөрөөдөл минь урлагийн хүн бус, мэдлэг чадвартай эмэгтэй болох байсан. Эмээ маань циркийн жүжигчин, хөгжимчин болох замыг чиглүүлж өгснөөр урлагийн тайзан дээр эрч хүчээ дайчлан ажиллаж явна. Хөгжим, бүжгийн коллежид давхар мэргэжлээр сурч төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангид элссэн ч хоёрдугаар дамжаанаасаа Нарны циркийн жүжигчин болсон учир сургуулиасаа чөлөө авсан. Гэхдээ одоо ч гэсэн уран бүтээлээ хүргэнгээ олон улсын байдал, нийгэмтэй танилцаж байгаа болохоор мэргэжлээ хөгжүүлж байгаа гэж бодож байна.

-Ойрын хугацаанд Монголд ирэх үү. Эх орноо санаж байна уу?

-Ээжийгээ л хамгийн их санадаг. Гэхдээ техник технологи хөгжсөн учир ээжтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг.

-Хүний мөрөөдөл хязгааргүй. Таны туйлын зорилго, мөрөөдлийн тань талаар сонсмоор байна?

-Амжилт бүтээл гэхээсээ илүү буянтай ээжийнхээ ачийг хариулж, баярлуулах нь миний хамгийн том зорилго юм.

-Дэлхийг тойрон аялж байгаа танд Монголдоо хийхийг хүсдэг зүйл байгаа болов уу?

-Олон орноор аялж явахад улс орон бүрийн соёл иргэншил, зан үйл, хөгжил цэцэглэлтийн талаар сонирхон судалдаг. Тэдгээрээс хамгийн чухал нь тухайн улсын Засгийн газрын бодлого ард түмнийхээ хөгжил дэвшилд ямар их нөлөөлдгийг ойлгож ухаарч байна. Тиймээс тоглолт хийж байгаа улс орон бүрийн туршлагаас судалж ирээдүйд ажил мэргэжилдээ хэрэгжүүлэхээр бодож төлөвлөдөг.

-Урлагийн хүний хувьд гэр бүлийнхэн хамгийн том түшиг тулгуур нь байдаг. Ийм чухал үүрэгтэй тэднийгээ танилцуулна уу?

-Аав маань үр хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардаг. Чөлөөт цаг гарвал номтой нөхөрлөхийг зөвлөдөг хүн байгаа юм. Ээж миний арын ажлыг бүгдийг нь хариуцдаг болохоор надад бэлтгэл сургуулилт болон мэдлэг боловсролдоо анхаарал бүрэн хандуулах боломж өгдөг. Ах маань химич мэргэжилтэй. Тэднийх энэ жил шинэ хүнээ хүлээн авсан нь бидний хувьд онцгой баярт үйл явдал болж байна.

-Сүүлийн хэдэн жил Монголын циркчид гадаад руу гарч ажиллах болсон. Энэ талаарх таны бодлыг сонсъя?

-Цалин орлоготой холбоотой гэж боддог. Монголд циркийн урлагийн үнэлэмж дутмагаас уран бүтээлчид гадаадад гарч ажиллаж байна. Харин дэлхийд циркийн урлагийг маш өндрөөр үнэлдэг. Тиймээс Монголын төр, засаг циркийн урлагт анхаарлаа хандуулаасай хэмээн хүсдэг юм.

-Эцэст нь ярилцлагаа тань шиг мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж байгаа бусдад зориулсан зөвлөгөөгөөр өндөрлөе гэж бодлоо.

-“Итгэл, зүтгэл, ирээдүй…” энэ бол миний уриа. Амжилтад хүрэхийн төлөө хичээллэж, сургуулилт хийж яваа хүүхдүүдэд хандан хэлэхэд “Амжилтын гол түлхүүр тууштай хичээл зүтгэл юм” гэж захимаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.СЭЛЭНГЭ

Монголын Үнэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car