antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 1 comment

Лалын их арми нүүгэлтэн айсуй

нийтлэсэн Admin

Миний бие Египетэд эх орноо төлөөлөн Элчин сайд, мөн Кувейт, Саудын Араб, Иран, Иорданд хавсран суугаа Элчин сайдаар ажиллаж, чухам халуун тогоон дотор нь байсных, мөн “Арабын хавар”-тай нүүр тулж, түүний түүх ба орчин үеийг гайгүй судалсных дүнг нь гаргахыг энэ удаа хичээв. “Исламын улс” гэх террорист бүлэг энэ үйл явцын шууд үр дагавар, чухам төрүүлсэн “хүүхэд” нь болсных түүнд нь ч бас дүгнэлт өгье.

“Исламын улс”ыг хөндөхийн өмнө Египетэд төвтэй Лалын ахан дүүс-ийг бас сөхье. Лалын ахан дүүс засгийн эрх авсан, эргээд нурсан, хориглогдсон байр байдлаас харвал ерөөсөө лалын төсөл гэж эдийн засаг дээр юу ч байхгүй байсан, төсөл зохиогоод ч ямар ч шанс байхгүй, бусад улсад ч тэрхүү “лалын” нэртэй экстремист хөдөлгөөнүүдэд яг л тэгж буусан хэмээн би олон жил бичиж байна. Байлдаад байдаг, ялалт байхгүй, эзэлсэн ба хянасан нутаг дэвсгэрт нь лалын шашнаас өөр тэр гэх дэвшлийн шинж тэмдэг ганц ч үлдэлгүй алга болж байгааг би тэгж хэлсэн хэрэг. Лалын шашин нь ялагдсанаас өширхсөн исламистууд Европыг онилон терроризм үйлдсээр.

Яг үйлдэл дээрээ чухам юу болсон гээч? Үнэндээ бол эхлээд Египетэд, дараа нь Сири, Иракийн зарим нутагт, мөн Йеменд исламистуудын өнгөн дээр шашны–консерватив засаг, засаглал түр оршин тогтнож, VII зууны лалын шашны цэцэглэл мандлын диваажин руу хүн ардаа ухраахыг зорьсон.

Чухам үнэнийг хэлье. Хот хөдөөгийн мөргөлдөөн, лалжсан хөдөөгийнхөн, шашинжихгүйн төлөөх хотынхны хооронд ангал цав хэрээс хэтэрч, улс үндэстнээ сүйрүүлсэн л дайнууд болж өнгөрлөө. Энэ тэмцэлд хот нь ялсны шинж тэмдэг бол Ирак чөлөөлөгдсөн, Сирид Засгийн газар нь ялж буй, Египетэд исламистуудын эсрэг цэргийн эргэлт амжилттай явагдсанаар харагдлаа. Хөдөөгийнхний зах зээл хотод байдаг учраас хөдөөгийнхөн хотоосоо хамааралтай, хотынхон хөдөөг дийлэх тавилантай нь Араб ертөнцөд харагдлаа.

Тийм ээ, эднээс Арабын ертөнц залхаж эхэллээ, цус их урслаа шүү дээ!

Хаа очиж лалын орнууд дотроо Египет, Тунис, Сири гурав эдийн засгийн хувьд бусдаасаа хөгжилтэй гэж тооцогдож ирсэнсэн. Тэр гурав дээр Турк, Ираныг нэмж нэрлэж болно. Гэтэл ийм хөгжингүй нутагт Лалын ахан дүүс-ийнхэн, мөн “Исламын улс” дундад зууны дэг жаяг тогтоож, дундад зууны хэлээр ярихыг зорьсон нь хамгийн том алдаа байлаа.

Египетчүүд, иракчууд, сиричүүд исламистуудаасаа үнэндээ залхсан. Тэд шариатыг мөрдөөд, олон цагаар сунаж мөргөөд, ажлаа алдаад байхыг хүссэнгүй. Египетэд сонгуулиар итгэл хүлээлгэсэн лалын улс төрийн тэр нам нь, Ирак, Сири, Йеменд түр эзэрхсэн тэрхүү лалын бүлгүүд нийгэмдээ санал болгочих олигтой ганц ч хөтөлбөргүй ирсэнд оршин суугчид нь гайхахын ихээр гайхсан, хаа хаанаа буулт хийгээд хэл амаа олоод хөгжлөө жигдлэе гэж ард иргэд нь тэвчсэн.

Гэтэл мөргөл залбирал, мэгзэм, мечетийн унзад дуунаас өөр ямар ч хариулт олж сонсоогүй. Исламистуудын ноёлсон улс бүрт өрсөлдөх чадвар, эдийн засгийн эрх чөлөө илт унасан, түүнд нь Аллах нь тусалсангүй. Ерөөсөө ажил хийхгүй, залбираад амь зууя гэсэнд нь тэр Аллах бурхан нь хишгээ хайрласангүй. Ийм л үр дүн байна. Тэдний засагласан, ноёрхсоны гайгаар сөнөж нурсан хот балгас, үй олон өнчин хүүхэд, бэлбэсэн эхнэр, цус нулимс л үлдлээ. Аллах ба лалын шашин иймийг хүслээ гэж үү? Шашны завхруулга гэж чухам үүнийг л хэлнэ.

Эдийн засаг өсөлтгүй болсонд “Арабын хавар” гэх тэрхүү хувьсгал өөрөө ямар ч буруугүй юм. Харин ямарваа хувьсгал эдийн засгийн хөгжлийг түлхэн урагшлуулдаг болохыг бид дэлхийн түүхээс олныг харсан. Эхлээд унагадаг, дараа нь хурдан босгодог. Францад болсон 1789– 1794 оны хувьсгал үүний яруу тод жишээ. Харин хувьсгал шинэ эрин үеийг нээдэг бол Арабын ертөнцөд Мубарак, Асад, Салехын дараагийн шинэ эрин үе ирээгүй байна. Харин ч тэдний эхлүүлсэн, хэрэгжүүлсэн хөгжлийн стратеги ор мөргүй алга болж, орыг нь нөхөөгүйгээр иргэний дайн руу шилжсэн.

Египетэд олон жилийн тэмцлийн хур туршлагатай исламист Лалын ахан дүүс гар мухардлаа. Олон улсын хэмжээнд энэ явдал ямар нөлөө үзүүлсэн бэ? Энэ талаар би олонтаа бичсэн дээ. Арабын хавар- аар Арабын хавар жинхэнээсээ ялсан Египетэд исламистууд засгийн эрх нэг удаа авч үзсэн. Зэрэгцээд Сири, Ливид цус урсган тэмцлээ, бүрэн ялсангүй, харин ч ялагдлаа. Египет, Сири, Тунис, Йемен эдийн засгийн хувьд уналтад орж, улс төр нь дампуурлаа. Заримыг нь заслаа, зарим нь засал авахаасаа бараг өнгөрлөө.

Арабын хаврын аль ч оронд ардчилсан төрт-улс төлөвшиж хөгжсөнгүй. Уг нь тийм төрт–улсыг ард түмний олонх нь тойрч нягтрах ёстой байсансан. Тэгсэнгүй. Цэргийнхэн нь ямагт локомотив байж ирсэн, шашинжихгүй хөгжихийн төлөөх хатуу нийгэм бүхий тийм орнуудад (Тунис ба Египет) аядуу исламистууд засгийн эрх аваад хөгжлийн альтернатив хувилбар дэвшүүлж чадсангүй. Харин ч мусульман-христиан, суннит- шиитүүдийг өвөр хооронд нь сөргөлдүүлж, түүнийгээ бүс нутгийн хэмжээнд дэвэргэжээ.

Тэглээ гээд аядуу исламизм моодноос гарлаа. Тэд Египет, Тунист эрх бариад бүтэлгүйтсэн нь ямар нэг өөр үйл явцын эхлэл боллоо. Египет дэх өнөөгийн нөхцөл нь исламистуудын хувьд нэг ёсны тоглолт, эсвэл амсхийлт байж болно. Египетэд исламистууд ялагдсантай зэрэгцэн Жамаат-и-ислами, Талибан, Аль-Каедагийн эгнээнд хямрал нүүрлэсэн. Лалын ахан дүүс шиг шившиг болохгүйн тулд Сири-Иракийн исламистууд “Лалын улс” болж Халифатаа байгуулан үзэлцээд бас л ялагдлаа. Аядуу исламын халааг радикал ислам авсны нотолгоо нь “Лалын улс” болж таарч байгаа юм. Хэрэв аядуу лал улс иргэдээ аллага байдлаар хөгжүүлж чадахгүй аваас илүү радикал байгууллага, дэглэм ээлжээ хүлээж байна шүү гэдгийг тэд хоёр гуравхан жилд яалт ч үгүй харуулаадахлаа.

Ерөөсөө Арабын хаврын орнуудад исламистууд, жихадистууд ялагдаж, хөөгдсөнөөр лалын ертөнц шинээр өөрийгөө олж харж, тодорхойлоход хүрнэ гэсэн дүгнэлтийг туркийн нэг судлаач хийснийг би зөв зүйтэй гэж үзэж байна. Лалын бүтцээ шинэчлэх, сайжруулах эхлэл тавигдана. Олон улсжихын сацуу юуны өмнө дотооддоо зөв хэлбэрээр төлөвших шаардлагатай, дотооддоо тулгарсан бэрхшээлийн өмнө хэлэх үггүй сууж байж таарахгүй аж.

Гэхдээ түүх сөхөж үзвэл “Жамаат- и-ислами”, “Талибан”, “Аль-Каеда”, “Лалын ахан дүүс”, “Лалын улс” шиг ийм улайрсан, шийдсэн, мохошгүй хөдөлгөөн бүлгийг устгаад арилгачихсан түүх байхгүй. Харин ч ялагдах тусмаа хатуурхах тал руугаа 2-3 давалгаа явагдсан байдаг юм.

1. Аядуу лал радикал лал болж хувирсан эхний давалгаа 1979 онд Афганистан руу Зөвлөлтийн арми халдcанаар эхэлдэг. Лалын ертөнц рүү зөвлөлтүүд ийм бүдүүн зүрх гарган халдан түрэмгийлсэнд нийт ертөнц нь тэр чигээрээ хилэнтэйгээр боссон ба афганы аядуу номхон мусульманчууд бараг бүгд радикал болж хувирсан, тэмцэлд боссон. Тэр тэмцэл одоо ч эрчээ алдаагүй.

2. Хоёр дахь давалгаа нь лалын ертөнцийг хагалахыг зорьсон өрнийнхний балгаар эхэлсэн байдаг. Тэр үед улс төрийн ислам төлөвшиж аядуу ислам гэдэгтэйгээ эсрэгцсэн. Ливан дахь иргэний дайн, Ирак дахь суннит- шиитүүдийн мөргөлдөөн зэрэг мусульманы ертөнц доторх дотоодын зөрчлөөр хоёр дахь давалгаа үргэлжилсэн.

3. Гурав дахь давалгааг энэхүү Арабын хавар эхлүүлчихсэн гэж үзэж болно. Гурван давалгаанд ямагт суннит урсгал гол тоглогч нь болж байсан, байна чиг.

Эдүгээ лалын ертөнц бол 1.7 тэрбум хүн ам бүхий эрчтэй хөгжиж буй ертөнц, чухам гурав дахь хүч гэвэл тэр л байна. Дэлхийн шинэ дэг тогтоох дээр тэд л гурав дахь ертөнцийг төлөөлж чадна. Энэ том хүч өөрийгөө хянах чадвартай байх ёстой. Нөгөө талаас өрнийнхөн лалын газрын зураг дээрх хяналтаа сулруулж, алдаж, үйл явцаас хоцорч байх магадлалтай. Тийм учраас давуу талаа (жанжлал хэмээн ираны хэвлэлд бичдэг) алдахгүйн тулд хэд хэдэн арга барил боловсруулж, туршиж үзсэн, хойшдоо ч тэгнэ чиг.

Эхнийх нь хөрндлөнгөөс шууд оролцох (Афганистан, Ирак) бол удаах нь өөр улс, өөр дэглэм рүү өөрсдөөсөө бусдыг түлхэх маягаар шууд бусаар оролцох байна. Харин гурав дахь нь дээрх хоёр хэлбэрийг нэгэн зэрэг ашиглах (Ливи) бол эцсийнх нь лалын бүлгүүдийг дотроос нь хагалах, дайсагналцуулах (аядуу Талибан ба радикал Талибан) гэх мэт.

Исламистуудаас залхсан Арабын орнууд бараг тэр чигээрээ Египетийн одоогийн цэргийн Ерөнхийлөгчийг дэмжиж, итгэл үзүүлж буй. Үнэндээ тэд Египетээс үлгэр жишээ авахыг хүссэн. Исламистуудыг давраалгүй дараад авдаг, хүчирхэг тогтвортой төрийг сэргээж чаддаг, түүнийг нь ард түмний олонх дэмждэг, бас тэгээд өрнийнхний заавар зөвлөлгөөг хэрэгсдэггүй жишиг Египетээр нотлогдлоо. Мэргэжсэн сайн засаглал, нийгмийн хариуцлагаа таньсан олон түмэн хоёроос их зүйл шалтгаалдаг болохыг Египет харуулжээ. Ливи, Сири, Йементэй харьцуулбал Египет нь бүс нутгийн том гүрэн, хааш хаашаа сайн муугаар нөлөөлөх бүрэн бололцоотой. Ливи, Сири, Египет гурав хямарлаа гэхэд Газар дундын тэнгис тогтворгүй бүс нутаг болж хувирах магадлал өндөр. Энэ нь Европын Холбоонд очиж шууд нөлөөлнө. Ийм нөхцөлд исламыг тогтоон барьж, иргэний засаглал руу хүчээр оруулсан египетийн цэргийнхнийг буруушаах аргагүй.

Эдүгээ исламистууд энд тэндгүй ялагдаж байгаагаас палестины ХАМАС тун хүнд байдалд орлоо. Египетэд Лалын ахан дүүс яллаа гэх тэр мөчид Газад юу болсон билээ. ХАМАС эдийн засаг, улс төрийн ганцаардлаасаа гарлаа хэмээн лут их баяр баясал болж байсансан. Тэд өөрсдөө ялчихсан мэт л уухайлан хашгичсансан. Мубарак 2007 оноос хойш хилээ хаачихсан байсныг Лалын ахан дүүс шууд нээчихсэн. Газын зурвасыг Египетээс заагласан газар хэмээн Мурсийн Засгийн газар үзэж 1.7 сая палестинчуудыг чадлаараа л “сайхан” байлгасан. Контрабанд сэргэсэн. Туннелээр хангалт хийгдсэн, израилийн хоригийг давсан. Гэтэл исламистуудыг Египетэд хүчээр хөөж буулгалаа. Хил хаагдлаа. Туннелийн 80 хувь ажиллахгүй болсон, нураасан, шинэ Египет нь ХАМАС-ыг ивээхгүй. Туннелийн үлдэгдэл нь “Ленинградын блокад” гэдэг шиг л “Газын блокад”-ын түүх болж үлджээ.

Ингэхэд исламистууд энд тэндгүй ялагдахад Израиль баяр бахдал болох нь мэдээж. Лалын ахан дүүс улс төрөөс зайлж, “Лалын улс”-ыг Иракт устгаж байхад палестины ХАМАС хөшигний араар орчихно, түүнд жүүдүүд баярлана. Исламистуудыг улс төрөөс тонилго гэж өрнөдийнхөн шууд хэлж зүрхэлдэггүй. Хэрэв шударга сонгуулиар тэд ялбал уухайлан баяр хүргэж ардчиллаа наах гэж хөглөсөн түүх хуучраагүй ч бас гандан буурахгүй. Исламистуудыг дэмжих хэцүү, болих бас хэцүү ацалсан байр сууринаасаа болоод Европ, Обамагийн үеийн Америк урам нь хугарч байсан. Ойрх Дорнод дахь тэдний ашиг сонирхол нь ардчилал байж таарахгүй юм байна. Гэхдээ тэр “ардчилал” гэх гонгинуураасаа салах дургүй. Бүтэхгүй, болохгүй, эвлэрэхгүй нийгмийг ятгахдаа тэд залхахгүй.

Тэд шариатыг мөрдөөд, олон цагаар сунаж мөргөөд, ажлаа алдaхыг хүссэнгүй

Египетийн цэргийнхнийг шалсаар байж Европын Холбооны комиссар хатагтай К.Эштон Мухаммед Мурсийг эргэж очсон шог түүх хуучраагүй байна. Исламистуудыг өөхшүүлж байгаагаа энэ хатагтай ойлгоогүй юм. “Ардчилал” гэх гонгинуур нь энэ хатагтайг хөтлөөд харанхуй шөнө таньж мэдэхгүй нууц гяндан руу хөтөлж байв. Эвлэрэхгүй хоёр хүчнийг эвлэрүүлэхийн төлөө, хямралыг зохицуулахын төлөөx “Ta нарын чармайлт чинь дампуурлаа шүү” гэдгийг АБНЕУ-ын эрх баригчид зарлачихаад байхад шүү.

Ерөөсөө өрнөдийнхөн эрх ашгаа шинээр олж томъёолох хэрэгтэй болсон мэт. Хотууд руу нь исламистууд халдаад байдаг, дэлбэлдэг, бууддаг, галладаг, том ачааны машинаар дайрдаг. Хариуд нь “ардчилал” гэх гонгинуураа яриад суух ямар хэрэг байна вэ? Арабын орнуудад ч, Афганистанд ч эвлэрэхгүй нийгмийг эвлэрүүлдэг мэргэн арга олж чадахгүйгээс хойш тэр эрх ашиг гэдэгтээ исламыг хазаарлая, болж өгвөл зогсооё. Исламистуудыг засгийн эрхээс яаж ийгээд холдуулъя, Европ руу зүглүүлэхгүй байя гэсэн шинэ үүрэг өөртөө авч болох мэт. Дарангуйлагч ба ардчилсан сонгуулиар ялсан захирагчийн хооронд ялгаа гэхээр юм лалжcан нийгэмд харагдахгүй нь тодорхой боллоо шүү дээ!

Абу Гейт гэгч исламист нөхрийн хэлсэн занасан үгийг сануулууштай. “2001.09.11”– ний Нью-Й орк, Вашингтон руу онгоц барьцаалан халдсан хэргийн захиалагч ба зохион байгуулагчаар Осама бен Ладены хүргэн Сулейман Абу Гейт гэж Аль-Каеда-гийн төлөөлөгч тодроод байгаа. Тэрээр 2002 онд Иран руу зугтаж очоод тэндээс Иорданд дүрвээд байхад нь тус улсын тусгай албаныхан баривчилж АНУ-д шилжүүлж өгсөн. 2001 оны есдүгээр сарын 12-нд хадам аав болон Айман Завахири нарын хамт энэ нөхөр баяр бахдалтайгаар мэдэгдэл хийж, өмнөх өдрийнх шиг халдлага цаашид ч давтагдах болно хэмээн ам тангараг тавьж байхыг тэр үеийн видео бичлэгээс бишгүй харсансан. Түүний хэлсэн үг байна.

“Та нарын эсрэг аугаа их арми хөдөллөө. Анхааруулчихъя. Лалын бүх үндэстнүүд (the nation of Islam) жүүд, христиан, америкчуудын эсрэг байлдахаар бослоо шүү!”

Тэрээр АНУ-д шилжүүлэгдэн очоод Нью-Йорк хотын шүүхэд хэргээ хүлээх нь бүү хэл салаавч үзүүлэн яг энэ үгээ дахин давтан хэлээд хээв нэг зогсож байв.

Ерөөсөө панисламизм-ыг үгүй хийхгүй бол дэлхий тайвшрахгүй нь хэмээн америкийн неоконсервативчүүд, христиан европчууд, жүүдүүдийн израиль үздэг болсон нь нууц биш. Би энд эргэлзэж асуулт тавьж байгаа юм биш, дүгнэлт ойлгоорой. Тийм учраас өрнийнхөн Ойрхи Дорнод руу тулгаж байсан өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээсээ татгалзаж, ислам дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчин, ардчиллыг өлгийд нь нугасалж, цэргийнхнийг дэмжиж түлхэх замаар исламыг хазаарлах тэр зорилгодоо хүрэхийг ч үгүйсгэхгүй. Одоо барууны орнууд дахь зүүн либерал үзэлтнүүд дарангуйлагч Асадыг дэмжиж, Сири дэх засгийн эрхийг исламистуудад өгүүлэхгүй байх дээр санал нэгдэж байгаа нь ямар гээч үзэгдэл вэ?

Олхонуд Баярхүү Судлаач профессор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (October 30, 2017 8:15:30 pm )

    Лалынхан гэж юу байлаа. Лалруудыг няцлах хэрэгтэй. Гэхдээ шашны хувьд биш. Миний бодлоор лалын гаруудыг давруулбал Сири шиг юм болж мэднэ шүү. Энэ казакууд буруу сэтгэлтэй хүүрүүд байдгийн. Эртхэн зайлуулах хэрэгтэй. Тэр Казакстандаад очдог л биз дэ

antalya rent a car