antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2017 Comments are off

УИХ, уул уурхайн салбар авлигын жагсаалтын “айргийн тав”-д багтжээ

нийтлэсэн Admin

Азийн сангаас “Сант Марал” сантай хамтран Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох ээлжит /18 дахь/ судалгааг нийслэл болон зарим аймаг, сумын 1380 айл өрхийг хамруулан хийсэн байна. Энэ судалгаа нь төрийн байгуулага дахь авлигын талаарх олон нийтийн ойлголт төсөөлөл, мэдээлэл болон өрхийн төвшин дэх авлигын тохиолдол, түүний үр нөлөөг тогтооход чиглэдэг аж.

Юуны өмнө судалгаанд оролцогчдын ихэнх буюу 60.4 хувь нь сүүлийн гурван жилд авлига өссөн гэж үзэж байгаа бол 10.6 хувь нь буурсан гэж хариулжээ. Мөн “Авлига өгч байгаа хүн авсантайгаа адил хариуцлага хүлээнэ” гэх хуулийн заалтыг 81.8 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь нийгмийн зүгээс хээл хахууль, авлигыг хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага өсч байгааг харуулсан, өмнөх жилүүдийнхээс илт нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Гэвч улс төрийн удирдах дээд албан тушаалтнууд авлигыг хянах хүсэл эрмэлзэлгүй, аливаа асуудал, хүнд суртлыг давах арга зам нь болж буй учраас авлига байсаар байгааг судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонх нь онцолжээ. Тийм ч учраас авлигад хамгийн их өртсөн таван байгууллагад улс төрийн намууд болон УИХ, Засгийн газрыг нэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь хатуу шийтгэл ногдуулах, засаг захиргааны шийдвэр гаргах үйл явцыг нээлттэй, ил тод болгох, төрийн байгууллагад тавих иргэд, ТББ-ын хяналтыг хүчтэй байлгах явдал гэж судалгаанд оролцогсдын олонх нь үзсэн боловч дээд төвшний авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, ТББ-ын оролцоог чухалчлах байдал илт буурч, ердөө 6.3 хувь болжээ.

Монгол Улсад тулгамдаж буй томоохон асуудлын жагсаалтыг ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, авлига, ядуурал, инфляцийн өсөлт тэргүүлж байгаа бол хүнд суртал анх удаа жагсаалтын аравт бичигджээ. Манай оронд аливаа асуудлыг шийдвэрлэх түгээмэл арга нь авлига, хээл хахууль болсон гэдэгтэй судалгаанд оролцогчдын 86.7 хувь санал нэгдсэн нь нийгмийн бүхий л салбарт ийм байдал газар авсныг илтгэж буй хэрэг юм. Тиймдээ ч судалгаанд хамрагдагсдын талаас илүү /57.6/ хувь нь хүнд суртлыг даван туулж, асуудлаа шийдүүлэхийн тулд авлига өгөхөд бэлэн байдгаа илэрхийлжээ.

Харин орон нутгийн засаг захиргааны ажилтнууд итгэл хүлээлгэж болох хариуцлагатай хүмүүс байдаг гэх эерэг үнэлгээ жил бүр өсч байгаа аж. Энэ оны судалгаагаар дээрх үнэлгээ 54 хувьд хүрсэн байна.

Авлигын эсрэг үйлчилж буй хууль, эрх зүйн зохицуулалт үр дүн муутай байгааг 2009 он хүртэл судалгаанд оролцогчдын маш бага хувь нь шүүмжилдэг байсан бол энэ үзүүлэлт жил бүр өсөн нэмэгдсээр өдгөө 87.7 хувьд хүрчээ. Үүнийг төрийн албан хаагчдын цалин бага байдагтай олонх нь холбож тайлбарласан байна. Гэсэн ч авлига авсан төрийн албан хаагчдад хатуу шийтгэл ногдуулж, арга хэмжээ тооцох ёстой гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин авлигатай тэмцэх хуулийн хэрэгжилтэд улс төрийн нөлөө орсон, тийм нөлөөнд автаагүй гэж тус бүр 40 орчим хувь хариулсан нь авлигын эсрэг тэмцэлд төдий л итгэл үнэмшилтэй бус байдгийг харуулж байна. Тухайлбал, 2013 оны есдүгээр сард авсан судалгаагаар “авлигын төвшинбуурна” гэх итгэл найдвартай хүний тоо өндөр байсан бол энэ онд сөрөг хандлагатай гарч, 31.9 хувь хүртэл буурсан аж. Үүнд төрийн байгууллагад ажиллагсад жин дарж байгаа нь хачирхалтай.

Судалгаанд авлигын төвшнийг өрхийн болон дээд гэж ангилж үздэг. Үүгээр өрхийн төвшний авлига жилээс жилд буурч байгаа мэт харагдах боловч хээл хахуулийн хэлбэр нарийн, төвөгтэй болсныг судалгааны багийнхан онцолсон байна. Үүнд цэцэрлэгээс эхлээд улс төрийн нам хүртэл Монголын нийгмийн бүхий л төвшинд хамаарах “хандив”-ыг авч үзжээ. 2009 оны судалгаагаар сүүлийн гурван сарын хугацаанд бусдад өгсөн авлига буюу хандив нь өрхийн амьдрал, гэр бүлийн төсөвт хүнд туссан гэж олонх нь хариулсан бол судалгаанд оролцогчдын 20.5 хувь нь л хүндрэлтэй туссан гэж үзэж байгаа нь халамжийн бодлоготой холбоотой байх магадлалтайг судлаачид тогтоосон байна. Жил жилийн судалгаанаас харахад хээл хахууль өгөх явдал буурсан гэх боловч зөвхөн нэг жилийн хугацаанд 14.9-35.9 тэрбум төгрөгийг авлигад зарцуулж байгаа нь аймаар тоо биш гэж үү.

Дээд төвшний авлигын тухайд энэ үзүүлэлтийг 2012 оноос танилцуулж эхэлсэн бөгөөд үүнд улс төрийн ашиг сонирхолтой холбоотой, төрийн байгууллагын дээд, дунд шатны албан хаагчид голчлон холбогддог байна. Дээрх төвшний авлигад эрх зүйн зохицуулалт боловсронгуй биш орчин төлөвшөөгүй нь нөлөөлдөг гэж иргэд үзжээ. Мөн дээд төвшний авлигын төрөлд албан тушаал горилж, бэлэн мөнгөөр өгдөг хэлбэр хамгийн түгээмэл байна гэж судалгаанд оролцогчдын ихэнх /73.9 хувь/ нь дүгнэдэг байна.

Үүнийг хянаж, илрүүлж, хариуцлага тооцоход Авлигатай тэмцэх газар чухал үүрэгтэй гэж нийгмийн олонх үзэж байгаа төдийгүй ямар нэг байдлаар авлига өгөх шаардлага хүлээж авбал тус газарт хандахаа илэрхийлжээ.

Авлигад хамгийн их автсан байгууллагаар 2006 оноос хойш Газрын харилцааны алба байнга нэгдүгээрт жагсч ирсэн бөгөөд улс төрийн намууд анх удаа нэлээд дээгүүр бичигдсэн нь өнгөрсөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрийн хүчнүүдийн хийсэн сурталчилгааны кампанит ажилтай холбоотой байх магадлал байна. Жагсаалтын “айргийн тав”-д уул уурхайн салбар, УИХ, Засгийн газар багтжээ.

Эцэст нь, манай улсад нүүрлэж буй авлигын шалтгааныг судалгаанд оролцогчид улс төрийн удирдах дээд албаныханд асуудлыг хянах хүсэл эрмэлзэл байхгүй, хүндрэлтэй асуудлыг хууль бусаар буюу хээл хахууль өгөх замаар шийдвэрлэх арга түгээмэл болсон, олон нийт идэвхгүй, авлигатай тэмцэх хууль тогтоомж, хүлээлгэх ял шийтгэл нь боловсронгуй биш байгаатай холбон тайлбарласан байна. Тиймээс авлигын эсрэг хийх тэмцлийг хүчтэй болгох, хатуу шийтгэл ногдуулах, хуулиа тогтвортой хэрэгжүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, засаг захиргааны шийдвэрийг ил тод нээлттэй болгох, хяналтыг сайжруулах, олон нийтийг соён гэгээрүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх гол арга зам гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн олонх үзжээ. Учир нь, тэдний ихэнх нь Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр баталсан, авлигатай холбоотой мэдээлэл хүлээн авдаг утас ажилладаг зэргийг мэддэггүй болохыг судалгаагаар тогтоосон байна.

Д.Мөнх

МОНГОЛЫН ҮНЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car