antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2017 Comments are off

Данзангийн Эрдэнэбат: Аав минь морийг зөв, сайхан эдлэдэг хүн байсан

нийтлэсэн Admin

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ нутгийн унаган хүү, Монгол эрийн гурван наадмын хоёроор нь сайхан нааддаг бас хааяахан найз нөхдийнхөө хүрээнд шагай харвачихдаг, Сэлэнгээс сайн бөх төрүүлэх, Сэлэнгэд адууны сайн угшил бий болгох үйлсэд ажил, амьдралаа зориулан яваа аймгийн алдарт уяач, аймгийн заан, Данзангийн Эрдэнэбаттай ярилцлаа.

Та сайхан зусч байна уу. Морины уяа эвлэг үү?

-Сайхаан.

Тантай хурдан морины уяан дээр чинь уулзаж байгаадаа билэгшээж байна. Өнөө жил хэдэн насны хичнээн морь уяж байна даа?

-Бид ах дүү, найз нөхдөөрөө нийлээд “Алтан туурт” галыг авч явдаг. Манай галын ахлагч Раднаа хурандаа, манай хүү, хоёр найз маань гээд бидний хэдэн нөхөд  энэ галаа бүрдүүлдэг. Манай гал энэ жил зургаан насанд 20 гаруй морь бариад, хурдтай сайхан наадахаар зорьж байна.

Алдартан таны бага наснаас яриагаа эхлэе. Ингэхэд аль нутгийн хүн бэ?

-Би чинь энэ нутгийн унаган хүн. Орхон гол,  Сэлэнгэ мөрнийхөө хооронд Шаамар сумын Охиндий гэдэг газар төрсөн. Одоог хүртэл төрж өссөн нутагтаа ажиллаж амьдарч байна, манайх эцэг эхээсээ наймуулаа, өнөр өтгөн айл.

Таны аав морь мал уядаг байсан уу?

-Манайх намайг бага байхад  саалийн хэдэн үнээтэй, унааны хэдэн морьтой, аав минь ан хийдэг, морийг уяхаасаа илүүтэй зөв, сайхан эдлэдэг, сайхан барилддаг аймгийн цолтой хүн байсан.

Таны адуу аль нутгийн адуунаас эхлэлтэй вэ?

-Зэлтэр адууны суурьтай. Тэр хар гүү манай адууны ундарга гэж болно. Хар гүү болохоор Дадийбазар гэж хүний адууных л даа. Сайхан л монгол гүү. Зүүнбүрэнгийн Бацааны халтар гэж Сэлэнгийн толгой азарганы үр төлөөр хольж солиод одоогийн энэ адуу маань бүрдсэн. 1980-аад оны үед чинь Зэдийн аймгийнхан манай аймгийн Түшиг одоогийн Зэлтэрээр малаа оруулж зусаад намартаа буцдаг байсан юм, Зэдийн аймаг чинь тэр үед морин заводтай, сайхан адуутай байлаа. Тэр шугмаар хонь хариулганд орж ирсэн нэг сайхан гүүг манай буурын голын Мөнхдалай гэж буурал ах калибр буу, савхин дээл бас бус юм оролцуулж байгаад  авсан байдаг юм. Тэр гүү дандаа эр унага гаргасан, гарсан бүгд нь давхисан. Тэр дундаас нь би нэгийг нь тэр үедээ л бас чамгүй өртөг өгч авч байсан. 1993 онд Цагааннуур суманд аймгийн бүх сумаас морь, мал ирсэн их л өтгөн наадам болдог юм. Тэр наадамд нэг бор даага айрагдаж байсныг анх харчихаад шохоорхож авсан даа.

Надад ирснээсээ хойш сайн давхисан даа. 1994 онд Шаамар сумын 70 жил болоход шар үстэйгээ туранхай үрээг аваачиж их хол түрүүлгэж баярлаж хөөрч байлаа. Тэр үед манай Зүүнбүрэнгийн Лхагвасүрэн буюу “Ишгэн панз”-ын хээр үрээ улсад түрүүлчихээд ирж уралдахад нь дийлж байсан.  Хязааландаа аймагт айрагдсан. Хувьсгалчдын баяраар аман хүзүүдэж байлаа. Дараа нь аймагт бас нэг удаа хоёрлосон.

Тэр бор азарга чинь ямаршуу онцлогтой адуу байсан бэ?

-Нарийн, нямбай уяа шаарддаггүй, бэлэн давхилттай, өөрөө өөрийгөө аваад явчихдаг л адуу байсан юм шиг байгаа юм. Одоо бол өөрийн унаган бага адуунууд төрж л байна. Хүрэн азарга маань намайг олон баярлуулж байна даа. Манай аймгийн уяачдын холбоо сайхан ажиллаж, улсын шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарлаа. Аймагтаа ойр ойрхон улсын хэмжээний бүсийн хоёр, гурван ч уралдааны эрх авч зохион байгууллаа. Энэ чинь л ийш тийшээ явж наадах завгүй орон нутгийн бидэнд том боломж шүү дээ.

Улс, бүсийн наадамд очиж уралдаж байна уу?

-Нэг жил явж үзсэн. Тэгээд ч албаны ажлын хажуугаар наадам гээд яваад байж чадахгүй л байсан даа.

Од хүрэн азарга чинь таны унаган адуу байх…?

-Тийм ээ. Дааган цагаасаа хойш айраг түрүүнээс салаагүй сайхан буян. Одын эцгийн эцэг 1995 онд улсад түрүүлж байсан цовоо хүрэн гэж хурдан азарга байсан. Нөгөө хар гүү надад өгдөг Дадийбазар гэж аавын маань хамаатны хүү Алагаа гэдэг хүний адуу л даа.

Аймгийн 80 жилээр түрүүлсэн санагдана?

-Аймгийн 80 жилээр хязааландаа түрүүлсэн. Тэр 80 жил чинь олон газрын хурд цугларсан өргөн наадам болсон юм шүү дээ. Гараандаа жаахан алдсан ч сайхан түрүүлсэн.

Уясан морьдоороо аархаж наадсан наадам танд байдаг уу?

-2009 он санагдаж байна, аймгийнхаа наадамд Од хүрэн даага маань түрүүлээд, шүдлэн хар үрээ аман хүзүүдээд, манай галынхан зургаан насанд бүгдэд нь айраг түрүү аваад сайхан наадсан. Тэр болгон хүн тэгж наадсан хувь ховорхон байх шүү гэж боддог.

Та аль насыг ер нь боломжийн уяад байна гэж өөрийгөө тоодог вэ?

-Найз нөхөд маань намайг явуулдаг ч юм уу, урам өгдөг ч юм уу, төмстэй адууг л арай анзаарч уяад байна уудаа гэдэг юм. Манай Алтанбулагийн Бандийн Мөнхөө бас л тэгж хэлж байсан, Мөнхөө чинь өөрөө мундаг уяач байхгүй юу, аймагт олон түрүүлсэн хурдан ухаа морьтой. Сэлэнгийнхэн андахгүй дээ.

Сүүлийн үед зүүн аймгуудын адуу аль ч газрын наадамд дийлж уралдаад байна. Танд тэр нутгийн угшилтай адуу бий юү?

-Надад нэг хар морь байсан, Мөнххааны гэдэг байх аа. Харин тэр хар морийг сайн давхиулж чадаагүй. Тэгээд ч надад гаднаас авсан олон адуу байхгүй дээ, сүүлийн үед өөрийн савнаас аятайхан давхичих адуу гараад байгаа болохоор гадагшаа санаа алга.

Сайн уяж чадах юм бол манай Сэлэнгийн адуу аль ч газрын ямар ч наадамд уралдах хэмжээнд хүрсэн гэж боддог юм шүү дээ. Үүний нэг жишээ гэхэд саяхны оныг нь сайн санахгүй байна аа. Хоёр жилийн өмнө байна уу Цагааннуур сумын унаган адуу Мэндээ гэж хүний унаган халзан морь улсын наадам болон Их хурд хоёуланд нь Бөөрөнхийн Амарбаясгалан гэдэг нэрээр  нөгөө алдарт буган хүрэн, энэ цагт ид байгаа суман хүрэн гээд л адуунууд байна аа, буган чинь энүүхэн баруун ур дахь Зүүнбүрэнгийн унага шүү дээ.

Сүүлийн үед морийг эрлийз, монголоор нь ялгаж уралдуулах болсон энэ талаар таны бодол?

-Сэлэнгэ ОХУ-тай хил залгаа нутагтай, иргэд нь адуу малаа хольж солиод эртнээсээ захын гол, усаар гарахад гутал норгохгүй хэмжээнд болгочихсон, бие хаа товир адуутай, бусад аймгуудтай харьцуулахад том адууны суурьтай нутаг. Сүүлийн үед хурдан морийг хоёр салгаж уралдуулаад байгаа нь Сэлэнгийнхэнд бол хохиролтой л шийдвэр юм гэж боддог. Харин тэр говийн бүс гэдэг ч юм уу баруун зүг рүү бол байж болох л байх даа. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай юм даа, ганц манай аймаг ялгахгүй уралдуулна гэхээр нөгөө англи, араб адуунууд чинь хүрээд ирэх байх, тэгэхээр яамаар ч юм, тэгж байгаад аль аль талдаа нийцсэн ончтой шийдвэр гарах байлгүй дээ гэж бодож явдаг.  Оросоос орж ирсэн адуугаар цол, хэргэмд хүрсэн манай том уяачид бий.

Та эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг хүн. Одоо хоёулаа бөхийн зодог шуудаг өмссөн түүхийг чинь сөхье…?

-Дээр ярьсан даа, 1978 онд цэргээс халагдаж ирээд Алтангийн наадамд барилдаж их шөвөгт үлдсэн. Цэргээс ирсэн хүүхэд цэрэг малгайтайгаа гарч барилдаад Булганы Батчулуун арсланд унаж байсан юм.

Нэг хэсэгтээ би аймгийнхаа Спортын газарт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа?

-Тийм ээ. Энэ албанд анх 1979 онд орж байлаа.

Энэ хугацаанд 1992 оны Улсын наадамд гурван шавь маань зэрэг улсын цол авсан. Энэ бас сайхан амжилт шүү. Шаамарын Дагвадоржийн Амаржаргал, Мандалын Сэр-Одын Эрдэнэбат, Завханы Бат-Амгалан. Үүнийг хүн бүхэн мэддэггүй нь Эрдэнэбат төрсөн нутаг, Архангайгаараа, Бат-Амгалан Завханаараа цолоо дуудуулсан болохоор тэр байх л даа. Манай харцага Т.Өсөх-Ирээдүй байна, улсын начин Б.Мөнхтогтох, Ш.Зоригт нар чинь мөн л аймгийнхаа спорт хороогоор орж, гарч байгаад л улсын цолонд хүрсэн.

Манай шавь нараас улсын цолтой зургаа, аймгийн цолтой 40 гаруй, олон улсын хэмжээний мастер 11, спортын мастер мөн 40 гаруй, дэлхийн аварга хоёр, дэлхийн аваргын медальтай зургаа, тивийн аварга дөрөв, тивийн медальтай 14  бөх төрөөд байна.

Сэлэнгэчүүд аваргатай. Сэлэнгэ аймгийн нийт бөхчүүд сүүлийн жилүүдэд чамгүй амжилттай барилдаж байна?

-Б.Одгэрэл улсын харцага боллоо. Сайн барилдчих сайхан залуучууд байна аа байна. Би энд нэг сонин зүйл яръя, одоо энэ начин Баянмөнхийн аав Чотон бид хоёр их түүхтэй,1978 онд аймгийн наадамд 192 бөх барилдсан юм. Талийгаач Рагчаа багш гарын даа хийж байлаа. Наадам тарах болоод байдаг, нэг давсан хэдэн бөх үлдчихээд байдаг, нэр дууддаггүй, сүүл рүүгээ гайхаад гарын даагаас асуулаа. Тэгэхэд бас Чотон надтай цуг очоод багшаас асууж таарсан, тэгсэн багш бид хоёрыг харж байснаа та хоёр барилдчих гэдэг байгаа, /инээв/ Тэгээд бид хоёр барилдлаа. Их удлаа, сүүлдээ залхлаа, унаад өгөх ч хаашаа юм, ямар худлаа уналтай биш, тэгж тэгж би нэг юм давлаа. Чотонд хэн нь ч юм Сэлэнгэд очиж барилдвал амархан цол авна гээд ойлгуулчихаж. Тэр жил манай Сундуй арслан улсад барилдана гээд явчихсан хойгуур тал талаас цол харсан хүмүүс ирсээр нөгөө 128 бөх чинь 192 болчихгүй юу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car