antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2017 1 comment

Н.Дулаан:Гадаад зохиолыг эх хэлээр нь уншсан монгол дүү нар ховор байна

нийтлэсэн Admin

Нэрт зохиолч Эрнест Хемингуэйн 1954 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн “Өвгөн ба Далай” (The Old Man and the Sea) тууж дэлхийн олон хэлэнд орчуулагдан хэвлэгдэж, уншигч түмний таашаалд нийцсээр ирлээ. Энэхүү туужийг Англи хэлнээс шууд монгол хэл рүү орчуулсан Н.Дулаан багштай ярилцлага өрнүүлснийг сонирхуулъя.

– Та сайн байна уу?

– Сайн байна аа. Солонго сэтгүүлийн өргөн олон уншигчиддаа өнөөдрийн амар амгаланг айлтгаж байна.

– Чухам яагаад Эрнест Хемингуэйн “Өвгөн ба Далай” туужийг сонгон орчуулсан тухайд яриагаа эхлүүлье?

– “Өвгөн ба Далай”-н монгол орчуулга богино хугацаанд 6000 ширхэг борлуулагдсан. Өнөөдрийг хүртэл 10 мянган ширхгийн захиалга хүлээж аваад байгаа бөгөөд үргэлжлэн нэмэгдсээр байна. Энэ нь бидний хүүхэд залуучууд монгол ном бичигт хорхойтой байгааг харуулж чадсан гэж би бодож байна. Харин томчуудаас хүүхэд багачууддаа бэлдсэн тусгай зориулалтын ном тун дутмаг байна. Хүүхэд багачууддаа зориулсан ном, бүтээлүүд бага хэвлэгдэж байна гэж хэлж болно. Ялангуяа, монголчуудын уншиж буй гадаад уран зохиолуудын ихэнх хэсэг нь хэл дамжин орчуулагдсан орчуулгууд. “Өвгөн ба Далай”-гаар жишээлэхэд монголчуудын өмнө уншиж байсан нь Хятад, Орос хэлнээс дам орчуулсан орчуулгууд. Энэхүү явцад үзэл ухамсар болон соёлын уламжлалын шигшигдэх үзэгдэл үүссэнийг бид бүхэн ойлгох ёстой. Бид иймэрхүү бүтээлийг хүлээн аваад байвал “Хөрсөн цай”-г ууж буйтай адил ба бусдын гараар дамжсан соёлыг хүлээж авч байгаатай адил шүү дээ. Үүнээс гадна, би өөрөө Эрнест Хемингуэйн бүтээлүүдийг их сонирхдог. Энэхүү туужийн гол дүр болох Santiago өвгөний нугарахаас биш, хугарахгүй эр зоригийг тун биширдэг.

– Энэхүү тууж дэлхийд алдаршсан учир олон хэлнээ орчуулагдсан. Та бусад хэвлэлийн тухай танилцуулна уу?

– Би өөрөө монгол, хятад, япон, англи хэлтэй хүн. Тиймээс энэхүү туужийг орчуулахаас өмнө өөрийн ойлгодог хэлэнд орчуулагдсан хэвлэлийн орчуулгын бүтээлүүдийг олдохын хэрээр нь уншсан юм. Ингэж харьцуулсны дүнд Хятад хэл дээр бараг 100 гаруй орчуулга бий бөгөөд олонх нь алдартай хүмүүсийн орчуулга болно. Үүнд, нэрт яруу найрагч Юй Гуанжүн, нэрт зохиолч Жан Айлин болон алдарт орчуулагч Ли Вэньжюнь нарын орчуулга бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Тайваний алдарт орчуулагч Чэн Жюнь-И бол далай тэнгисийн тухай тусгай мэргэжлийн мэдлэгтэй учир орчуулга нь тун оновчтой бөгөөд урсам сайхан байдаг. Ли Вэньжюньгийн 80 настай үедээ орчуулсан орчуулга нь богино ойлгомжтой, Хемингуэйн хэлний хэв намбыг хадгалах гэж хичээн ажилласан нь тодорхой. Хятадын сүүлийн үеийн залуу орчуулагч Ли Жихүн өмнөх хүмүүсийн орчуулгын 1000 гаруй алдааг зааж гарган залруулсан билээ. Ли Жихүнгийн орчуулга надад ч гэсэн тун таашаагдсан. Өөрөөр хэлбэл, Эрнест Хемингуэйн “Өвгөн ба Далай” хэвлэгдсэн тавиад жилийн хугацаанд хятад орчуулга үргэлжилсээр, басхүү шинэ орчуулга хэвлэгдсээр байна. Япон хэл дээр ч гэсэн энэхүү туужийг олонтоо орчуулсан нь бий. Япончууд “Өвгөн ба Далай” туужийн агуулгыг тод томруун илрүүлж чадсан байна. Энэ нь Япончуудын далай тэнгис болон загас агнах амьдралын тухай сайн ойлголттой байдагтай шууд холбоотой. Гэсэн хэдий ч Япон орчуулгын үг өгүүлбэр бага зэрэг сунжруу санагддаг. 2010 онд Монгол Улсад алдарт орчуулагч Г.Аким “Өвгөн, Далай” гэж монгол хэлэнд орчуулагдсан кирил үсгийн хэвлэл бий юм. Харин Өвөр Монголд эх хэлнээс нь шууд орчуулсан орчуулга байхгүй. Үүнээс өмнө орчуулагч Ү Лаогийн хятад хэвлэлийг монгол хэл дээр орчуулсан хэвлэл, Монгол Улсын С.Сандагдоржийн Орос хэлнээс дам орчуулсан кирил бичгийн хэвлэлийг дахин босоо монгол бичигт хөрвүүлсэн хэвлэлүүд л байдаг.

– “Өвгөн ба Далай” туужийг орчуулах явцад тохиолдсон бэрхшээлүүд юу байна?

– Үүнийг хэлэхээс өмнө Эрнест Хемингуэйн зохиол бүтээлүүдийн хэлний хэв маягийн тухай товчхон хэлье. Эрнест Хемингуэйн хэлний хэв маяг бол тун товч авсаархан, цөөн үгээр гүн санааг илтгэдгээрээ онцлог юм. Түүний энэхүү туужийн англи хэлний хэвлэл нь 100 орчим хуудастай. Үүнийг монгол хэл дээр орчуулбал яаж энэ хуудасны хэмжээнээс хэтрүүлэхгүй бөгөөд зохиогчийн уг санаа, хэв байдлыг нь алдагдахгүй байхад тун хичээсэн. Хамгийн эцэст нь монгол “Өвгөн ба Далай” нь загасны тайлбар зургуудаа хамруулаад нийт 186 хуудастай болгосон байна. Энэ нь хүүхдүүд уншихад сонирхолтой болгохын тулд тэдний харааг нь хамгаалах зорилгоор үсгээ том том хэвлэснээс шалтгаалсан байна. Үүнээс гадна, тус туужид өвгөний загастай тэмцэлдэж байгаа үеийн хөдөлгөөнийг тун нарийн дүрслэн бичсэн байдаг. Монгол хэлэнд оновчтой орчуулахын тулд би өөрөө ч дээс олж байгаад зүүн баруун хоёр мөрөн дээрээ ээлжээр тавьж үзэж байгаад орчуулсан. Зарим хэсгийн агуулгын зургийг ч зурж үзлээ. Олон хэл дээрх хэвлэлүүдийг лавласан болохоор би ойролцоогоор нэг жилийн хугацаатай бэлдсэн. Тэгээд гурван сарын хугацаатай орчуулсан байна. Өдөр бүр ганц л хуудас орчуулдаг. Орчуулж дууссаны дараа гэргийдээ уншиж өгөөд ойлгомжтой гэвэл үргэлжлэн орчуулдаг байв.

– Монголчууд далайгаас хол амьдардаг учир монгол хэлний энэ талаарх үгсийн сан дутмаг байна гэж ихэнх хүмүүс эргэлздэг байх аа. Та харин үүнийг бэрхшээлд тооцоогүйн учир юу бол?

– Монгол хэлний үгсийн сангийн нөөц үнэндээ тун баялаг байдаг. Монгол хэлний үгсийн сангийн баян нөөцтэй гэдгийг би өөрөө ч орчуулгаар дамжин бишрэн гайхсаныг танд нуулгүй хэлье. Загас, загас агнах, далай тэнгис, усан онгоцтой холбогдсон оноосон нэр монгол хэлэнд бүгд бий бөгөөд амьд ярианы хэл болон “Монголын нууц товчоо” зэрэг эртний сурвалж бичгүүдээс бүгдийг хайж олж болдог. Харин бид өөрөө өвөг дээдсийнхээ бидэнд үлдээж өгсөн энэхүү баян санг ашиглахгүй байсаар залуу нэг үеийнхэн нэн мэдэхгүй, ойлгохгүй хэмжээнд хүрсэн. Жишээлээд хэлбэл, ‘Заарцаг’ гэж загасан сүргийг нэрлэсэн байдаг. ‘Хавшина’ гэж их загас бага загасаа залгихыг хэлж байна. ‘Дулан загас’ гэж аварга загасыг нэрлэж байгаа бөгөөд ‘Олов загас’-ны олов нь махан жигүүртэй амьтныг нэрлэдэг тусгай нэр үгүүд байдаг байна. Үүнээс гадна, аль болохоор уг санааг хувируулахгүй байдалд монгол хэлний хэрэглээнд зохицуулан зарим үгийг орчуулсан. Жишээлбэл, “Загас уяа тойрон эргэх…”, “Өвгөн би сүүдрээсээ өөр ханьгүй гэхэд загас ч сүүлээсээ өөр нөхөргүй”, “Тэнгисийн мандал уул шиг овойн өргөгдөж…”,“Ус хагаран ярагдах нүсэр битүү дуун болон… ус цалгих хүнд шуугиан…” гэх зэрэг байна. Мэдээж хамгийн эцэст хэр зэрэг орчуулсныг уншигчид маань л үнэлнэ. Монгол хэлний маань баян нөөцийг таньж олсон явдал нь энэхүү туужийг англи хэлнээс нь шууд монгол хэлэнд орчуулсны жинхэнэ үнэ өртөг болсон байна. Мөн миний хамгийн том олз болжээ. Монгол хэл маань аль ч үндэстний зохиол бүтээлүүдийг орчуулахад бүрэн хангалтай баялагтай байдаг.

– Та залуучуудад зориулж юу хэлмээр байна?

– Гадаад уран зохиолуудыг эх хэлээр нь уншсан монгол дүү нар өдрийн од шиг цөөн гэж хэлж болно. Энэ нь монголчууд дэлхийн шилдэг уран зохиолтой шууд танилцаж чадахгүй байгаагийн чухал нэгэн шалтгаан гэж би үзэж байна. Цаашид өнөөдрийн монгол уран зохиолд дэлхийн төвшинд хүрсэн зохиол ч гарч амжаагүйн шалтгаан энэ мөн болов уу гэж би үргэлж сэтггэдэг.Орчуулга бол нэг үндэстний уран зохиол болон соёлын хөгжлийн хэр төвшинг харуулж чадах чухал стандарт юм. Нэгэн үндэстэн дэлхийн соёлын тэргүүний эгнээд явна гэвэл заавал бусад үндэстний шилдэг соёлд суралцахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ шилдэг соёлыг дэлхий дахинд таниулах ёстой. Энэхүү явцад орчуулга, тэр дундаа маш сайн орчуулга шаардагдана.Одоогийн залуучуудын англи хэлний хэр төвшин надаас сайн байна. Ийм учир залуу үеийнхэн гадаад уран зохиолуудыг уг хэлээр нь уншихыг чухалчлахын зэрэгцээ нэн чухал нь өөрийн үндэстний шилдэг бүтээлүүдээ дэлхийн хүмүүст танилцуулах явдал юм. Үүнд ганц гадаад хэлийг л сайн сураад хангалттай бус, харин эх хэлээ мартахгүйн үндсэн дээр бусад хэл буюу бусад талын мэдлэгүүдийг сайн эзэмших ёстой. Бидний залуучууд ажиллаж, амьдрах, үйлс бүтээхдээ “Өвгөн ба Далай” тууж дахь өвгөн адил эр зоригоор ажиллавал лавтай амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

– Бидний урилгыг хүлээн авч сурвалжлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсье.

-Баярлалаа.

Б.Ариухан

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 10, 2017 11:44:40 pm )

    юу далай вэ ? sea гэдэг үг чинь тэнгис л гэж орчуулагдаж ирсэн биз дээ ? Хэмингуэйн Өвгөн ба Тэнгис гэж орчуулсан байсан биз дээ, урд нь ?

antalya rent a car