antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 20, 2017 2 comments

Aлт ашигтай юу эсвэл уух ус чухал уу?

нийтлэсэн Admin
Алтны олборлолтыг нэмэгдүүлэх хүсэл шуналд автсан хүний, өөрийн дээрэмчдийн тоо харамсалтай нь жилээс жилд нэмэгдсээр байна. Дээрэмчид гэж шууд нэрлэхийн учир нь алт ухна гэдэг нь байгаль эхийнхээ жам тавиланг зөрчин эх нутгийнхаа сор болсон газруудыг эвдэн сүйтгэж, хүч түрэмгийлж байгаад оршино.
Монголчууд бидний өвөг дээдэс гол усаа ухаж сүйтгэх нь бүү хэл булгийн ус руу сүү ч дусаадаггүй зан заншилтай ариун хүмүүс. Алт ухагчдын эзэгнэж байсан газраас гол горхи, аршаан булаг ямар болж үлддэг билээ? Тэд ой мод, өвс ургамлыг нь орвонгоор нь сүйтгэнэ, хөрсийг нь эргүүлж, гол усыг нь бузарлана, бохирдуулна, ширгээнэ, ан гөрөөсийг нь дайжуулна. Алт ер нь л асар их балагтай үр дагавартай даа. Тухайн нутаг орны алтыг ухаж авчихаад хаяад явчихсан этгээдэд “Баярлалаа Танд ” гэж хэлэх хүн байх болов уу, базарваань. Харамсалтай нь ийм газар өнөөдөр Монголд хаа сайгүй.
    Монголчуудын  газар доорхи алтаа ухаад, элбэг хангалуун амьдрах гэнэн мөрөөдөл 1990  оноос эхтэй. Бүр тодруулбал 1994 оны “Алт хөтөлбөрөөс”.  Ашигт малтмалын хуудуутай хуулиа 1997 онд хам хум баталж аваад алт ухах аян дайнд дээр доргүй орцгоосон.  Лиценз гэдэг гоё нэрээр газар нутгаа хэрчин тасдаж, гаднынханд баруун солгойгүй зарцгаасан.
Дараа нь их хурал засгийн газраас “Алт 2000” хөтөлбөр зарлан бужигнуулж, үр дүнд нь 2005 онд 25 тонн алт олборлож байсан цаг тун саяхан мэт. Тэр үед зөвхөн Онгийн голын эхэнд дэх Өлтийн уурхайгаас жилд 1.4 тонн алт олборлож байлаа. 25 тонн алт ухаж аваад дарга нар амалж, иргэд бид хүсэн мөрөөдөж байсан шиг Монгол улс баяжсан уу? Огтхон ч үгүй. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс сүүлийн хорин жилд 16 мянган тонн алтаа ухаж гадаадад гаргачихаад өнөөдөр хүн амын 40 хувь нь гуйланчлал ядууралд  байгаа юм чинь бидний  алт ухаж баяжина гэдэг мөрөөдөл лөөлөө л болсон байхгүй юу.
   Тэр битгий хэл тэрбумтан болох мөрөөдөлтэйгөөр Монголд ирж алт ухсан “Алтан Дорнодын” эзэн Паушек гэгч орос эр өрөнд орж дампууран өнөөдөр интерполоор эрэн сурвалжлагдаж явна. Алтны магнат “Монгол газар”, “Эрэл” компанийн эзэд баяжив уу?   Харин 2007 оны тооллогоор сүүлийн 10 жилд 800 гол, горхи, том жижиг 600 нуур, цөөрөм, 1600 гаруй булаг,  аршаан хатаж ширгэсэн гэсэн сэтгэлд сэрдхийм тоо баримтууд гарч байв.  Тэр үед говийн бүс нутаг улам хуурайшиж, экологийн тэнцвэр алдагдах аюул нүүрлэсэн нь эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй дөрөв дөрвөн жилээр солигдох төр засгийнханд огтхон ч падлийгүй байлаа.
   Хорин жилийн өмнө миний бие Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын төвийн дэргэд орших “Таацын цагаан” хэмээх мяралзсан устай их нууранд  20 гаруй орны тамирчид оролцсон сэлүүрт завины олон улсын тэмцээн зохион байгуулалцаж байлаа. Өнөөдөр тэр нуур  хатаж ширгээд ийм нуур байсан гэсэн  нэр нь л газрын зураг дээр үлджээ.  Мөн Онгийн гол руу цутгалтай 20 гаруй жижиг гол горхи  хатаж, хуурай сайр үлдсэн байна. Учир жанцанг нь тодруулбаас тун энгийн. Тухайн үед төр засгийн шуналдаа шартсан эрх баригчид Онгийн голын эх Буянт, Өлт, Бөөрөлжүүт, Нарийн, Өртөнт, Цагаан голуудын дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг  хавтгайруулан олгосны балаг. Арын сайхан Хангайн ардын дуунд мөнхөрсөн домогт Цэнхэрийн гол маань гадна дотнын алтны ангуучдын хөлд өртөж, бохирдон усны түвшин нь эрс багасч, ийм хувь заяа өөр маш олон гол, мөрнийг дайрсан. Харин бид хашралгүй сургамж авалгүй алтаа хайсаар, ухсаар байх уу?
     Хамгийн гамшигтай нь алтны судал ихэнхдээ гол мөрний сав газрын дагуу оршдог. Мөрөн голууд  хэдэн мянган жил урсахад байгалийн жамаар алтны ширхэгүүд ёроолд нь тунан үлдэж, үүнийг нь шуналт хүмүүн ухан самарч сэгсэрдэг. Хамгийн хорлонтой нь алт ухагчид  голын голдрилыг хэдэн арван удаа өөрчилж, тухайн голын ойр орчны газар нь эргээд нөхөн сэргэж, байгалийн унаган төрхөндөө  ортол  100 жил болдгийг АНУ-ын Калифорни мужид алт олборлож байсан нутгуудаас харж болно.   Манай улсад анх 1900 оны эхээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойн голын дагуу орос хятадууд 50-80 метр өргөн, 10 км шахам урт талбайд шороон алт сорьцлон олборлосон. Эрдэмтэд алт ухсан голын орчмын хөрсийг судалж үзэхэд өөрийгөө нөхөн сэргээхийн тулд  байгаль эх 100 жилийн турш тэмцсэн байдаг. Гэтэл өнөөдөр тэнд ахиад л орон нутгийн хурган дарга нарын зөвшөөрлөөр “нөхөн сэргээлт” хийх далбаан дор нинжа нар бужигнуулсаар…
  УИХ-ын 2009 оны долдугаар сард  бидний хэлж заншсанаар “Урт нэрт” буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” гэсэн зургаан зүйлтэй, гуравхан хуудас хууль батлагдаж, уг хуулийн дагуу хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоох, голын эргээс 200 метрийн дотор хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоохыг тэр үеийн Ерөнхий сайд С.Баярт даалгаж байлаа. Энэ хуулиа хэрэгжүүлэхийг эх нутгаа гэх сэтгэлтэй хүмүүс төр засгаас сүүлийн 8 жилийн турш цөхрөлтгүй шаардлаа.
Гэвч хуулийг АН, МАН аль ч намын Засгийн газрууд хэрэгжүүлэхийг хүссэнгүй, хэрэгжүүлсэнгүй, хууль нь  гууль болон цаасан дээр үлдлээ.  Түүгээр ч үл барам нэмж хэдэн зуун зөвшөөрөл олгосон бөгөөд цөхөрсөн хэсэг иргэд алт олборлож байгаа компаниудтай дайн зарлаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Буданчийн гол дээрх “Пураан” компанийн эд хөрөнгө рүү буудаж байлаа. Хэрэв Засгийн газар эртний их тахилгат Ноён уулыг ухах өнөөгийн шийдвэрээ өөрчлөхгүй бол ийм маягийн тэмцэл хурцдан газар авч, бүх нутгийг хамран өрнөх шинжтэй болж байна.
  Ашигт малтмалын хуулийг 1997 онд баталсан цагаас хойш 20 жилийн дотор УИХ 20 шахам удаа өөрчлөв. Өөрчлөлт бүр нь гадныхны лоббигоор хийгдсэн гэдгийг их хуралд сууж байсан нөхөд  ярьдаг. Лобби гэдэг нь цаад утгаараа авилга гэдэг үгтэй эн дүйцдэгийг захын хүн мэдэх болсон цаг. Хамгийн ноцтой жишээ нь алтны нөөц ашигласны төлбөр 10 хувь байсныг гадныхны захиалгаар хоёр жилийн өмнө 2.5 хувь болгон бууруулах саналыг дэмжсэн гишүүдийн эрх ашиг чухам юунд хөтлөгдсөн нь цагаан дээр хараар бичсэн мэт тодорхой.
   Өнөө жилээс Засгийн газраас  зарлаж буй “Алт-2” хөтөлбөрөөс харахад жил ирэх тусам олборлолтын хэмжээ нэмэгдэж, энэ хэмжээгээр гол горхи химийн бодисоор бохирдож бузартах, хатах ширгэх явц улам түргэсэх бололтой. Үр дүнд нь ардаа  УИХ-ын гишүүд голдуу эзэнтэй, хэдхэн алтны хэдэн компани баяжиж, малчид унаган нутгаасаа шахагдаж, бэлчээр хадлангийн талбай хомсдож, байгаль экологи сүйрэх явц түргэсэх нь. Аргагүй ш дээ, Монголын алтны томоохон магнат хатагтай УИХ-д Байгаль орчны байнгын хороог нь удирдаж, төр засгийн бодлогыг тодорхойлж байгаа юм чинь.
   Урьд урьдын гашуун сургамжаас харахад аль ч нам харьяалал ялгаагүй үе үед төрд  шургалсан хулгайч дээрэмчид луйварчид  өөртөө олох өчүүхэн олз омгоо бодсоор үр ач нартаа экологийн сүйрэлд нэрвэгдсэн, эрүүл саруул амьдрах аргагүй орчин  үлдээх нь.  Азгүй цаг үед төрсөн арчаагүй бид “Хэдхэн жилийн өмнө бид чинь ийм сайхан гол мөрөнтэй байжээ” хэмээн зураг харж, хэнгэнэтэл санаа алдаж суух цаг тун дөхөж байгаа бололтой.
  Жирийн түмэн бидэнд  эдүгээ гол мөрнөө авч үлдэх, эсвэл ухаж төнхөж алтыг нь авах хоёр сонголт байна. Харин бидний толгой дээр бидний сонголтоор төрд очиж, бидний толгой дээр зайдалсан эрх баригчдын хувьд сонголт нь  ганцхан болох нь тодорхой болж байна. Энэ нь жаахан алтны золиосонд эх нутгаа сүйрүүлэх увайгүй санаа. Үр хүүхэд нь Монголдоо амьдрахгүй юм шиг загнаж, өнөө маргаашийн бодолдоо самуурч, төрөлх нутгаа хөнөөх зөвшөөрлийг зуу зуугаар нь  олгож, “Алт-2” гэх хөтөлбөрийг шамдан хэрэгжүүлнэ гэж зарлаж суугаа өнөөгийн төр засгийнхан  ирээдүйд учрах лай ланчигаа хэзээ ч үүрэлцэхгүй мэт аашилж байна. Төрийн хуулиас яаж ийгээд мултравч, Тэнгэрийн гэсгээлээс хэнбугай нь ч хэзээ ч зайлдаггүй тавилантай хорвоо.
   “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг үг бий. Алт ухах тусгай зөвшөөрлөө далдуур өөр хүний нэрээр авсан УИХ -ын гишүүд гэх этгээдүүд тэдний гар хөл болсон луйварчдад ашигтай “Алт-2” хөтөлбөрийг иргэн та дэмжих үү? Өдрөөс өдөрт гол мөрөн маань бохирдож, устаж үгүй болж байхад иргэн Та шар алтыг сонгох уу?
   Өнөөдөр гурван саяулхнаа  бид цэвэр устайгаа,  эрүүл хөрсөнд ургасан тариа ногоотойгоо, сая сая мал ан амьтантайгаа амар жимэр суугаад сайн цаг хүлээж байвал яасийм. Баян Монгол орондоо бид тураад  үхтэл хаа ч юм.  Хэрэв тэгж их алт ухаж мөнгө цаас олмоор санагдаад байгаа бол ядаж гол мөрнөөс маань хол газрууддаа ухацгааг л дээ.
  Манай улс усны нөөцөөр  хязгаарлагдмал, хомс орон мөртлөө гадаргын жаахан усаа гамтай ариглаж хэрэглэж чадахгүй, бохирдуулж, хатааж ширгээж байгаа нь тун харамсмаар. Гол мөрөн, горхи булаг шанд тасарч, намаг нуур ширгэж, хуурай хатсан сайр өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа нь дэлхийн дулаарал гэхээсээ  илүү төрийн нэрээр өөрсдийгөө хуягласан увайгүй шуналтнуудын  хар гай юм шүү.
Хэдхэн жилийн дараа уух усгүй,  ургаа модгүй, аршаан булаг, гол горхи нуур цөөрөм нь дээр дурьдсанчлан газрын зураг дээр нэр нь  үлдэж,  оронд нь улаан шороо эргэсэн, ухаж сэндийлээд хаясан нүхнүүд  хоцрох вий гэхээс хэн хүний сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Газар доорхи алтнаас  илүү газар дээрх ус чандмань эрдэнэ маань бидэнд хэрэгтэй. Усгүй, ой модгүй, өвс ургамалгүй, амьдрах эрүүл орчингүй бол хичнээн  алт эрдэнэс байгаад яах юм, тэр хогоор.
 Ш.Пүрэвсүрэн 
2017-3-19

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Гэрэл (March 20, 2017 5:53:14 pm )

    Толгойтой үснээсээ илүү өртэй гаднын гар хөл болсон луйварчдын хийж байгаа ажил,та нарыг тэртэй тэргүй тамын зовлон хүлээж байгаа.

  • ИРГЭН (March 20, 2017 7:54:26 pm )

    БҮГДЭЭРЭЭ АЙМААР ИХ АЛТААР ГЭР БАРИАД ГАНГАРААД ДАРАА НЬ ЖОРЛОНГИЙХОО УСЫГ УУГААД ҮХЭЖ ДАЛД ОРООД ГАДНЫХНЫГ БАЯРЛУУЛЦГААЯ.ОРХОН ГОЛЫГ БУЗАРЛАСАН ШАР СЭМЖИЛСЭН МЯНГАНБАЯР ӨВГӨНИЙГ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ХУЦААРАЙ.ОРХОН ГОЛ ЭНЭ ЖИЛ УЛААНААРАА ЭРГЭВЭЛ ӨВӨРХАНГАЙН ТЭНЭГҮҮДИЙГ ТУРХИРЧ АЛТНЫХ НЬ УУРХАЙЫГ СӨНӨӨГӨӨД ДАРАА НЬ БУХ МЯНГААГ АЛСАН НЬ ДЭЭР ЛАЛАРУУДАА АЛТАА УХААД БАЙ ХОЖИМ УСНЫ ГАЧААЛД ОРХООРОО ҮҮНИЙГЭЭ АЛТ УХСАН ЛАЛАРУУД ХЭДЭН ҮЕЭРЭЭ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ҮРГЭЛЖ ДООГУУРАА НОЙТОГНОЖ ТӨЛНӨ ЗҮГЭЭР ӨНӨӨДӨР АЛТААР ДАНХАЛЗАЖ МАРГААШНААС ӨТГӨН ШИНГЭН ДОТРОО ХОРВООГИЙН ӨДРИЙГ ГУТАМШИГТАЙ ӨНГӨРӨӨЖ ЭХЭЛНЭЭ

antalya rent a car