antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 19, 2017 1 comment

2017 он Монгол Улсын хувьд сорилтын жил болно

нийтлэсэн Admin

Монголын эдийн засагт  2016 он ямар үр нөлөө авчрав гэдэгт эдийн засагчид өөр, өөрийн өнцгөөс тайлбарлаж байна.

  Бичин жилийн хувьд олон дуулианаар өндөрлөж байна гэж хэлж болно. 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадны хөрөнгө оруулалт  25 дахин буурч, ам.долларын өсөлт дээд цэгт хүрч, улсын төсөв агшилттай гарсан гээд тоочвол өнгөрсөн онд эдийн засаг тийм ч таатай байсангүй. Харин 2017 он буюу тахиа жилд эдийн засаг ямар байх вэ гэдэгт мэргэжилтнүүд эхнээсээ гаргалгаа хийж байна.

ХӨГЖИЛД ХАЯГЛАСАН ЧИНГИС БОНДЫН ӨРИЙГ ТӨЛНӨ

     Эдийн засгийн хөдөлгүүр гацаж, хэтэвч нимгэрсэн энэ оныг нэлээн сорилттой  жил болно гэдэгт эдийн засагчид эхнээсээ санал нэгдэж  байна. Тэдний үзэж буйгаар 2017 оны хувьд эерэг, сөрөг үзэгдэл ээлжлэх бөгөөд эрсдэл багатай эдийн засгаа өндийлгөхөд төрийн зөв бодлого гол нөлөө үзүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнээс хамааралтай сайн, муу шийдвэр эргээд эдийн засгийн хөрсөнд буудаг учраас  үүнд анхаарах цаг болсныг онцолж буй юм.

     Энэ эгзэгтэй мөчид УИХ-аас эдийн засгийг аврах  220 заалт бүхий хөтөлбөрийг баталсан. Хүндрэлээс ойрын хугацаанд гарах арга хэмжээ болон тогтолцооны шинэчлэл хийхэд хөтөлбөрийг чиглүүлсэн хэмээн боловсруулагчид нь тодотгож байна.  Түүнчлэн “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийн гол амин сүнс нь төсвийн тогтвортой байдлыг хангах, валютын ханшийг тогтворжуулах, алт олборлолтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүдээ урагшлуулахад чиглэсэн бөгөөд  энэ эрчимжүүлэлтийн өгөөж их гэх хүн байгаа ч  богино хугацаанд өргөс авсан мэт сайжрахгүй хэмээх шүүмжлэл өрнөж байгаа юм.

    2017 он бол хүндхэн жил тохиож байгаа. Учир нь  580 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийхээс эхлээд жижиг өрүүд ар, араасаа хөвөрч байна. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад 30-40 жилийн хугацаатай бага хүүтэй бонд гаргаж дэд бүтцээ барьж байгуулдаг. Харин манай эрх мэдэлтнүүд  таван жилийн 5.7 хувийн хүүтэй бондоор  зам барьж дэлхийд байгаагүй жишиг тогтоосон. Өөрөөр хэлбэл хөгжилд хаягласан Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын дийлэнх хувийг үхмэл хөрөнгө болох замд зарцуулсны үрийг монголчууд энэ оноос  хүртэж эхэлнэ. Төсвийн жилийн орлого зургаан их наяд төгрөгтэй тэнцэж буй Монгол Улс өрөө хаанаас төлөх вэ гэдэгт  гарц хайж байна. Хамгийн боломжит хувилбар нь Засгийн газар олон улсад төлөх өрөө хойшлуулахаас гадна ОУВС-гийн Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлж зээл авах замаар санхүүгээ сахилга батжуулах хүлээлт үүссэн.

       Манай улс хамгийн сүүлд  буюу 2009 оны дөрөвдүгээр сарын сарын 1-нд зургаан сарын хугацаатай 240.9 сая ам.долларын санхүүжилт бүхий Стэндбай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн түүхтэй. Харин энэ удаад өмнө нь авч  байсан хөрөнгийг 10-20 дахин нэмэгдүүлж байж, эдийн засгаа сэргээх учир ОУВС-гийн шинжээчид зөвхөн Засгийн газрын тайлангаар хэмжилгүй нийгмийн идэвхтэй бүлгээс судалгаа авч, асуудлыг нухацтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Ийнхүү удахгүй эргэн төлөгдөх гадаад өр эдийн засагт хөрвөх чадварын эрсдэл бий болгохоос гадна иргэд, бизнес эрхлэгчдийн итгэлийг бөхөөх хандлагатай байгаа аж. Тодруулбал төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг танаснаар хувийн хэвшлийнхэнд хүнд тусна гэдгийг эдийн засагчид дүгнэлээ. Тиймээс Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ийн 85 хувьд хүрээд буй энэ үед төсвийн тогтвортой байдлыг сэргээж, хэрэглээгээ танаж, ажлын байрыг дэмжих, удаан хугацаанд доод түвшинд байгаа хөрөнгө оруулалтыг тэтгэснээр эдийн засагт түлхэц үзүүлнэ гэдгийг Дэлхийн банкнаас зөвлөж байгаа юм.

ЭНЭ ОНЫ ТӨСӨӨЛӨЛ ЭДИЙН ЗАСГИЙН ТОЛИНД

        Монгол Улс 2017 оны төсвийг батлахдаа 6.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 8.5 их наяд гаруй төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон. Төсвийн алдагдал 2.4 их наяд  төгрөгөөр хэмжигдэж буй бөгөөд энэ нь ДНБ-ийн 9.1 хувьтай тэнцэх аж. Харин 2017 оны Төсвийн тооцооллыг гаргахдаа орлого талд илүү өөдрөг хүлээлт үүсгэсэн нь тасалдах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Түүнчлэн “Нээлттэй нийгэм форум”-ын шинжээчид нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй байх ёстой бол 2017 онд энэ үзүүлэлт 10 хувьд хүрсэн нь эрсдэл дагуулна хэмээн шүүмжилж буй юм. Харин энэ оны төсвийн нэг давуу тал нь өмнөх жилүүдтэй харьцуулбал түүхий эдийн ханшийг олон улсын байгууллагуудын таамаглалаас бууруулан тооцсоноороо онцлогтой. Тодруулбал, Дэлхийн банк зэсийн ханшийг тонн тутамд 4866 ам.доллар, нүүрсийг 51.9 ам.доллараар төсөөлж байгаа бол 2017 оны төсвийн төсөлд зэсийг 4599 ам.доллараар нүүрсийг 44.1 ам.доллараар тооцож баталсан юм. Ингэхдээ экспортын биет хэмжээг хэт өсгөж төлөвлөсөн нь төсвийн орлогыг эрсдэлтэй байдалд хүргэж мэдэх юм гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.

     Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай гэдгийг олон улсын байгууллага, гадны эдийн засагчид хэлсээр ирсэн. Тэгвэл 2014-2015 онд уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналт, экспорт эдийн засагт тодорхой хэмжээний бууралт авчирсан. Харин энэ үед хөдөө аж ахуйн салбар бодит өсөлтөөрөө эдийн засгийг тэтгэснийг тоон үзүүлэлтүүд илэрхийлж байгаа юм. Үүнтэй уялдуулан эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.4 хувьтай байх тооцооллыг Сангийн яамнаас дэвшүүлсэн. Тус яам мал аж ахуйн салбарын өсөлтийг 8.0 хувь байхаар тооцож улмаар хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ 8.1 хувиар өсөх төлвийг гаргасан юм. Мөн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурван үйлдвэр энэ жил дотоодын цементийн хэрэгцээг 100 хувь хангаснаар боловсруулах салбарын үйлдвэрлэлд нэлээн жин дарна гэж үзсэн байна. Түүнчлэн махны экспортын хүрээнд 2017 онд 25-30 мянган тонн мах үйлдвэрлэлд гаргахаар тооцов. Ингэснээр боловсруулах салбарын үйлдвэрлэл 10.4 хувиар өсөх боломжтой гэдгийг Сангийн яамнаас тодотголоо. Мөн зарим эдийн засагчид ДНБ-ийн 9.1 хувийн алдагдалтай төсөв баталсаныг буруутгаж өрхөөр бол олсон орлогоосоо илүү зардал гаргадаг жишиг он дамнах нь гэсэн тайлбарыг хийж буй юм.  2016 онд ДНБ-ийн 20 хувийн алдагдал бүхий төсөвтэй явж ирснээс үүдэн тэд дээрх дүгнэлтийг гаргажээ.

ТӨГРӨГИЙГ 20 ХУВИАР СУЛРУУЛСАН АМ.ДОЛЛАР 2017 ОНД ЯМАР БАЙХ ВЭ

       2016 оны хувьд зах зээл дэх валютын эрэлт төгрөгийг хүчгүйдүүлсэн нь үндэсний үйлдвэрлэлээс илүүтэйгээр импортын хэрэглээтэй  манайх шиг улсад  хүндхэн тусав. Тодруулбал ам.доллар төгрөгийн эсрэг 2700 төгрөг хүртэл чангарч хамгийн дээд  цэгтээ хүрсэн юм. Улирлын шинж чанартай өсдөг ам.долларын ханшийн өсөлтийг ихэнхдээ хөөс байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.  Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дээр монгол төгрөг хамгийн эрчтэй унаж буй валютын тоонд оржээ. Төвбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулснаар төгрөгийн сулрал аажимдаа буурч тогтворжиж байна.

Харин 2017 онд ам долларын ханш ямар байх вэ? гэдэгт  зарим эдийн засагчид нүүрс, зэсийн үнийн өсөлт валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна. Тухайлбал Голомт банкны эдийн засагчдын гаргасан судалгаагаар 2017 онд Монголын эдийн засаг 1.3 хувийн өсөлтэй байх бөгөөд ам.долларын ханш одоогийн түвшинд буюу 2400-2600 төгрөгт хадгалагдана гэж төсөөлжээ. Харин Дэлхийн банкны зүгээс гадаад секторын эрсдэл өндөр валютын нөөц хангалтгүй байгаа өнөөгийн нөхцөлд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэх нь зүйтэй бөгөөд Засгийн газрын хөтөлбөрийг мөнгө хэвлэх байдлаар санхүүжүүлэхээс Төвбанк татгалзах нь зүйтэй. Мөн төгрөгийн ханшийг зах зээлд уян хатан тогтоох зарчмыг мөрдөхдөө валютын нөөцийг хамгаалж, гадаад секторын болзошгүй шокын эсрэг эдийн засагт зах зээлийн зарчмаар нь тохиргоо хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.

 Түүнчлэн гадны хөрөнгө оруулалт татаж валютын нөөцөө нэмэгдүүлэхээр олон санаа уралдуулж буй энэ үед дотоодын хөрөнгөтнүүдийн гадагш гаргасан мөнгийг татах талаар бодлого боловсруулах ёстой гэсэн гаргалгааг зарим эдийн засагчид хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадны банкуудад байршуулсан 2-4 тэрбум ам. долларыг дотоодын банкуудад байршуулснаар ам.долларын хадгаламжийн хүүг бууруулахаас эхлээд эерэг боломжууд эдийн засагт  бий болно гэдгийг тэд хэлж байна.

                  БАЯЛГИЙН САН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТТАЙ ҮЕД ЗӨӨЛӨВЧ БОЛДОГ

Уул уурхайн баялгаараа дэлхийн эхний 10-т жагсдаг Монгол Улс 2011 онд хөрөнгө оруулалтаар түүхэн дээд амжилтыг тогтоосон гэж хэлж болно. Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгалыг хөрсөндөө шингээх гэж  нэлээн тэвдэж байсан сайхан цаг үе цахилаад өнгөрсөн.

“Гэнэт идэх гэдсэнд халтай” гэдэг шиг тухайн үед халамжаар ард түмнээ өлгийдсөнөөс биш Баялгийн санд хуримтлал үүсгэж ирээдүйн эдийн засагтаа хувь нэмэр оруулаагүйн балгыг бид хүртэж сууна гэдгийг эдийн засагчид өгүүлдэг.  Тухайлбал дэлхийд хамгийн их нөөцтэй буюу 800 тэрбум  ам.доллар бүхий хөрөнгөтэй Норвегийн баялгийн сан нефть болон сангийн мөнгөө эргэлдүүлж эдийн засгаа дэмжсээр иржээ. Тус сангийн эргэлтийн хөрөнгийн орлого нь нефтиэс олж байгаа мөнгөнөөс илүү байдаг аж. Ийм сан эдийн засгийн уналттай үед зөөлөвч болдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Гэтэл манайд “Хүний хөгжлийн сан” байгуулсан ч хуримтлалаа хавтгайруулан тарааснаар дуусгавар болсныг хүн бүр шүүмжилдэг.

НҮҮРС, ЗЭСИЙН ҮНЭ БА ЭЕРЭГ ДОХИО

     2012-2015 онд тохиосон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт тахиа жилд эерэг байх төлөвтэй. Учир нь дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, газрын тосны үнэ өсч байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл манай улсын хувьд таатай нөлөө үзүүлнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгтэй байна.

   Манай эдийн засаг дэлхийн зах зээлээс хамааралтай бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан дэд бүтэцдээ хийх нэг триллион ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл  дэлхийн зах зээл дээр түүхий эдийн эрэлт нэмэгдэж үнэ өсөх хүлээлт байна. Мөн  30 жилийн хугацаанд 10 хувийн өсөлттэй явж ирсэн Хятад улсын эдийн засаг 2010 оноос хойш саарч байгаа бөгөөд 2016 оны хувьд 6.7 хувийн өсөлттэй гарсан. Цаашдаа  Хятадын эдийн засгийн өсөлт  буурах хандлагатай байгаа ч тэд саарч байгаа өсөлтөө зүгээр хараад суухгүй гэдэг нь тодорхой юм. Тодруулбал өнгөрсөн жил  Хятад улс 80 сая хүнээ ядуурлаас гаргасан байна. Дотоодын үйлдвэрүүд нь ханачихсан учир гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа аж. Тиймээс АНУ, Хятадын энэ хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлбэл түүхий эдийн үнэд сайнаар нөлөөлнө гэдгийг шинжээчид дүгнэлээ.

    “Манай улсын хувьд хар алтны  салбарын хувьд нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачилга хүчээ авч буйг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш агаарын бохирдол, хөрсний сүйрэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хаах болсон. Олон улсын байгууллагуудын дүгнэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлалтай. Хятадын эдийн засаг саарч буйтай холбоотойгоор 2018 онд нүүрсний үнэ сулрах магадлал өндөр” гэж эдийн засагч Ч.Отгочулуу хэлж байна.

      Нүүрсний үнэ өсч буй сайн мэдээ монголын эдийн засагт жин дарах учир томоохон ордуудаа хөдөлгөж цусны эргэлтэнд оруулах хэрэгтэй болох нь.

      Харин зэсийн хувьд ирэх жилүүдэд үнэ одоогийнхоос өсөхгүй хэвээр хадгалагдана гэсэн төсөөллийг мэргэжилтнүүд хийж байна. 2019 оноос дэлхийн зах зээлд зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давснаар үнэ өсөх магадлалтай байгаа аж. Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын дүгнэлтээр зэсийн үнэ ирэх жилүүдэд 5000 ам. долларт тогтворжих хандлагатай байна. Тиймээс Монгол Улс энэ үед зардлаа бууруулах замаар өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөв. Түүнчлэн манай улсын валютын нөөцийг зузаатгаж байгаа гол хэрэгсэл бол алт юм. Өнгөрөгч он алтны хувьд  ээлтэй жил болсон бөгөөд 2011 оны оргил үедээ хүрээгүй ч чамлахааргүй  өгөөж өгчээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 ам. доллар/ унци  байх төлвөөс үзэхэд Монголын эдийн засагт эерэг дохио авчирах нь ээ.

    Ийнхүү дэлхийн зах зээл дээр уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ өсөлттэй энэ үед дотоод нөөц боломжоо бүрэн ашиглаж, боломжийг алдахгүй байвал хүндэрч буй эдийн засгийн хонгилын үзүүрт гэрэл асна гэсэн сайн дохио бидэнд байна.

Эх сурвэлж: Мontsame.mn

Линк: http://www.montsame.mn/toim/46209


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 22, 2017 10:47:17 pm )

    2018 onoos sorilt duusah uu

antalya rent a car